Ерөнхий боловсролын сургуулиудын 6-10-р ангийн сурагчдын дунд зохион байгуулагдаж байгаа “Монгол Вундеркинд-2013” олимпиадын нэгдүгээр шат амжилттай болж өндөрлөжээ. Сурагчдын газарзүйн мэдлэгийг дээшлүүлэх, шинжлэх ухаанч сэтгэлгээг хөгжүүлэх, газарзүйг шимтэн суралцах, олон талт мэдлэг эзэмших хүсэл сонирхлыг дэмжих, байгальд ээлтэй хандлага, зан үйлийг төлөвшүүлэх, байгаль, газарзүйн шинжлэх ухааныг сурталчлан таниулах зорилготой тус олимпиадыг National Geographic Mонгол төсөл, National Geographic Kids Mонгол сэтгүүлээс зохион байгуулж, Боловсрол шинжлэх ухааны яам, Шинжлэх ухааны академийн Газарзүйн хүрээлэн, МУИС-ийн Газарзүй, Геологийн сургууль, Швейцарийн Хөгжлийн Агентлаг, МУИС-ийн Мэдээлэл Технологийн Сургууль болон NTV телевиз дэмжин ажиллаж байгаа аж. Нийт 4 үе шаттайгаар явагдах “Монгол Вундеркинд-2013” олимпиадын нэгдүгээр давааны шалгаруулалтад Улаанбаатар хот, Хөвсгөл, Дундговь, Сэлэнгэ, Дархан-Уул аймгуудаас нийт 354 хүүхэд оролцсон байна. Оролцогчид англи, монгол хэл дээр бичгийн шалгалт өгсөн бөгөөд эхний байрыг эзэлсэн 100 хүүхэд дөрөвдүгээр сарын 14-д болох дараагийн шатанд өрсөлдөхөөр шалгарч үлджээ.
Олимпиадын хоёрдугаар шатанд мөн л англи, монгол хэл дээрх бичгийн шалгалт байх ба 50 хүүхдийг шалгаруулах аж. Харин сүүлийн 2 шатыг телевизийн уралдаант нэвтрүүлэг хэлбэрээр олон нийтэд үзүүлэх юм байна. Ингэхдээ шилдгийн шилдэг 3 сурагчийг тодруулж, ирэх долдугаар сард ОХУ-ын Санкт-Петербург хотноо болох дэлхийн газарзүйн аварга шалгаруулах “The National Geographic World Championship” уралдаанд эх орноо төлөөлөх баг болгон оролцуулах юм байна. “Монгол Вундеркинд” газарзүйн олимпиад цаашид хоёр жил тутамд зохион байгуулагдах аж.
Г.ДАРЬ