
Өндөр дээд албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгийг өмнөх 2009 оныхтой харьцуулж харахад багагүй өөрчлөлт оржээ. Юуны өмнө төрийн гурван өндөрлөгийн бэл бэнчин рүү “өнгийж” харвал Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга хоёр хувийн унаагүй болж, өмнө хойноо хамгаалалттай албаны тэргээрээ хөл залгуулдаг болсон юм байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн орлого 2009 онд 39,4 сая төгрөг байсан бол 2010 онд 57 сая төгрөг болсон нь өнгөрсөн жилээс 18 саяар өсчээ. “Лексус 470” машин нь байхгүй болсныг дээр дурдсан. Бод, бог нийлсэн 250-иад толгой мал нь жилийн дотор 95 болж цөөрчээ. 144,9 сая төгрөгийн хадгаламж нь 32,3 сая болж буурсан байна. Газар эзэмшээгүй ч уран зургийн том цуглуулгатай гэдгээ мэдэгджээ.
УИХ-ын дарга Д.Дэмбэрэл 12,8 сая төгрөгийн орлоготой байсан бол жилийн дараа 18,8 сая болж зургаан саяар өссөн дүн мэдүүлжээ. Харин “Мазда 626” машинаа бэлэглэсэн үү, зарсан уу, нэг тийш болгосон бололтой. Бод, бог нийлсэн 45 толгой мал нь 60 гаруй болж үржжээ. Газар эзэмших нэг эрхээ хоёр болгосон байна. Ерөнхий сайд С.Батболдын орлого түрүүчийн жилийнхээсээ 55 сая төгрөгөөр өсч “Ренж ровер”, “Мерседес бенз” хоёр машинаа хэвээр хэрэглэж байгаа аж. Засгийн газрын Тэргүүн шадар сайд Н.Алтанхуягийн орлого өмнөх жилийнхээс нэлээд багасч 254 саяас 108 сая төгрөг дээр буужээ. Бусад талаар онцын өөрчлөлтгүй байна. Шадар сайд М.Энхболдын өмнөх орлого 36,9 сая төгрөг байсан бол 2010 онд 37,6, сая болж бараг хөдөлсөнгүй. Унага сайн бойжуулсан бололтой, 132 толгой байсан адуу нь 160 болж үржжээ.
Хөрөнгийн үзүүлэлт нь хамгийн том “хөдөлсөн хүн бол УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Дашзэвэгийн Зоригт юм. Түүний орлого 2009 онд 26,9 тэрбум төгрөг байжээ. “Сансрын геологи хайгуул”, “Орхонбулаг”, “Орхон хөгжил” гээд нийт 18 компанийн хувьцаа эзэмшиж байсан байна. Харин 2010 оны хөрөнгө орлогын мэдүүлгээр түүний орлого 1,2 тэрбум төгрөг болтлоо эрс буурсан аж. Өмнөх жилийнхтэй харьцуулахад “Сансрын геологи хайгуул”, “Скайнэтворж”, “Зэтсервис” гэсэн гурван компанийн хувьцааг эзэмшихээ больсон харагдана. Энэ өөрчлөлтөөс болж түүний орлого эрс буурсан байж мэднэ. Түүний амидаа УИХ-ын гишүүн, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтын орлого өмнө нь 9,5 сая төгрөг байсан бол одоо 10 сая болж бараг нэмэгдсэнгүй. Хурдан удмын ганц морьтой, тэр нь ч хэвээрээ.
Харин УИХ-ын хамгийн баян гишүүн Б.Чойжилсүрэн ажээ. Увс аймгаас сонгогдсон тэрбээр 2009 онд дөрвөн тэрбум 55 сая төгрөгийн орлоготой байсан бол 2010 онд дөрвөн тэрбум 16 сая төгрөгөөр бас л толгой цохиж явна. Орлого нь 39 сая төгрөгөөр хасагдсан ч түүний өмнө хөрөнгөөрөө гишгэх хүн алга. “Хурд-хүнс”, “Хурд-авто”, “Хурд-групп”, “Рапид харш”, “Хаус инвест”, “Талын шонхор”, “Сауд гоби коэл транс”, “Сауд гоби блейк гоулд”, “Апартмент кей эйч” компаниудын хувьцааг 100 хувь эзэмшдэг нь түүний орлогын гол эх үүсвэр юм байна. С.Баяр гишүүний орлого 2009 онд 2008 оныхоос 24 хувь өссөн гэсэн дуулиан дэгдэж байсан. Энэ удаа 109,1 сая төгрөгийн орлого нь 117,3 сая хүрч өсч, Сангийн сайд С.Баярцогтын 661,9 сая төгрөгийн орлого 567 сая болж буурчээ.
Эрхэм гишүүд дотор мянгат малчин хэд хэд байна. Гишүүн Д.Балдан-Очир 2800 толгой богтой бол Б.Бат-Эрдэнэ 2200 бог, 300 шахам бод, Д.Кёкүшюзан Батбаяр 1000 хонь, 95 ямаа, 425 үхэр тоолуулж малаараа манлайлжээ. Олон цөөн гэхээс адуугүй гишүүн бараг алга. Дор хаяж хурдалдаг ганц азаргатай гэж байгаа.
Уг нь эрхэм гишүүн Батж.Батбаяр уран зургийн нандин цуглуулгатай. Түүнийгээ хүүхдүүддээ шилжүүлсэн байж магадгүй. Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тусгаагүй байна. Хамгийн олон компанийн хувьцаа эзэмшич нь эрхэм гишүүн Д.Кёкүшюзан Батбаяр. Тэрбээр нийт 20 компанийн хувьцааны 25-100 хувийг эзэмшдэг. Тэдгээрээс “Кёкүшюзан хөгжил сан”, “Оллоо такси”, “Юнайтед Ойлшелл” зэрэг компани 100 хувь мэдэлд нь байдаг аж. Бас үр тариа, үйлдвэрлэл, аж ахуйн зориулалтын гурван газартай. Өнгөрсөн жил тэрбээр гишүүд дотроос хамгийн их бэлэг авчээ. Мөнгөлсөн гартааман аяга, шүрэн хөөрөг, хаш хөөрөг, нэгийн зэрэг хурдан морь зэргийг сумо дэмжигч найз нөхөд, Б.Баттүвшин, Б.Билэгдэмбэрэл гээд найз нар нь Кёкүшюзанд бэлэглэжээ. Нийт үнэлгээ нь 70 сая төгрөг болж буй. Харин 372,1 сая төгрөгийн орлогоороо тэрбээр “ангийн” нөхдийнхөө дунд хавьд явж байна.
Бусад хүмүүсийн авсан бэлгийг сонирхвол Э.Бат-Үүл гишүүнд Сэлэнгэ аймгийн нутгийн захиргаа, улс төрийн намуудын салбараас 10 сая төгрөг бэлэглэжээ. Г.Занданшатар гишүүнд сонгогдсон тойрог Баянхонгор аймгийн Жинст сумын малчин Б.Шаарийхүү нэг адуу, Баянлиг сумын малчин, Хөдөлмөрийн баатар Д.Сугар-Очир нэг тэмээ зүслүүлж өгсөн бол Д.Загджав гишүүнд төрсөн хүү З.Соёмбо нь орон сууц, төрсөн дүү Д.Загд-Очир нь Лексус-460 машин бэлэглэсэн нь 500 сая төгрөгөөр үнэлэгджээ. Ч.Улаан гишүүн хоёр морь, унагатай гүү, азарга тус бүр нэгийг бэлгэнд авсан нь хоёр сая төгрөгийн үнэтэй. Б.Чойжилсүрэн гишүүнд Увсын иргэд гурван мөнгөн аяга, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаярт хамт олноос нь есөн мөнгөн аяга бэлэглэсэн байна.
Өндөр албан тушаалтнууд дунд зээлтэй хүмүүс ч байна. Р.Амаржаргал гишүүн Худалдаа хөгжлийн банкнаас 74,7 сая төгрөг зээлжээ. Батж.Батбаяр гишүүн Голомт банкнаас 300 сая төгрөг, Х.Бадамсүрэн гишүүн ХААН банкнаас 200 сая төгрөг, С.Бямбацогт гишүүн “Ньюпрогресс групп” ХХК-иас 65,3 сая төгрөг, Р.Гончигдорж гишүүн хувь хүнээс 11,2 сая төгрөг, Ц.Даваасүрэн гишүүн Зоос, Төрийн банкнаас 147 сая төгрөг, Х.Тэмүүжин гишүүн иргэн Ж.Жаргалсайханаас 20 сая төгрөг, Д.Хаянхирваа гишүүн Төрийн банкнаас 25,1 сая төгрөг, З.Энхболд гишүүн төрийн сургалтын сангаас 44 сая төгрөг гэх зэргээр зээлсэн байна.
Хамгийн бага орлоготой эрхмүүдийн тоонд есөн саяын орлоготой УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, гишүүн Э.Мөнх-Очир, 10 сая төгрөгийн орлоготой П.Алтангэрэл, Ц.Батбаяр, Ц.Мөнх-Оргил гишүүн, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, гишүүн Ж.Сүхбаатар, О.Чулуунбат, Ө.Энхтүвшин, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар нар багтжээ.
Баригдах, хоригдохдоо тулсан АТГ-ын дарга Ч.Сангарагчаа 24 сая, дэд дарга Д.Сундуйсүрэн 21 сая төгрөгийн орлого мэдүүлжээ. Түүнээс илүү арвитай хөрөнгө мэдүүлсэнгүй.
Өндөр албаны эрхмүүдийн өөрийн гараар бичиж мэдүүлсэн хөрөнгийн байдлаас товч тоймлоход ийм байна.
Д.ОЮУНЦЭЦЭГ