Улаанбаатар-Сингапурын шууд нислэгийн талаар ярилцав

Хуучирсан мэдээ: 2013.04.02-нд нийтлэгдсэн

Улаанбаатар-Сингапурын шууд нислэгийн талаар ярилцав

Зам тээврийн яам, Иргэний нисэхийн ерөнхий газрын урилгаар Монгол улсад ажлын айлчлал хийж буй Сингапурын “Changi” олон улсын нисэх буудлын удирдлага ноён W.W.Liong, тэргүүн дэд ерөнхийлөгч L.C.Kiat нар нийслэлийн Аялал, жуулчлалын газарт зочилжээ. Монгол-Сингапурын хооронд жуулчны урсгал бий болгох, цаашилбал Сингапур-Улаанбаатарын хооронд шууд нислэг нээж Төв Ази, Алс Дорнод, Сибирийн бүс нутгийн зорчигч урсгалыг татах боломжийн талаар санал солилцлоо.

Одоогоор хоёр улсын хооронд жилдээ 8000 орчим иргэд харилцан зорчиж байгаа бөгөөд шууд нислэг нээсэн тохиолдолд энэ тоо эрс нэмэгдэхээс гадна Зүүн Өмнөд Ази, Австралийн бүс нутгаас Монголд ирэх жуулчдад шинэ гарц, дамжин өнгөрөх дөт зам бий болох юм. Сингапурын “Changi” олон улсын нисэх буудал нь 2012 оны Ази-Номхон далайн  бүсийн “Шилдэг маркетинг”-тай нисэх буудлаар шалгарсан, нэр хүндтэй нисэх буудлуудын нэг юм. Тус буудлаас долоо хоногт 109 агаарын тээврийн компани дэлхийн 61 орны  235 хот руу 6478 нислэг хийдэг бөгөөд жилд 52 сая гаруй зорчигч хүлээн авдаг байна. Дэлхийн хамгийн том буудлын нэг “Changi” нисэх буудал Улаанбаатар хотын аялал жуулчлалын сурталчилгаа, маркетинг явуулах тал хамтран ажиллахаар болсон нь манай хотын хувьд бас нэгэн боломж гэж хэлж болно.

Д.ЦЭЭНЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж