Хуучирсан мэдээ: 2013.04.02-нд нийтлэгдсэн

Би циркийн “уншигч”

Социализмын төгсгөл үед миний, бидний үеийнхний бага нас аз жаргал дүүрэн өнгөрсөн юм. Аз жаргалд маань амт нэмдэг олон сайхан агшнууд одоо дурсамж дунд л үлдсэн байна. Тийм гэгээн сайхан дурсамжуудын маань нэг цирк байсан гэдгийг олон хүн хүлээн зөвшөөрөх байх аа. Сургуулийн улирлын амралт бүрээр шахам циркийн тоглолтыг зохион байгуулалттайгаар үздэг байлаа. Анги, ангиараа сургуулиасаа билет аваад л… Гэхдээ тэр үеийнхэн, тэр тусмаа хотын хүүхдүүд сургуульд орохоосоо аль өмнө циркийн үзэгчид болчихсон байдаг байлаа!

Харин сүүлийн бараг хорин жил би циркийн үзэгч байхаа болиод зөвхөн уншигч болжээ. Энэ хугацаанд циркийн амьд тоглолт нэг ч үзээгүй, зөвхөн циркийн тухай уншиж байсан гэсэн үг. Эхэндээ цирк дампуурлаа, циркийн бөмбөгөр байшинг хувьчиллаа гэсэн мэдээллүүд хэвлэлээр гардаг байснаа цөөрөн цөөрсөөр сүүл рүүгээ Монголын циркийн урлагийнхан гадаадад гайхуулж өгч байгаа мэдээллүүд цацагдах болсон. Хаа байсан Бразилийн реалити шоунд монгол циркчин залуу сүүлийн шатанд шалгарчихсан байсан. Бас Германд уран нугараач бүсгүй тийм шоунаас шагнал авч байсан. Гээд тоочвол Ази, Европ, Америкт Монголын циркчид гялалзаж яваа жишээ зөндөө бий. Тэдний амжилтаар бахархсан өнгө аястай мэдээллүүд ч хэвлэлээр бишгүй. Харин Монголд тоглогддог цирк байна уу?! Ингээд би циркийн үзэгч биш уншигч болчихсон хэрэг.

Циркийн талаар уншихаас цаашгүй болчихсон байсан бидний үеийн жинхэнэ үзэгчид “Дэлхийн цирк Монголд” гэдэг зарыг сонсоод тэсэн ядан хүлээж, тэсвэл гарган дугаарлаж байж билетийг нь авцгаалаа. Аль гучин жилийн өмнө Монголд олон улсын “Найрамдал” цирк айлчлан тоглож байжээ. Тэр үед аав, ээжтэйгээ цэнхэр дээвэр, улаан манежийг зорин ирж байсан бидний үеийнхэн одоо өөрсдөө ээж, аав болчихсон хүүхдүүдээ дагуулсаар циркт иржээ.

Дэлхийн цирк Монголд. Гэрэл бүдгэрсээр… гэнэт үлээвэр голдуу найрал хөгжим чангаар эгшиглэж тоглолт эхэллээ. Хүүхдүүд хөөрч алга ташна. Бага насандаа эргээд очих шиг болж сэтгэл хөдөллөө. Гэхдээ тэр үеийн циркийг санагдуулах нэг зүйл дутагдаж байлаа. Циркийн цэнхэр байшин хувьчлагдаад удаж байгаа. Үе үе болох зохиолын дуучдын тоглолтоор үүдээ нээдэг энэ байшингаас үртэсний үнэр нь алга болчихож…

Заан, баавгай, чоно, арслан, ирвэс, сармагчин, аварга могой… Зоопаркгүй Монголд эдгээр амьдтыг хүүхдүүд анх удаа циркэд харж байсан байх. Сургуультай амьтадгүй болсон циркийн манежэд өнөөдөр үртэсний хэрэг байхгүй болсон биз. Хүүхэд байхад хамгийн түрүүнд тэр сонин үнэрийг нь мэдэрдэг байлаа. Би хувьдаа яагаад ч юм бэ, тэр үнэрийг зааны үнэр гэж боддог байсан юм…

Энэ удаагийн Дэлхийн циркийн үзүүлбэр дор бүрнээ гайхамшигтай байсныг хэлэх хэрэгтэй. Ихийг үзэж, нүд тайлсан ч гэлээ энэ цагийн багачууд үнэн сэтгэлээсээ биширч, дуу алдан алга ташиж байсан. АНУ, Канад, Герман, Эстон, Украйн, Азербайжан, ОХУ, Хятад, Гватемал, Испани, Вьетнамын циркчид ээлж дараалан үзүүлбэрээ толилуулав. “Я очень люблю цирк!” гэж цагаан толгойн номноосоо унших хүү маань ээждээ зориулан ойлгосон царай гаргадаг байлаа. Харин өчигдөр орой жинхэнээсээ мөнөөх цирк гээчийг үзэж, гайхамшгийг нь мэдрэв. Гэхдээ “очень” гэж хэлэх нь юу л бол?

“Дэлхийн цирк” хэдийгээр шилдэг үзүүлбэрүүдээс бүрдсэн ч хуучны цагт тоглодог байсан Монгол циркийг гүйцсэнгүй. Үзүүлбэрүүд бүгд сайн хэрнээ бүгдээрээ нийлэхээрээ “муу” болчихсон гэвэл худлаа л даа. Гэхдээ нэгдсэн нэг найрал, композици гэдэг зүйл дутаж байх шиг санагдсан. Хуучин Монгол циркийн тоглолтууд нэгдсэн нэг дэглэлттэй, үзүүлбэрүүд өөрсдийн дараалалтай, эхнээсээ аваад дуусталаа “өрнөл, оргил, тайлал” гэдэг шиг үзэгчдийг сэтгэл хөөрөл дунд барьсаар байгаад дуусдаг байв. Энэ удаагийн “Дэлхийн цирк” тоглолтод тийм уур амьсгал дутагдаж байсан. Бас сургуультай амьтад гэвэл Оросын циркчдын муур, нохой… тэгээд гүйцээ. Монгол циркийн эрэмгий, морьд, ухаалаг тэмээ, бас чоно, сармагчин алга. Харин Улсын филармонийн үлээвэр хөгжмийнхөн хуучин суудалд сууж байгааг харах, сонсох сайхан байлаа.

АНУ-ын циркчин Саша гэдэг бүсгүй уран нугаралтын үзүүлбэр үзүүлсэн. Зөвхөн “Монголынх” гэж боддог байсан уран нугаралтыг америк бүсгүй улам сайжруулаад “копидчихсон” гэхэд болно. Латин америк маягийн бүжгийг санагдуулах уян налархай хэрнээ хурц тод хөдөлгөөнтэй болгож, бас спортын гэмээр элемент шингээснээрээ илүү хөгжүүлчихсэн мэт санагдсан. Тэр хөлөөрөө нум, сум харвасан нь монгол үзэгчдэд бас сонин байсан. Үүний дэргэд монгол охидын уран нугаралт уйтгартай ч юм шиг харагдаж байлаа. Харин Монголын залуу жүжигчин Лхагва-Очирын уран нугаралт, акробат, бас монгол бүжиг хослуулсан үзүүлбэр шинэлэг харагдаж байлаа. Гэхдээ энэ бол шүүмжлэгчийн үг биш үзэгчийн л сэтгэгдэл юм шүү. Мөн монгол залуусын олсны үсрэлт бүхий үзүүлбэр гайхамшигтай байсан. Дэлхийн шилдгүүдээс илүүрхэнэ үү гэхээс дутахааргүй олон гайхамшигтай үзүүлбэрийг Монголын циркчид гүйцэтгэдэг гэдэгт улам ч итгэсэн. Гэхдээ “Дэлхийн цирк-Монголд” явахад Монголын цирк дэлхийд яваа нь нэг бодлын бахархалтай, нөгөө бодлын харамсалтай юм. Жинхэнэ үзэгчид нь өтөлж, араас нь цирк гэдгийг үзээгүй шинэ үе өсч байна. Зах зээл хайж гадагшаа гарсан монгол циркчид маань хэзээ нэг өдөр эх орондоо эргээд ирэхэд үзэгчгүй болсон байх вий. Цирк маань үзэгчгүй юм гэхэд уншигчтай байгаа дээрээ сэргэн мандаасай. 

З.БОРГИЛМАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж