
Универсиад наадмыг зохион байгуулах хорооны дэд дарга, Монголын оюутны спортын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Жаргалсайхан энэхүү Европын бүсийн наадмын бэлтгэл ажилтай танилцан, Москва хотноо ажиллах үеэр тус мэдээллийг ирүүлсэн юм. Тэрээр Москва хот дахь Монголын элчин сайдын яамны элчин зөвлөх С.Банзрагч, хоёрдугаар нарийн бичгийн дарга Ц.Тунгалаг нартай уулзаж наадам болох “ЦСКА” ОХУ-ын Армийн спортын цогцолбортой танилцаж, зохион байгуулалтын асуудлыг шийдвэрлэж байна.
Урьдчилсан байдлаар Беларус, Польш, Украйн, Герман, Турк, ОХУ зэрэг оронд суралцаж байгаа Монгол оюутнууд спортын их наадамд оролцохоор багийн мэдүүлгээ ирүүлээд байгаа аж. Тус наадамд амжилттай оролцон, тэргүүн байрт шалгарсан оюутан тамирчдад Монголын оюутны спортын “Универсиад” III их наадмын өргөмжлөл, мөнгөн шагнал, медалийг гардуулдаг уламжлалтай. Европын бүсийн анхдугаар наадам нь 2005 онд Баумений нэрэмжит Техникийн их сургууль дээр, 2009 онд Москвагийн Биеийн тамирын дээд сургууль дээр тус тус болж байжээ.