
Тухайлбал, Засгийн газрын хуралдаанаас арав гаруй хоногийн өмнө “100 мянган айл орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд 300 тэрбум төгрөгийн бонд гаргахаар шийдвэрлэсэн нь банкуудын шуналыг хөдөлгөж эхэлсэн сурагтай. Хүсэл сонирхлоо гүйцэлдүүлэхийн тулд Засгийн газрын гишүүдийг хатгасан юмдаг уу даа. Өнөөдүүл нь ч яасан амархан лоббид нь хөтлөгддөг юм, арилжааны банкуудаар дамжуулж, орон сууцны зээлийг иргэдэд олгохоор тохиролцсон гэх. Одоогийн байдлаар арилжааны банкуудаас олгож буй орон сууцны зээлийн жилийн хүү 12 хувиас дээш байгаа юм. Засгийн газар орон сууцны зээлийн хүүг зургаан хувь руу буулгах шийдвэр гаргасан тул, хэлсэн амандаа хүрэхийн тулд иргэдэд олгохдоо энэ хэмжээнээс хэтрүүлж болохгүй гэсэн нөхцлийг арилжааны банкуудад тавьж болох ч, эргээд зөрүүг нь олгохоор асар их мөнгө төлөх болж байгаа аж. Өөрөөр хэлбэл, ОССК-иар дамжуулан зээл олгосон тохиолдолд жилдээ хоёр хувийн зөрүүг төр даах байсан бол арилжааны банкаар дамжуулсан нөхцөлд дор хаяж зургаан хувийн хүүг зөрүүнд нь өгч, арилжааны банкуудыг тэтгэх арга хэмжээ болж хувирах аж.
Бас нэг мэдээлэл байгаа нь Монголын Ипотекийн корпорацийн зүгээс “100 мянган айл орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэх сонирхлоо арилжааны банкуудтай хамтран илэрхийлсэн гэх. Тус корпорацийн хувьд арилжааны банкуудын хувь нийлүүлсэн хөрөнгөөр байгуулагдсан тул ОССК-ийг татан буулгасан нөхцөлд үйл ажиллагааг нь Монголын Ипотекийн корпораци үргэлжлүүлж магадгүй гэх мэдээлэл бас байгаа юм. Харин УИХ-ын гишүүдийн хувьд “ОССК-ийг татан буулгахыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэрвээ орон сууцны зээлийг арилжааны банкаар дамжуулах л юм бол, төрөөс гаргасан 300 тэрбум төгрөгийн бонд салхинд хийсэн алга болно. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын бондоор дамжуулж иргэдийг урт хугацааны орон сууцтай болгох нэрийн дор арилжааны бануудыг 20 жил хүүгийн зөрүүгээр төр тэжээх арга хэрэгсэл болж хувирах тул ийм төлөвлөгөө УИХ-д орж ирсэн тохиолдолд дэмжихгүй хэмээн гэдийж байна. Гэхдээ Засгийн газраас оруулж ирсэн төсөл, хөтөлбөрийг УИХ-ын гишүүд аман дээрээ зад шүүмжилдэг ч ихэнх тохиолдолд гар өргөн дэмжчихдэг тул, ОССК-ийг татан буулгах төлөвлөгөө хэрэгжих боломж өндөр гэх мэдээлэл хүчээ авч эхлэв. Үйл явдал хэрхэн өрнөхийг л харж л суухаас даа.
Уг нь татан буулгуулахдаа тулаад буй ОССК-нь нэг жилийн хугацаанд 3000 шахам төрийн албан хаагчдыг орон сууцтай болгож, буян үйлдсэн. Тиймээс олон нийт ам сайтай байгаа ОССК-ийг татан буулгах дээрээ тулбал, иргэд эсэргүүцэн дургүйцэх магадлалтай.
Арилжааны банкууд тэгвэл арав орчим жилийн хугацаанд 2000 хүрэхтэй үгүйтэй иргэдийг орон сууцтай болгосон. Зээлийн хүү нь хэд гээч, эхэндээ 24 хувь байсан одоо харин буугаад сарынх нь хүү 1.1 хувиар хэмжигдэж байна. ОССК-ийн орон сууцны зээлийн хүү жилийнх нь зургаан хувь. Том зөрүү байгаа биз.
Г.Дарь