
Улсын заан Ө.Тулгаагийн төрсөн дүү начин Ө.Сумъяа болон хүү аймгийн арслан Т.Сүрэнжав нартай цөөн хором хөөрөлдлөө. Тэд Улаанбаатар хотод болж буй Ө.Тулгаа зааны нэрэмжит Увсын аймаг, цэргийн цолтой 128 бөхийн барилдааныг зохион байгуулах ажилд оролцохоор хотод иржээ. Сонирхуулахад, Ө.Тулгаа зааныг дахиа харъя гэвэл түүний төрсөн дүү Ө.Сумъяа начинтай уулзахад болох юм билээ. Зааны дүү биш гээд хэлчих вий гэсэн шиг адилхан. Тэр шивээ сахал, инээмсэглэл нь яг л Ө.Тулгаа зааныг санагдуулна.
-Тантай уулзахад яг л Ө.Тулгаа заанд шууд толгойд бууж байна. Ахынхаа талаар дурсамжаасаа хуваалцана уу?
-Миний ах олон жил тээврийн тэрэг барьж, баруун хязгаараас улсынхаа наадамд ирж барилддаг сайхан бөх байлаа. Олон ч хүний хайр хүндлэлийг олсон доо. Бөх хүнд байх бүх шинжийг агуулсан. Ахыг минь барилдах гээд гарч ирэхэд наадамчин олон алга ташин угтдаг байсан юм. Тэр үед ахаараа өөрийн эрхгүй бахархдаг байлаа. Учраа бөхчүүдийнхээ онцлогт тааруулж барилдаж чаддаг л даа, миний ах. Тухайн үед бэлтгэл хийх цаг зав тун хомс. Хамгийн гол нь өрсөлдөгчөө зөв үнэлж барилддаг байсан чанар нь олон хүний сэтгэлд тод үлдсэн.
-Заан, та хоёроос өөр барилддаг хүн гэрт тань байв уу?
-Манайх эхээс долуулаа. Хоёр ах, хоёр эгч, хоёр эрэгтэй дүүтэй. Дүү нар хөдөө байдаг ч нэг их барилддаггүй. Малаа дагаад л явж байна. Ах минь 1980 онд, харин би 1990 онд улсын цолонд анх хүрсэн.
-Ахын сургааль, үнэтэй зөвлөгөөний талаар ярилцахгүй өнгөрч болохгүй байх?
-Бөх хүн бол олны хараанд байдаг. Тиймээс ард түмнээ хүндэлж, олны дунд биеэ зөв авч яв. Бэлтгэл сургуулилтаа сэтгэл зүрхнээсээ хийж бай гэх мэт олон захиас хэлдэг.
-Хоёулаа наадмын дэвжээнд барилдсан бөхчүүд. Хамт явж байхдаа ахтайгаа юуны талаар илүү ярилцдаг байсан бэ?
-Их л олон зүйлийн талаар ярилцдаг байлаа. Бас ахтайгаа мөн ч олон барилдаанд цуг явж барилдсан даа. 1990 оны улсын наадамд дөрөв давчихаад сууж байхад ах минь намаг зоригжуулсан. Дараа нь би тав давдаг юм байна. Тэр өдөр бол миний амьдралын хамгийн сайхан үе. Улсын цолонд хүрээд маш их баярласан. Цолонд хүрснийхээ дараа энэ өндөр цолны нэр хүндийг хайрлаж, хамгаалж барилдаж чадах болов уу гэсэн бодол төрсөн. Цол дагаж бяр гэдэг шиг бөхийн торгон ногоон дэвжээнд барилдсан богинохон хугацаандаа цолоо хамгаалсан гэж боддог.
-Тулгаа зааныг самбо, жүдогоор барилддаг байсныг мэдэх юм. Хэр амжилт гаргасан юм бол?
-Ах маань самбо, жүдо бөх, гүйлтээр хичээллэдэг байсан. Самбо бөхийн спортын мастер цолтой л доо.
-Таныг барилдахад нөлөөлсөн хүн яах аргагүй аав тань байх. Аавынхаа сайхан яриа дэлгээч?
-Намайг бага байхад аав маань ид барилдаж байсан. Хотруу даган явж барилдааныг нь үзэхийг хүссэн ч чаддагүй байлаа. Тэгээд хотын барилдааныг телевизээр л хардаг. Харин аймагтаа барилдсан барилдааныг нь байнга дагаж явж үзнэ. Аавыг барилдах гээд гарч ирэнгүүт олон хүн алга таших нь их гоё санагдсан. Миний бөх болсон шалтгаан нь энэ. Би аавынхаа зэрэгт хүрэх болоогүй байна. Ер нь аав минь айлын том хүүхэд учраас хөдөө мал дээр өссөн. Адуу, малтай их ноцолддог байсан юм билээ.
-Таны аавын хийдэг мэхнүүд бөх сонирхогчдын сэтгэлд хэдийнэ хоногшжээ. Тэр мэхийг нь өвлөж авсан уу?
-Аавын хийдэг мэхийг оролдож байгаа ч сайн чадахгүй л байна. Харин аавын дүү улсын начин Ө.Сумъяа ах сайн хийдэг юм. Өмсөх, давхар ачих, хонгодох мэхийг яг аав шиг төгс хийж чаддаг бөх одоогоор байхгүй. Зөвхөн аавд л зориулагдсан мэх юм болов уу гэж хааяа боддог. Аав тэр мэхийг багшаар заалгах биш өөрөө л сурсан гэдэг.
-Ө.Тулгаа зааныг бие жижигтэй ч бяртай гэж ярилцдаг. Энэ талаар?
-Адуу, малтай багаасаа ноцолдсоныг юм болов уу. Угаасаа хүнд бярдуулдаггүй. Хэр баргийн бөхийн хөл рүү ороход өргөөд л гаргаад ирдэг байсан. Хэдийгээр жижиг ч биеийн гоё галбиртай хүн байлаа. Үүнээс гадна аав минь их даруу, төлөв зантай. Хүнтэй их эвсэг. Архи, тамхи огт хэрэглэдэггүй тийм л хүн. Аавын тэр зан ааш нь бөхөд дуртай олон хүнийг өөрийн эрхгүй татсан байх. Амьдрал ахуйгаараа нутгийнхандаа үлгэр жишээч хүн байсан. Амьдралдаа хар толбо үлдээгээгүй тэр сайхан зан чанарыг үр хүүхдүүд бид нар нь хичээнгүйлэн үргэлжлүүлэх юмсан гэж боддог.
-Таны барилдаанд аав тань хэр зөвлөгөө өгдөг байв?
-Надад зааж сургаж байгаагүй. Хэлэх цөөн үгээ л хэлнэ. Угаасаа аав маань хүнээр заалгаж сурна гэж байдаггүй юм, өөрөө л хичээх хэрэгтэй гэж захидаг байсан. Үндэсний бөхөд өөрийнхөө онцлогт таарсан мэхээ л хийж барилд гэдэг хүн байлаа.
-Малчин суманд Баянхайрхан гэж сайхан хайрхан бий. Таны аав хэр шүтлэгтэй байсан бэ?
-Манай аав лам гэхээсээ илүүтэй нутгийнхаа уул, усыг шүтдэг хүн байсан. Баянхайрхан бол баядуудын шүтээн уул юм билээ. Тэр уулаас зөвхөн бөхөөс гадна одоогийн Ерөнхий сайд Н.Алтанхуяг, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Гаалийн ерөнхий газрын дарга асан Ц.Цэвээнжав гээд олон алдартай хүн төрсөн байдаг. Тэр л уулын бэлээс аав, ах хоёр минь улсын цол авсан.
Уран барилдаант заан Ө.Тулгаагийн хувьд багаасаа адуу, малтай ойрхон өсчээ. Тийм болохоор эмнэг сургахдаа гарамгай, морь бугуйлдахдаа тун сайн байсан гэлцдэг. Энэ бол түүний бөхийн эрдмээс тусдаа авьяас байсан гэж найзууд нь ярьж сууна. Заанаар үлгэр жишээ авдаг байсан нутгийн дүү нар нь ийн шүлэглжээ.
Хавар хаврын дундуур нутгаа зориход
Хаш хөөрөг харшууланхан золгодог
Хан буурал өвгөдөөс минь нэг нь дутчих юм
Хадан гэрээ зорьчихсон л байх юм
Гаансан тамхиа хааяа нэг сорчихоод
Гаднаа суугаад хууч дэлгэдэг
Ганган хул эр бор харцага
Гундуухан хоолойгоор намбалагхан аялдаг тэдний минь эзгүйд
Хот айлын бүсгүйчүүд эсгий яаж савдагийг
Цээлийн тунгалаг мөсөн дээр шагай яаж харвадгийг
Хойноос гарсан үүл ямархан хур дагуулдгийг
Цэргийн хуаранд амьдрал яаж өрнөдгийг хэн хуучлах юм бэ?
Нэг хацрыг минь үнсээд үдсэн өвгөд минь
Нөгөө хацрыг минь үнсэлгүй орчлонгоос явчихлаа.
2010 оны дөрөвдүгээр сард бөхөд хайртай түмнээ, гэр бүлээ орхиод тэнгэрийн оронд залрахаас яг долоо хоногийн өмнө тэрээр “Бөх” сонинд их л дотно ярилцлага өгсөн байдаг. Түүний сайхан яриаг сонссон, уншсан хамгийн сүүлчийн ярилцлаганаас нь товчхон сийрүүлээд Ө.Тулгаа зааны дурсамжаа дуусгая.
-Манай алдар цуутай бөхчүүд барилдааныхаа онцлогоор бөхийн түүхэнд үлддэг. Таныг уран барилдаантай заан гэж тодорхойлох юм билээ?
-Хамгийн гол нь удаж барилдахгүйг л их хичээдэг, боддог байлаа. Бэлтгэл муутай болохоор хурдан барилдах шаардлага гарна. Өрсөлдөгч бөхөө хаях арга их боддог байлаа. Хамгийн хурдан барилдаж болох ямар арга байна, өрсөлдөгчийнхөө барилдааны онцлогийг судлана, тэрэнд тохируулж барилдана гээд л… Ер нь хүнээр заалгаж сурснаас өөрөө сурсан зүйл хамгийн агуа хүчтэй байдаг. Багш заах нь заана, гэхдээ заалгаж сурсан мэх даацтай байх нь ховор шүү дээ. Хүний унаган мэх, заасан мэх гэдэг их өөр. Өөрөө санаачлаад сурсан мэх шиг хүчтэй зүйл байхгүй. Би ч ихэвчлэн хөл авч барилдана, давхар хамна. Ер нь хийхгүй мэх байгаагүй дээ. Тухайн өрсөлдөгч бөхөд таарч тохирох барилдаан, мэх юу байна, тэр бүгдийг л хийж барилдахыг боддог байсан. Тийм болохоор хүмүүс уран барилдаантай гэж дүгнэдэг байсан байх. Одоо бодоод байхад би хөл авахдаа яг бөхийн онолоор авдаггүй байсан юм билээ. Социализмын үед орос багш нар чөлөөтийнхөнд хөл авах мэхийг олон хувилбараар тусгай техникээр заадаг байсан шүү дээ. Гэтэл би тэр онолоор биш өөр маягаар л аваад байдаг байсан юм билээ. Ганцхан тасхийгээд явчихдаг, онолоор биш болохоор хамгаалах боломж байдаггүй байсан байх. Хөл авна гэж бодоогүй хэрнээ нэг л мэдэхэд авчихдаг байсан. Тэр л миний барилдааны онцлог байсан юм уу даа.
-Та ерөнхийдөө жижиг биетэй бөхчүүдийн тоонд орох байх. Тэр нь хурдан, уран барилдахад тань бас нөлөөлдөг байсан болов уу?
-Би жижиг бөхчүүдийн тоонд орно оо. Ид барилдаж байх үедээ 82-83 кг жинтэй л байсан. Зарим үед жин ихтэй бөхчүүдтэй барилдахад хүндрэлтэй тал байдаг. Гэхдээ жингээ нэмэх сонирхолгүй байсан. Ер нь тэр үеийн бөхчүүд таргалдаггүй л байж. Нэгэн жигд жинтэй. Хамгийн жин ихтэй нь Хадбаатар аварга л байлаа шүү дээ. Одоо залуучууд жин их нэмдэг болж. Энэ нь идэж уудаг зүйлтэй нь холбоотой байх гэж бодогддог юм. 1990 оноос өмнө манайхан зөвхөн орос бүтээгдэхүүн л хэрэглэдэг байлаа. Одоо бол аль ч орны ямар ч бүтээгдэхүүнийг хэрэглэдэг болсон болохоор тэр нь нөлөөлдөг байж болох юм.
-Танд барилдаан таардаггүй бөх байсан уу?
-Миний хувьд барилдаан таардаггүй бөх гэвэл З.Дүвчин заан байна. Барилдахад мөн ч эвгүй дээ. Мөн талийгаач Д.Баяраа гарьд, “том” П.Сүхбат байна. Бусадтай нь бол тал алдахгүй барилдаад болоод байдаг байсан даа.
-Харамсалтай, сургамжтай, дурсамжтай гээд санаанаас гардаггүй барилдаанууд олон л байгаа байх?
-Зөндөө л дөө. Улсын аварга, улсын наадам аль алинд нь л байсан. Би 1980 онд шууд зургаа давчихаад долоогийн даваанд М.Мөнгөн арслантай тунаж байсан юм. Тэгэхэд Мөнхбат аваргыг амалчих болов уу гэж бодсон аваагүй л дээ. Хэрвээ амалж авсан бол бас арай өөр байх байж магадгүй л юм. Бас сүүлд 1984 онд зургаа давчихаад долоогийн даваанд Хадбаатартай тунасан юм. Хавбаатараас өөр хүнтэй тунахгүй яав даа… гэж бодогдож л байсан. Тэгэхэд Хадаагийн хөлийг нь аваад даахгүй дарагдаад унаж байсан юм. Улсын аварга шалгаруулах барилдаанд бол зөндөө юм бий дээ. Ихэвчлэн 32 тойрог барилдана. Аймгийнхаа тойргийн барилдаанаас шалгараад баруун гурван аймагт 72 тойрог барилдана. Дараа нь 5-6 аймаг нийлж Говь-Алтай юм уу, Завханд бүсчилээд 16 тойрог барилдаад, хотод ирж 32 тойрог барилддаг байлаа. Улсын аварга шалгаруулах барилдаан нийтдээ 100 гаруй тойрог барилдаанд барилдаж байж дуусдаг байсан. 1990 оноос хойш тэр тойргийн барилдаан бараг тасарсан. Сая энэ аймгуудын дэвжээдийн барилдаан гэж шинээр гарч ирж байх шиг байна. Тойргийн барилдаан бол маш их ач холбогдолтой, их ч зүйл сургадаг юм шүү дээ. Мэх сурах нөхцлийг бүрдүүлж өгнө, олон хүний барилдааны арга техникийг нүдээрээ харж сурна. Жинхэнэ ур чадвар, хүч чадлыг шалгадаг барилдаан бол тойргийнх байдаг юм. Тийм болохоор тойргийн барилдаанаа цаашид бүр олон янзаар хөгжүүлээсэй гэж бодож байна.