УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар өчигдөр шүүхийн танхимд суулаа. Түүнийг өнгөрсөн сонгуулийн үеэр хууль зөрчсөн эсэхийг нь ийнхүү шүүх хурлаар хэлэлцэн шийдвэрлэсэн юм. Ямартай ч Ч.Хүрэлбаатар Увс аймагт нэр дэвшсэн Б.Чойжилсүрэнгийн хамт намаа бас өөрсдийгөө аварч үлдэж чадлаа. Дээд шүүхээс ийнхүү тэднийг УИХ-ын гишүүний үүргээ ирэх дөрвөн жилд биелүүлж болно гэж үзэв. Хэрэв түүнийг хууль зөрчсөн гэж үзвэл Ардчилсан намын гишүүд парламентад тухлах байсан. Иймээс Ч.Хүрэлбаатарыг намаа хамгаалж, бамбай нь болж үлдсэн гэж хэлж болохоор юм. Парламентад хоёр дахь удаагаа төрийн түшээгээр сонгогдож байгаа Ч.Хүрэлбаатар асуудлыг шүүхийн танхимд суун ярьж байгаадаа харамсав. Өөрийгөө шүүх хурлын танхимд суух ёсгүй хүн гэдгээ ч хэлсэн юм. Ямартай ч тэр айдгаа авдартаа хийв бололтой. Хууль зөрчөөгүйгээ хуулиар баталгаажуулсан учир санаа зовох шаардлагагүй болсон биз ээ.
Ц.ЭНХЦЭЦЭГ
Ч.Хүрэлбаатар өнгөрсөн парламентад Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан. Тэгэхдээ албан тушаалтныг ажлаас нь халуулна хэмээн хээв нэг хэлчихэж байсан улстөрч. Наанаа олон юм ярьж, улстөрждөггүй юм шиг хэрнээ хааяа нэг үг унагахдаа хатуу үг хэлчихдэг хэмээн түүнийг мэддэг нэгэн нь хэлдэг. Ардын намынхан сөрөг хүчин болсон хүнд хэцүү цагт Увсын тойргийн суудлыг алдахгүй гэсэн зорилгодоо ийнхүү хүрэв. УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн Ч.Хүрэлбаатарыг “хөлдөө чирсэн” хэмээн бичиж байсан. Харин тэрбээр эр хүний зан гарган “Түүний тухай мууг хэлэхгүй” хэмээн “Ямар ч байсан хамтдаа ялна” гэж дотроо бодсон болов уу.
Ц.ЭНХЦЭЦЭГ
Зохиогчийн эрх: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин