
“Horeca-2013” буюу зочид буудал, ресторан, зоогийн газрын хангамж, тоног хэрэгслийн үзэсгэлэн дөрөвдүгээр сарын 5-7-ны өдөр “Мишээл” экспо төвд болно. Энэхүү үзэсгэлэнг Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын зочид буудлуудын холбоо хамтран Соёл, спорт, аялал жуулчлалын яамны дэмжлэгтэйгээр зохион байгуулах юм. Зочид буудал, зоогийн газар, катерингийн үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг өргөтгөх, бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг дэмжих, зочлох үйлчилгээний салбарт нэвтэрч буй сүүлийн үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлэх зорилго бүхий үзэсгэлэнгийн гол онцлог нь зочлох үйлчилгээний салбарт өргөн хэрэглэгддэг, импортын барааг орлох чадвартай үндэсний үйлдвэрлэгчийн бүтээгдэхүүнийг түлхүү танилцуулах, хэрэглээнд нэвтрүүлэх явдал юм. Аялал жуулчлалаар дамжиж улсын эдийн засагт ордог орлого импортын бүтээгдэхүүний өндөр хэрэглээгээр дамжин гадагш алдагдах үйл явцыг бууруулахад нэн тустай төдийгүй үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих томоохон ажил болно гэж зохион байгуулагчид үзэж байгаа аж. Үзэсгэлэнд манай улсын нэр хүндтэй зочид буудал, томоохон ресторан, зоогийн газрууд оролцож, төрөл бүрийн мэргэжил, ур чадварын үзүүлбэр, танилцуулга хийж бүтээгдэхүүн үйлчилгээгээ сурталчлах юм байна. Манай улсын аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарын хөгжил ямар шатанд явааг энэхүү үзэсгэлэнгээс харж болох нь ээ.
Д.ЦЭЦЭН