Уурхайчдад нөхөн олговор олгоно

Хуучирсан мэдээ: 2011.04.14-нд нийтлэгдсэн

Уурхайчдад нөхөн олговор олгоно

Уурхайчдад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний нөхөн олговор олгох шийдвэрийг өчигдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан юм. Энэ талаар Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Гандигаас дараах тодруулгыг хийлээ.

-Уурхайчдад нөхөн олго­вор олгох тухай асуудлыг шийд­вэрлэлээ гэсэн мэдээлэл байна. Энэ тухай тодорхой мэдээлэл өгөхгүй юу?
-Засгийн газрын хуралдаанаас нийгмийн хамгааллын салбартай холбоотой гурван чухал шийдвэрийг гаргалаа. Нэгдүгээрт, Монгол Улсын Ерөнхий сайд,  Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үндэсний хорооны даргаас өгсөн зөвлөмжийн дагуу манай яам тооцоо судалгаа хийсний үндсэн дээр уурхайчдад нөхөн олговор ол­гох тухай асуудлыг оруулж шийд­вэрлүүллээ. Нэг уурхайчинд хөдөл­мөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэм­жээний буюу 280400 төгрөгийн нө­хөн олговор олгохоор болж байна. Нийтдээ 1700 гаруй уурхайчинд 253 сая төгрөгийн нөхөн олговор олгоно. Үүнд Налайхын нүүрсний уурхай, мөн Налайх дахь шилний үйлдвэр, Бор-Өндөрийн уурхай, Хэнтий айм­гийн Бэрхийн уурхай, Булган аймгийн Сайхан-Овоон уурхайд ажиллаж байсан иргэддээ нөхөн олговор олгоё гэж шийдвэрлэсэн. Удахгүй журам гаргаж, нөхөн олговрыг уурхайчдад хүргэнэ.
-Хоёрдахь чухал асуудал нь?
-БНСУ-д Монгол Улсын Ерөнхий сайд айлч­лал хийсэн. Дараа нь Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд БНСУ-ын Хөдөл­­мөрийн сайдтай харилцан ойлголц­лын санамж бичигт гарын үсэг зурж, тус улсад ажиллаж, амьдарч буй монгол иргэдийнхээ нийгмийн асуудлыг нухацтай ярилцсан. Үүнд Өмнөд Солонгост хараар амьдарч байгаа, гэрээгээр ажиллаж байгаа монгол иргэддээ хууль эрх зүйн зөвлөгөө өгөх, солонгос иргэдтэй гэр бүл болсон монгол эмэгтэйчүүддээ хүний эрхийн чиглэлээр дэмжлэг үзүүлэх, хуульчид ажиллуулах, гэрээ­гээр ажиллаж байгаа иргэддээ тодорхой хэмжээний ажлын байр олгох, цалин, хөлс, баяр амралтын цаг, нэмэгдэл хөлсний асуудалд иргэнийхээ эрхийг хамгаалах асууд­лаар Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам тодор­хой хэмжээнд үйл ажиллагаа явуулах тухай санамж бичиг байгуулсан.  Энэ хүрээнд БНСУ дахь монгол иргэддээ үйлчлэх төрийн нэг цэ­гийн үйлчилгээг байгуулахаар боллоо. Нэг цэгийн үйлчилгээг бай­гуулснаар Солонгос иргэдтэй гэр бүл болсон эмэгтэйчүүд, солонгос монгол иргэдийн дундаас гарсан хүүхдийн харьяаллын асуудал, өмчийн маргаан, хүн худалдаалах хэлбэр, хүнд хөдөлмөр, гэр бүлийн хүчирхийллийн асуудлуудад аль болох зөвлөгөө туслалцаа үзүүлэхэд чиглэж байгаа юм. Хууль бусаар болон гэрээгээр ажиллаж байгаа иргэдэд аль алинд нь үйлчлэх нэг цэгийн үйлчилгээ гэж ойлгож болох юм.
-Ажиллах хүчнээр бүртгүүлэх шатанд авдаг төлбөр хураамжийг цуцлаж магадгүй нь гэсэн яриа байсан. Үүнийг шийдвэрлэж чадсан уу?
-Гурав дахь том шийдвэр нь энэ юм. Монгол Улсаас БНСУ руу илгээж байгаа ажиллах хүчнийг шалгаруулж авахын тулд жил бүр 14-15 мянган иргэн бүртгэдэг. Үүнээс 2000 гаруй хүнийг л  шалгаруулж, БНСУ руу ажиллах хүчнээр илгээдэг. Ингэж шалгаруулахын тулд эхлээд бүртгэл нэрээр хүн  бүрээс хураамж авдаг байсан. Дараа жил нь бүртгэл дахин эхлэхэд тэнцээгүй иргэд маань дахиад л мөнгө төлөөд бүртгүүлдэг. Энэ байдлыг таслан зогсоолоо.
-Одоо тэгэхээр аль байгуул­лага хариуцаж, энэ ажлыг гүй­цэтгэх юм бэ. Иргэдийн хувьд БНСУ-д ажиллах сонирхол хэвээр л байгаа шүү дээ?
-Нийгмийн хамгаалал, хөдөл­мөрийн яамны харьяа төрийн үйл­чил­гээний байгууллагаар гүйцэт­гүүлэхээр болж, тогтоол гаргасан. Мөн дээр дурдсан нэг цэгийн үйлчилгээг ч манай яам хариуцаж, ажиллахаар Засгийн газрын хурал­даанаас тогтоол гаргалаа. Зөвхөн тогтоол гаргаад зогсохгүйгээр энэ бүх ажлыг ширхэгчлэн нягт нямбай богино хугацаанд хийж гүйцэтгэх ажил манай яаманд ногдож байна.

 Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж