Хуучирсан мэдээ: 2013.04.02-нд нийтлэгдсэн

Пап & Хамба

Энэ зууны ариун явдал өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт тохиов. Гэхдээ Монголын биш л дээ, бүр дэлхий дахины. Ариун явдал бүхэн зууных байдаггүй байх л даа. Гэхдээ энэ удаагийнхыг тэгж хэлэхэд болох байх. Саяхан тодорсон Ромын пап лам шоронд очиж хоригдлуудын хөлийг угааж өгч, арчиж, үнсч үлгэж бөөн дуулиан тарив. Шашны ёсонд ийм үйл байдаг юм байх. Пап лам Франсис өнгөрөгч долоо хоногийн пүрэв гарагт католик шашинтай ядууст туслах баярын өдрөөр Ромын нэгэн хорих ангид зочилж, хоригдлуудын хөлийг угааж, бүр үнсч таалсан нь олныг гайхшруулав. Бүр арваад хоригдлын хөлийг өөрийн гараар угааж өгч, даавуун алчуураар арчсаныхаа дараа үнсч байгаа зураг “нэт”-ээр тарав. Пап ламаар хөлөө угаалгачихдаг азтай л хоригдлууд юм даа. Нэг хоёр нь угаалгаад больчихож болно доо, бүр арав хориулаа угаалгасан байгаа юм. Тэгэхэд бидний дунд аав ээжийнхээ хөлийг угааж, арчиж, үнсч чадсан нь хэд байгаа бол. Ромын шинэ пап жинхэнэ сүсэгтнүүдийн тэргүүн мөн ажээ. Хэн ч биш, хоригдол ялтны хөлийг угааж, арчиж, үнсч байдаг. Католик шашинтнуудын уламжлалт зан заншлын нэг нь энэ боловч урьд хожид үзэгдэж дуулдаагүй болохоор хүн амьтны нүд орой дээрээ гарах нь арга ч үгүй. Хоригдлуудын дунд байсан мусульман шашинтай хоёр эмэгтэй ялтан пап ламын энэ үйлдлийг хараад хөшиж орхисон юм байх. Пап лам бүр “Дахин хөлөө угаалгах хүсэлтэй хүн байна уу. Би үнэхээр чин сэтгэлээсээ үүнийг хийхийг хүссэн” хэмээн хэлсэн байгаа юм. Энэ агуу сэтгэл биш гэж үү. Ромын пап хоригдлуудын хөлийг угааж, үнссэн тэр өдөр дэлхийн од Леди Гага 27 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэж, манай урлаг соёлынхон шоронд очиж хип хоп дуучин Бааварыг эргэв. Бас УИХ-ын дарга З.Энхболд Канадын Ванкуверийн дэлхийд алдартай компанид зочилж, энүүгээр зарим нэг гишүүд хуулийн төсөл санаачилснаа спикерийн орлогчид өргөн барьж байв. Нэг үгээр хэлбэл, Ромын пап дэлхийд ийм шуугиан тарьж байхтай зэрэгцээд монголчуудын хувьд танил дотно ийм л мэдээ түгж байлаа.
Ватиканд ямар нэгэн сонгууль болох гээгүй нь лавтай. Хэн нэгэнд нэр нүүр олъё гэсэндээ ингэж хүний хиртэй хөлийг угааж, арчиж үнсэнэ гэж үү. Манай улстөрчид дөрвөн жилд болдог ганц удаагийн сонгуулиар гэрийнх нь гаднаас хашгирчихаад л явна уу гэхээс гэр хорооллын айлд орж, хонож өнжиж чаддаг бил үү. Юун хөлийг нь угааж, үнсэхтэй манатай. Тэгвэл ёстой жинхэнэ “онигоо” болно гэнэ. Үнэн сэтгэлээсээ тийм буян үйлдлээ ч, худлаа жүжиглэж байгаа юм цаадах чинь гэнэ. Монголчууд ч бас шашин шүтлэгтэй ард түмэн. Равнайлсан, ариулсныг нь мэдэхгүй танихгүй зурмал бурхны хөргөнд духаа цоортол мөргөж, эд идээнийхээ дээжийг өргөөд л байдаг, сүсэглээд л байдаг.  Эргээд ямар хариу ирдгийг нь харин хэн ч үл мэднэ. Мэдэхийг ч хүсэхгүй. Сүсэг бишрэлд хүлэгдчихээд тийм зүйл бодохтой манатай. Шашны тэргүүн, хамба энэ тэр гэж өргөмжлөгдсөн том том хүмүүс зөндөө. Хамба нэртэй шашны тэргүүнүүд хэд хэд бий. Харин хэнийг нь ч хориход очиж ялтны хөлийг угааж өгөх нь бүү хэл, асрамжийн газарт “нүд аньсан” хөгшний хойдохыг нь сайн дураараа очиж уншлаа гэж сонсоогүй юм байна. Харж хандах хүнгүй хэн нэгэнд буян болж гэж дуулаагүй юм байна. Алдас болох вий дээ. Шашны тэргүүн гэж ийм л агуу сэтгэлтэй, өгөөмөр нинжин байх ёстой юм байна. Өөрийн эрхгүй олны хайр хүндлэлийг төрүүлсэн энэ үйлдэл дэлхийн олон сая католикчуудад таалагдсан төдийгүй олон улсад шуугиан дуулиан тарилаа. Ромын пап лам анх­наасаа хэлсэн үгэндээ эзэн болж байгаа нь сүсэгтнүүдэд таалагдаж эхэлсэн юм. Сонгогдсоныхоо дараа “Урьдын хамбуудаас илүү даруу байх болно” гэж мэдэгдсэн. Түүнийг ширээнд залах ёслол, түүнд өгсөн мөнгөн бөгж зэрэг нь урьд өмнө байгаагүйгээр даруухан байсан гэдгийг дэлхийн хэвлэлүүд бичиж байлаа. Ухаант хүний сэтгэл нь хүртэл уужуу байдаг гэдэг энэ ажээ. Харин манай хамбууд ямар билээ.

"Пап лам бүр “Дахин хөлөө угаалгах хүсэлтэй хүн байна уу. Би үнэхээр чин сэтгэлээсээ үүнийг хийхийг хүссэн” хэмээн хэлсэн байгаа юм"

 

Б.ОЮУНГЭРЭЛ

Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж