News.mn уламжлалт 76:1 булангийн өнөөдрийн зочин Ж.Батзандан. Тэрээр 1982-1992 онд Сүхбаатар аймгийн 10 жилийн сургууль, 1992-1993 онд МУИС-ын Хууль зүйн сургууль, 1993-1994 онд Унгар улсын Будапешт хотын хэлний бэлтгэлийн дээд сургууль, 1994-1999 онд Унгар улсын Мищкольцийн их сургуулийг улс төр судлал, эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн. Тэрбээр 1999-2004 онд Унгар улсын их сургуульд судлаач багш, 2004-2006 онд Их засаг их сургуульд эрдэмтэн багш, эрдмийн зөвлөлийн гишүүн, 2006-2008 онд Иргэний хөдөлгөөний тэргүүн, 2006-2010 онд Иргэний хөдөлгөөний намын дарга, 2010-2012 онд Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн гишүүн, 2011-2012 онд *Эрдэнэс Таван толгой* ХК-ий Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажиллаж ирсэн. 2012 оны Улсын Их Хурлын зургаа дахь удаагийн сонгуулиар Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байна. Хууль зүйн ухааны доктор. 2012 оноос УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа юм .
Ж.Батзандан нь Сүхбаатар аймгийн төв Баруун-Урт хотод төрсөн. Есүүлээ, дээрээ долоон ах, нэг эгчтэй өнөр өтгөн айлын отгон хүүхэд. Түүний аав Ц.Жалбасүрэн 1964 онд Сүхбаатар аймгийн прокуророор томилогдож, энэ албыг тасралтгүй 20 жил хашсан. Нутаг усныхандаа "Жалбаа прокурор" гэж хүндлэгдсэн, шулуун шударга хүн байсан гэнэ. Ээж Д.Дуламрагчаа нь аймгийн ахуй үйлчилгээний газарт туслах ажилтан, оёдолчин хийж байлаа. Төлөвлөгөөт эдийн засгийн үед норм төлөвлөгөөгөө биелүүлэх, дээр нь олон тэрсхэн банди нарыг өсгөж, хүмүүжүүлнэ гэдэг амар алба биш. Ингээд Ж.Батзандан нь 1982-1992 онд Баруун-Урт хотын I дүгээр 10 жилийн сургуульд суралцаж, бүрэн дунд боловсрол эзэмшиж, аравдугаар ангиа төгсөөд уралдаант шалгалтад орж тэнцээд аавынхаа хуульчийн мэргэжлийг өвлөж эзэмшихээр МУИС-ийн Хууль зvйн дээд сургуулийн оюутан боллоо. Нэгдүгээр дамжаагаа төгсөх үед гадаадын их, дээд сургуульд суралцах боломж гарч. Энэ шалгалтаа амжилттай өгснөөр Унгар улсад хуульчийн мэргэжлээрээ үргэлжлүүлэн суралцах боломж нээгдэж. 1993-1999 онд тус улсын Мишкольц хотын Их сургуульд суралцан, хууль зүйн ухааны магистр, улс төрийн ухааны бакалаврын зэрэгтэй төгсөж, сургуулиас нь докторантураар үргэлжлүүлэн сурах урилга өгсөн учраас дахин дөрвөн жил суралцаж, 2003 онд хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан байна. Энэ үед гэр бүлийнхээ хүнтэй танилцсан нь эмч мэргэжилтэй, ирээдүйн хүүхдүүдийнх нь ээж Ч.Дэлгэрмаа байв. Сургууль төгссөний дараа Унгарын их сургуульд багшлах, АНУ-ын хуулийн компанид ажиллах санал ирж байсан ч Европт 10 гаруй жил суралцсан нь хангалттай гэж шийдэж 2004 онд Монголдоо ажиллахаар ирж. Энэ үед түүний нүдэнд “баялгийн шударга хуваарилалт алдагдаж, баян хоосны ялгаа илт гарч, сонгуулийн үр дүн будлиантан, улс төрийн намуудын хуйвалдаан даамжирсан” гэх дүр зураг харагдаж байсан гэдэг.
Ингээд л тэрээр тэрбээр “Эх орноо эрүүлжүүлэхийн тулд иргэний хөдөлгөөн байгуулъя” гэдэг нийтлэл бичиж интернэт, вэб сайтуудаар цацаж, "Эрүүл нийгэм-Иргэний хөдөлгөөн"-ийг 2005 онд байгуулалцаж. Ажлын гараагаа авлигын эсрэг, иргэд, олон түмний төлөөх гэсэн тэмцлээр эхэлсэн байна.
Анхны жагсаал, цуглаанаа 2005 оны хоёрдугаар сарын 3-ны өдөр хийхээр боллоо. Үүнээс өмнө хөдөлгөөнөө байгуулж О.Магнайг хөдөлгөөний ерөнхий зохицуулагч болгож, Ж.Батзандан хөдөлгөөнөө тэргүүлэхээр болов. Энэ жагсаалаа тэд “Авлигачидтай тэмцэх өдөр” хэмээн нэрлэсэн бөгөөд хоёр мянга гаруй хүн оролцжээ. Төр, засгийнханд хандаж найман зүйл бүхий шаардлага хүргүүлсний дотор Н.Энхбаярын Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулж, намынхаа гишүүдийг орон байраар хангахад 3,7 тэрбум төгрөг цацсаныг шалгуулах тухай байв. Тэдэнтэй олон хүн нэгдэж Ордны зүг хүч түрэн очсон бөгөөд Д.Сүхбаатар, маршал Х.Чойбалсангийн бурхант тавцан дээр ч жагсагчид уралдан гарч, үгээ хэлцгээж байлаа.
Ингээд л тэрээр улс төрийн томчуудтай нэгийгээ үзэж, нэхий дээлээ уралцах олон удаагийн гудамжний жагсаал цуглааныг зохион байгуулж байв.
Иргэний хөдөлгөөнийхөн “гудамжнаас тэмцээд үр дүнд хүрэхгүй нь” гээд 2008 оны УИХ-ын сонгуульд “Иргэний эвсэл”-ээс нэр дэвшихээр болов. Ж.Батзандан нь УИХ-ын сонгуулийн 22 дугаар тойрогт өрсөлдөн нийт 36 мянган сонгогчийн санал авлаа. Гэсэн ч ялагдал хүлээв. Ингээд л сонгуулийн үеийн луйврын асуудлууд ар араасаа босч, хүссэн үр дүн нь гараагүйд бухимдсан иргэд Сүхбаатарын талбайд гарч жагсацгаалаа. Ингээд л “Долдугаар сарын 1” гэх зүйл болов. О.Магнай, Ж.Батзандан гээд жагсагчдыг баривчлав..
Цаазаар авах ялтай зандалчлах гэмт хэргийн сэжигтэн, 33 хоног саатуулагдсаны эцэст батлан даалтад гарав.
2008 онд долдугаар сарын 1-ний үймээнийг зохион байгуулж, олон түмнийг үймээнд уриалан дуудсан гэдгээр буруутгагдан байсан нөхөд гэнэт Ардчилсан намд орох шийдвэр гаргав. “Дайсны дайсан миний анд” гэдэг шиг МАХН гэгч хүч тэнцвэргүй өрсөлдөгчид ялагдахгүйн тулд Ардчилсан намд орж байна гэж улс төрийн тоймчид дүгнэж байв. Энэ бүх дүгнэлтийг цөөн үгээр хураангуйлбал “аврал эрж очлоо” гэх тодорхойлолт байв. Үнэхээр ч тэд Ардчилсан намд очсон нь төрийн албадлагын хүчийг гартаа авсан нөхдөөс хамгаалагдах зөв шийд байлаа.
Харин Ж.Батзандан АН-д элсэн орсныхоо учир шалтгааныг “өнгөрсөн 20 жилд улс төрийн ардчилсан хүчнүүд аливаа том жижиг сонгуульд оролцохдоо нийлж нэгдсэн үедээ дандаа ялж байсан. Харин ганцаарчилсан буюу бие дааж оролцох болгондоо ялагдаж байсан гэдгийг ухамсарласан” гэж. “Тиймээс ИХ намын олон залуучууд алсын хараа, холын зорилт стратегийн дагуу үзэл бодлоо нэгтгэж Ардчилсан намд элсэн орсон” гэж тайлбарладаг. Бүр дээрх дүгнэлтээс эсрэгээр “Бид Ардчилсан намаас аврал эрж биш аврахын тулд орсон юм. Монголын Ардчиллыг аврахын тулд орсон юм. Монголын ардчиллыг хvчирхэг болгохын тулд энэ намд гишvvнээр элссэн юм” ч гэдэг. Гэвч түүний өөрийгөө өмгөөлж хэлсэн энэ үгнээс нь илүү хамтран тэмцэгч Ичинноровт зориулан хэлсэн, түүнийг МАХН-д элссэнийх нь дараа хэлсэн үг нь илүү үнэнд ойртсон байж болох. Тэр нь “Зөв зүйлийн төлөөх тэмцлийнхээ төлөө чөтгөртэй ч нийлэх үе гардгыг би мэднэ” гэх үг.
Тэрээр цагаадлаа. Хэсэг хугацаанд тэмцлийн сүнс сүлдээ даруулчихсан байсан хүн эргэж дуу орж эхлэв “Vндсэндээ долдугаар сарын 1-нээс хойш зургаан cap улстєрийн шалтгаанаар, хилс хэргээр, олон cap хоригдож, дуугаа хурааж, эрх чєлєєгєє хасуулж, эрх мэдэлтнvvдийн дарамтыг амсаж явлаа. Одоо хангалттай. Зургаан cap, хагас жил хvлээлээ. Энэ хэрэг нэг тийш болохыг, тєр засгийн удирдлагууд асуудлыг vнэн зєвєєр шийдээсэй гэж хvлээлээ. Одоо боллоо. Одоо vгээ хэлж, vзэл бодлоо илэрхийлэх цаг болсон. Энэ зургаан сард хангалттай их доромжлолыг миний гэр бvлийнхэн, найз нєхєд, хамтран зvтгэгчид маань амссан. Одоо vнэнийг хэлье. Долдугаар сарын 1-нийг МАХН-ын удирдлагууд, зориуд зохион байгуулалттайгаар урьдчилан тєлєвлєж хийсэн. Тєрийн эрхийг хууль бусаар авсан луйварчдын хийсэн ажил. Шууд хэлбэл МАХН-ын дарга, Ерєнхий сайд С.Баярын хийсэн гэмт vйлдэл. Ж.Батзандангийн хувьд хийсэн хэрэггvй” гэх зэрэг зоримог мэдэгдлийг хийж, урьдын тэмцэгчийн дүрээ эргэн олов.
2012 оны УИХ-ын сонгуулиар эргэлзээгүйгээр сонгогдон парламентийн гишүүн боллоо. “Монголоо өмөөрнө” гэх уриа, урьдын тэмцэгчийн дүрт нь итгэж, энэ бүхэн дээр нь Ардчилсан намаа гэдэг сонгогчдын санал түүнийг УИХ-д орж ирэх боломжийг олголоо. Хууль тогтоох байгууллагад хуульч хүн хэргээ гаргахаар ажиллаж эхлэв. Онцгойрон мандахгүй ч, огт байгаа үгүй нь мэдэгддэггүй гишүүдтэй харьцууламгүйгээр төрийн ажилд оролцов. “Өнөөдөр Монгол орон маань өмөөрөх төргүй, Монголын иргэд маань өмгөөлөх хүнгүй болжээ” “Улаанбаатарын гэр хорооллыг орон сууцжуулах далбаан дор иргэдийн хашааны газрыг булааж таарахгүй” “Сүүлийн үед АТГ-ын үйл ажиллагаа идэвхжиж, бодитой ажлуудыг хийж байгааг хүн болгон харж байгаа. Авлигатай тэмцэх газар өмнө нь “жараахай” барьдаг байсан бол одоо “тул” барьдаг болжээ. Цаашид ч олон “тул” барина гэдэгт итгэлтэй байна” гэх зэрэг мэдэгдэл байр суурийг илэрхийлэн, эрх зүйн үндсэн зарчмаар асуудалд хандахыг хичээж байв. Сайн тэмцэгч байхын тулд олонд таалагдах дагуулах ёстой. Харин сайн улс төрийн түшээ байхын тулд заавал олонд таалагдах гэж хичээх нь тийм ч чухал биш гэдэг. Түүний нийгмийн масст таалагдах гэсэн нэг хуулийн төслийг судлаачид, онолчид үгүйсгэдэг. Түүний санаачилсан Төрийн өндөр албан тушаалтны зарим эрхийг хязгаарлах тухай буюу Нийтийн албанд болон нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд төрийн өндөр албан тушаал хашиж байгаа хүмүүс гадаадад хөрөнгө эзэмшиж болохгүйн дээр гадаад эхнэр, нөхөртэй байж болохгүй гэсэн заалт багтсан юм. Тэрээр энэ төслийнхөө талаар “Энэ хууль жирийн иргэний эрхийг хөндөхгүй. Харин дарга нарын эрхийг хязгаарлахад чиглэсэн. Зарим нэг төрийн өндөр албан тушаалтны зүгээс суурь эрх зөрчигдөж байна гэж байгаа. Харин хууль санаачлагч миний хувьд төрийн өндөр албан тушаалтан нь иргэний зарим суурь эрхээсээ татгалзах хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаа. Учир нь тэд Монгол Улсын төрийн нууцыг мэддэг. Төрийн нэрийн өмнөөс шийдвэр гаргадаг. Төрийн өндөр албан тушаалтан бол жирийн иргэн биш. Энэ хуулийн үндэслэл нь Монголд олж авсан өмч хөрөнгөө гадаадад байршуулдаг, гадаадад байгаа эхнэр, хүүхдээ тэжээдэг байдлыг зогсооход чиглэсэн. Нөгөөтэйгүүр гадаадад байгаа эхнэр, хүүхдээ Монголын харьяат болгож чадахгүй байж Монголын төлөө зүтгэж чадахгүй. Одоогийн хуулиар УИХ-ын 76 гишүүн, сайд дарга нар бүгдээрээ гадаадаас эхнэр авч, гадаадад хүүхэдтэй болж, гадаадад өмч хөрөнгөө байршуулах боломжтой байгаа. Энэ бол ёс зүйн талаасаа байж боломгүй зүйл” гэсэн байдаг. Ийнхүү дэмжлэг, шүүмж дундуур тэрээр явсаар.
Ямартаа ч тэрээр тэмцэгч байхдаа өөрийгөө харуулж чадсан шигээ УИХ-д орж ирснээс хойш өөрийгөө харуулж арай л амжаагүй байх шиг. Цаг хугацаа бүхнийг харуулах биз.
Холбоотой мэдээ