Өсвөрийн хөлбөмбөгчид Азийн аваргад оролцоно

Хуучирсан мэдээ: 2013.04.02-нд нийтлэгдсэн

Өсвөрийн хөлбөмбөгчид Азийн аваргад оролцоно

Монгол Улсын хөлбөмбөгийн 13 хүртэлх насны шигшээ багийн тамирчид 2014 оны AFC U-14 Championships буюу Азийн хөлбөмбөгийн 14-өөс доош насныхны аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор бэлтгэл сургуулилтаа эрчимтэй базааж байна. Монголын өсвөрийн тамирчдын тухайд тэмцээний сонгон шалгаруулалтын “Н” хэсэгт өрсөлдөхөөр сугалаа таарчээ. Энэ хэсэгт БНАСАУ, Хонгконг, Япон, Макао, Монгол гэсэн таван улсын баг тамирчид өрсөлдөх бөгөөд хэсгийн шатны бүх тоглолтууд Хонгконгт болно. Монголын шигшээ багийн тамирчид эхний тоглолтоо дөрөвдүгээр сарын 12-нд Макаогийн багийн эсрэг, залгуулаад 14-нд Япон, 16-нд БНАСАУ, 17-нд талбайн эзэн Хонгконгийн багтай тоглох хуваарьтай байна.

Энэхүү тэмцээн Азийн хөлбөмбөгийн холбооны фестиваль нэртэйгээр сондгой тоотой жил 13, тэгш тоотой жил 14 хүртэлх насныхны дунд зохион байгуулагддаг бөгөөд  тэмцээн гэхээсээ баяр наадам маягтай болж, багуудад байр эзлүүлдэггүй байсан. Монгол Улсын өсвөрийн шигшээ багийн хувьд 2003 онд Гуамд болсон тэмцээнээс (1990 оныхон 13 настайдаа) хойш жил бүр тасралтгүй оролцож буй.

Харин энэ жил жинхэнэ тэмцээн болж байна. Шигшээ багт сонгон шалгаруулах бэлтгэл өнгөрсөн оны намраас эхэлсэн бөгөөд дасгалжуулагч Л.Донтор, Д.Батболд нар сүүлчийн 20 тоглогчоо сарын өмнө сонгож авч, Монголын хөлбөмбөгийн холбоо багийн албан ёсны бүрэлдэхүүнээ Азийн хөлбөмбөгийн холбоо руу явуулсан байгаа. Өсвөрийн шигшээ багийн 20 тоглогч энэ сарын 25-наас эхлэн Монголын хөлбөмбөгийн холбоонд байрлан, бэлтгэлээ базааж байна. Тэд өдрийн хоёр бэлтгэл хийж байгаа аж. Эдгээр нөхөрсөг тоглолтод манайдаа гайгүйд тооцогддог клубүүдийн 15, 17 хүртэлх насны багуудыг урьсныг онцолж байна.

Д.НАНЖИД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж