Газрын хуулиар хэлэлцүүлэг өрнүүлэв

Хуучирсан мэдээ: 2013.04.02-нд нийтлэгдсэн

Газрын хуулиар хэлэлцүүлэг өрнүүлэв

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос  Газрын тухай хуулийн төслөөр хоёр дахь хэлэлцүүлгийг өнөөдөр Төрийн ордноо зохион байгууллаа.  Уг хэлэлцүүлэгт БОХХААБХ-ны дарга Г.Баярсайхан, Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар, УИХ-ын гишүүн Д.Ганбат болон хуульч, судлаач, албаны бусад хүмүүс оролцов.

Хэлэлцүүлэг газрыг эдийн засгийн болон экологийн агуулгаар нь хэрхэн  тодорхойлох вэ гэдэг асуудлаар эхлэв. Газрын хөрс, гадаргууг үндсэндээ газар гэж ойлгодог. Газрыг дан экологи талаас бус эдийн засгийн эрх ашгийн үүднээс тодорхойлох нь илүү ашигтай юм. Гэхдээ газар ашиглах асуудал маргаан  дагуулна.  Хууль зүйн ухааны доктор, профессор О.Амархүү, “ Газар эзэмших, ашиглах хоёр асуудлыг ялгаж, салгах боломжгүй. Газар ашиглах үйл ажиллагаа тухайн газрыг өмчлөгч эсхүл эзэмшигчтэй хийсэн гэрээний үндсэн дээр явагддаг” гэсэн байр суурьтай байгаагаа хэлсэн. Харин МУИС-ийн багш Т.Мягмарцэрэн хуулийн төсөлд заасан газрын тодорхойлолтыг өөрчлөх шаардлагагүй. НҮБ-ын салбар хорооноос гаргасан   олон улсад хэрэглэгддэг газрын тодорхойлолтод ойртсон байгааг тодотгов.

Оролцогчид газрын тодорхойлолт, ашиглалтад хэмжээ, хязгаарыг тогтоох эсэх дээр санал солилцож, газрыг ашиглахад газрын хэвлийн гүн рүү хэдэн метр хүрэх талаар тогтсон хэмжээг хуулинд оруулах шаардлагагүй. Тухайн газарт баригдах барилга, байгууламжийг барих гүнээр тооцож тодорхойлж байх нь зүйтэй гэдэг санал дээр нэгдсэн.

Үүний дараа газар өмчлөх, ашиглах эрхийн талаар ярилцсан юм. Азийн хөгжлийн банкны төслийн ажилтан В.Энхтамир хэлэхдээ, “ Үндсэн хуульд газрын харилцааг газрын тухай хуулиар зохицуулна гэсэн байгаа. Үнэндээ газар эзэмших эрх үндсэн хуулийн статусгүй. Өөрөөр хэлбэл  төрөөс газрыг эзэмшүүлнэ гэсэн концевци байхгүй гэсэн үг. Тиймээс хуулийн төсөлд газар өмчлөх, газрын түрээсийн харилцааг зохицуулах тодорхой шинэ заалт оруулах шаардлага” гэв. ХААИС-ийн багш Ч.Баасанжаргал, “Газар өмчлөлийг  цэгцэнд оруулна гэвэл газар эзэмших эрхээс өвлүүлэх, барьцаалах эрхийг хасах хэрэгтэй. Ингэснээр иргэдэд газар өмчилж авах хүсэл төрж, эзэмшлийн асуудал тодорхой болох давуу талтай” гэдгийг дурьдсан бол МУИС-ийн багш н.Чинбат манай улсын нутаг дэвсгэрийн 30-40 хувь нь уул уурхайн лицензийн газар болсон. Газар ашиглах асуудалтай үүнийг хэрхэн уялдуулах талаар бодлого гаргах нь зүйтэйг тэмдэглэв.  Мөн газар эзэмшүүлэх, ашиглуулах зөвшөөрлийг орон нутгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар шийдэж, Засаг дарга гүйцэтгэдэг болох, тодорхой шалгуурын үндсэн дээр газрыг зориулалтын бус хэлбэрээр үр ашиггүй ашигласан эзэмшигчийн газрыг хураах хүртлэх хариуцлагын арга хэмжээг хуулийн төсөлд тусгахыг уг хэлэлцүүлэгт оролцогчид хэлж байсан юм.

Газрын нэгдмэл сангийн ангилал энэ хэлэлцүүлгийн гурав дахь асуудал байсан. Манай улс 1959 оноос хойш газрын үндсэн зургаан төрлийн ангилалтай явж иржээ. УИХ-аар хэлэлцэгдэж буй Газрын тухай багц хуулийн төсөлд тусгай хэрэгцээний газар болон ашигт малтмал, газрын тос, байгалийн хий ашиглах газрыг үндсэн ангилалд оруулах шаардлага, ач холбогдлын талаар хэлэлцүүллээ. Зарим оролцогчид уул уурхайн зориулалтын газрыг тусад нь ангилах хэрэгтэйг зөв гэж үзэж буйгаа илэрхийлсэн бол дийлэнх хэсэг нь уул уурхай өөрөө онцлогтой. Уурхай гэдэг түр хугацааны асуудал бөгөөд цаашлавал газрын хэвлийг ашиглах асуудал. Газрын хуулиар зохицуулах шаардлагагүй. Харин тухайн газар ашиглалтын өмнө ямар ангилалд байсан ашиглалтын дараа тэр ангилалд хэвээр байх нь илүү нийцтэй гэсэн байр суурьтай байсан.

Харин газрын өмчийн эрхийн харилцаа болон өмчлүүлсэн газрын зохицуулалтыг тусад нь авч үзэх нь зүй гэв. Нэгэнт өмчлүүлсэн газрын харилцааг Монгол Улсын иргэнд өмчлүүлсэн газрын тухай шинэ хууль батлаж зохицуулах нь маргаан үүсэхээс сэргийлнэ гэх санал ч гарч байлаа. Одоогийн хуулийн төслийн хүрээнд  газрыг сертификатаар өмчлүүлэх асуудал яригдах болсон. Гэхдээ нэг хүнд ногдох сертификатын тоог хуульчилах хэрэгтэй. Гэхдээ сертификат дээр газрын суурь үнийг тавих хэрэггүй гэдгийг ч  хэлэх хүн байсан. Түүнчлэн аж ахуйн зориулалттай гэх газрыг тодорхойлох шаардлагагүй, харин усны сан, ойн сан бүхий газрын ашиглалтын талаар нарийн зохицуулалтыг оруулах нь зүйтэй гэдгийг онцлон тэмдэглэв гэж УИХ-ын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж