
Захын хэн нэгэн хүн хийж чадахгүй ажил алба, шийдэж чадахгүй мэргэжлийн алба агентлаг гэж бий. Түүний нэг нь уул уурхай. Газрын гүн дэх асар аюултай орчныг биеэр мэдрээгүй хүнд бол нэг их мөнгөний уурхай мэт энэ салбар санагдаж болох юм. Гэвч улс орны өнөөдрийг ирээдүйтэй нь үүрч яваа энэ салбарын бодлогыг боловсруулж буй мяндагтангууд дунд “харь” мэргэжлийнхэн цөөнгүй байна. Д.Ганхуяг сайдын эзэмшсэн физик, хими технологийн мэргэжил гэдэг уул уурхайгаас тэс хөндлөн биш гэж үзье л дээ. Түүнд УИХ-д хоёронтоо сонгогдсон туршлага байгаагийн дээр дутууг нь нөхөх мэргэжлийн хүн эргэн тойронд нь зөндөө бий гэсэн уужуухан сэтгэх нэгэн таарч болох юм. Гэтэл Уул уурхайн яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж буй Р.Жигжид бол сайдтайгаа ижил физикч мэргэжилтэй, Япон улсад нэхмэлийн дээд сургууль төгсөж хөнгөн үйлдвэрийн салбараар мэргэшсэн боловч идэвхтэй амьдралынхаа ихэнх хугацааг дипломат албанд зүтгэж өнгөрөөсөн нэгэн байдаг. 1996 оноос хойш Япон улсын Элчин сайдын яаманд ажиллаж байсан тэрбээр ямархан сэжмээр сайдтай холбогдсон нь эндээс тодорхой. Д.Ганхуяг сайдын зөвлөхөөр ажиллаж буй Ч.Түмэнбаяр нь мөн л уул уурхайгаас ангид нэгэн. Хөнгөн үйлдвэрийн салбар тэр дундаа ноолуурын бизнесийн талаар бол зөвлөх л байх. Цагтаа ноос ноолуурын холбоог тэргүүлж, “Гоёо”-г захирч явсан энэ эрхмийн зөвлөгөө уул уурхайд хэрхэн тусахыг цаг хугацаа харуулах биз ээ.
Д.Ганхуяг сайдын тал тохой татсан томилгоо үүгээр өндөрлөсөнгүй. Уул уурхайн яамны харъяа Ашигт малтмалын газар гэж эрх баригчдын ойрын хүний “орогнодог” газар болсоор удаж байна. Тэндээс хэрхэн мөнгө хийж болохын сонгодог жишээг тус газрын өмнөх дарга харуулсан. Тэгвэл энэ удаа тус газрын Кадастрын алба гэх мэргэжлийн хүмүүс нь ч төөрөлддөг мундаг албыг Н.Чинбаатар гэх эмч мэргэжилтэн залгуулах болжээ. Мэргэжилдээ гаргууд нэгэн ч салбараасаа нэг хоёр жил хөндийрөхөд л хүнийрхэж холдсон байдаг. Гэтэл харь холын хүний эмч уул уурхайн кадастрт дутсан гэж үү. Н.Чинбаатар нь Д.Ганхуяг сайдын хувийн бизнес болох “Бридж групп”-ийн нийтийн хоолны салбарыг ахалж байгаад түүний туслахаар олон жил үнэнч зүтгэсэн гэхээс өөр ажлын туршлага багатай хүн гэдгийг хэлэх хүн цөөнгүй тааралдлаа. Төрийн албаны залгамж халаа гэж цэцэрхэхээ больё гэхэд кадастрын зургаа хараад “уншиж” чадахгүй даргатай энэ албанаас улс оронд хэрэгтэй шийдэл төрнө гэдэгт та итгэлтэй байгаа юу сайд аа. Сэтгүүлчидтэй уулзсан нэгэн уулзалт дээр та өмнөх Засгийн үед үзэглэсэн Чалкогийн гэрээг “Гэрээ үзэглэж үзээгүй хүмүүс улс төрийн амбицаар хийсэн гэрээ. Би хувьдаа энэ мэт гэрээг сайдын алба хашиж байх хугацаандаа үзэглэхгүй. Тийм хэмжээний боловсрол мэдлэг надад бий” хэмээн ам бардам өгүүлсэн. Тэгвэл таны туслах болоод журмын нөхөд тань тийм алдаа гаргахгүй гэдгийг та бас амлаж чадах уу.
Одоо нийслэлийн нэгэн дүүргийн хорооны гэх жижигхэн нэгжийн томилгоо, сонголтыг сонирхоё. Жижиг ч гэж дээ, уг нь бол хүмүүст хамгийн их хамааралтай хорооны Засаг дарга нарын томилгоог жишээ татан бичих гэж байна. Ажил албатай хүмүүсийн үл тоон орхидог хорооны ИНХ-ын дарга , Засаг даргын алба гэдэг тухайн иргэний хамгийн итгэлт, иргэддээ хамгийн үнэнч хүмүүс л ажиллах ёстой талбар. Тэнд уг нь нам, лам хоёрт орогнох зай баймгүй. Гагцхүү ”Миний амьдралын зовлон жаргалыг энэ л хүн мэднэ, шийдэж чадна” гэсэн итгэл үнэмшлээр ИНХ-ын гишүүдээ, Засаг даргаа томилдог байх учиртай. Гэтэл нам хүчний гар хөл болж, тархи нь угаагдаад бүхнийг дан “улаан”-аар хардаг нөхөд нэг хэсэг хороодод ажилласан. Харин одоо дан “цэнхэр”-ээр будагчид томилогддог болчихжээ. Баянзүрх дүүргийн долдугаар хорооны Засаг даргаар томилогдон ажиллаж байгаа н.Дүүриймаа гэгч эмэгтэй хорооны иргэдийн нийтийн хурлыг ихээхэн “но-той, ноцтой” явуулсныг хорооны иргэд хэлдэг. Өдгөө жар шахам настай эл эмэгтэй мөн л Д.Ганхуяг гишүүний бие төлөөлөгчөөр багагүй хугацаанд ажилласан, түүний улаан “фэн” гэнэ шүү. Тэрбээр гишүүнд олон жил үнэнч зүтгэснийхээ шагналд нэгэн хороог засаглаад зогсохгүй бас нөгөөийнх нь Засаг даргаар өөрийн охиноо сонгуулаад амжжээ. Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны Засаг даргын суудал түүний “Алтан загас”-наас гуйсан сүүлийн хүсэлт байсангүй. Дүүргийн Засаг дарга Д. Пүрэвдаваагийн хуулийн зөвлөхийн албыг мөн л гуйж орхисон байна. Бие төлөөлөгч гэх алдрыг олон жил хашсаны хүчинд ийн нэгэн гэр бүлийнхэн гэнэт зэрэг зэрэг албан тушаал хаших болсон нь монгол төрийн нэг гажуудал биш гэж үү. Хүмүүсийг үзэл бодлоор нь ялгаварлан, өөрийн танил тал, найз нөхдийнхөө мэргэжил мэдлэг, ур чадварыг нь үл харгалзан төрийн албыг шан харамж болгон “бэлэглэдэг” зуршлыг халахгүй юм уу, шинэчлэгчид ээ. Ганцхан сайдын тань захын томилгоо ийм л байна даа. Бид цаашид олон томиогооны ар өврийг өнгийх болно гэдгээ бас дуулгая.