
-Та бүхний байгаль орчноо хамгаалах ажил хэр явж байна, нутгийн иргэдтэй хэр холбоотой ажиллаж байна?
-Бид орон нутагт үүссэн байгаль орчны нөхцөл байдлыг хэрхэн шийдэх, өмнө нь бий болсон байгаль орчны хүндрэлтэй асуудлуудыг хэрхэн засч залруулах талаар байнга судалгаа хийж байна. Нутгийн зөвлөлөөс байгуулсан ажлын хэсэг нутгийн иргэдтэй байнгын холбоотой өдөр тутам мэдээлэл солилцож байгаа.
-Цээл суманд одоо нөхцөл байдал яг ямар байгаа талаар та бүхэнд мэдээлэл байна уу?
-Одоо байдал үнэхээр хэцүү байна. Хаврын салхи ихтэй, замын нөхцөл байдал өмнө ямар хэцүү байсан яг тэр чигээрээ байгаа. Мөн хүдрийн тээвэр эрс нэмэгдэж байгаагаас үүдсэн тоосжилтын асуудал маш их байна. Хүн амьтан мал амьдрахад бэрхшээлтэй байна гэсэн иргэдийн гомдол тасралтгүй ирсээр байгаа. Тоос маш их байгаагаас малчид өглөө бүр малынхаа нүдийг арчиж цэвэрлэдэг болсон байна. Намайг бага байхад салхи шуурга байдаг л байсан, хэзээ ч малынхаа нүд нүүрийг өглөө бүр цэвэрлэдэггүй байсан. Энэ байдал ганцхан манай Цээл суманд биш, энэ тээврийн зам дагуух бусад сумдад адилхан байгаа. Бугат, Алтай сумаас малчид бидэнтэй утсаар ярьж байгаа.
-БОНХЯ-ы шалгалтын ажлын хэсэг дүгнэлтээ гаргаж, нилээд шаардлагуудыг “Алтайн хүдэр” компанид өгсөн гэсэн. Та бүхэн энэ шийдвэрийг хэрхэн дүгнэж байгаа бэ?
-Шалгалтын үр дүнгийн талаар бид хэвлэл мэдээллээс сонссон. Яам албан ёсоор бидэнд бичгээр хариу ирүүлэхийг хүлээж байгаа. Гаргасан шийдвэрийх нь хувьд сэтгэл ханамж тааруу гэхүү дээ. БОНХЯ байгаль орчинг сүйтгэж байгаа тээвэр, говь нутгийн экологид сөрөг нөлөө үзүүлж байгаа үйл ажиллагааг үргэлжлүүлэхийг дэмжиж байгаа байр сууриа илэрхийлчихлээ гэж бид үзэж байгаа. Хэрэв зургадугаар сарын 15 гэхэд тус компанийн зам тавих асуудалд ахиц гараагүй, эхний 80 км замаа тавьж эхлээгүй байвал тус компанийн тээврийг зогсоож чадахааргүй тийм л дүр зураг бидэнд харагдаж байна. Манай сумтай залгаа Алаг нуурын говь бол Монголын 33 алдартай говийн нэг. Гэтэл энэ говь ахин хоёр жил хүнд даацын олон тооны машинаар зориулалтын бус замаар хийж байгаа тээвэрт тахлуулж, улам л байгаль экологид хохирол учрахаар байдал бий болчихоод байна.
-Уурхайн зүгээс зөвхөн Цээл сумын нутгийн зөвлөлийн хэсэгхэн хүн энэ асуудлыг ярьж байгаа гэсэн тайлбар удаа дараа өгсөн. Та бүхэн хэр өргөн хүрээтэй ажиллаж байгаа вэ?
-Энэ асуудлыг бид нутгийн зөвлөл дээрээ сүүлийн 4 жил тасралтгүй ярьж, нутгийн удирдлагуудтай мэдээлэл солилцож ирсэн. Харин энэ жилийн эхний хурлаараа 80 орчим хүн, нутгийн иргэдийн төлөөлөл, нутгийн зөвлөлийнхөн, уугуул иргэд, сумын дарга нартайгаа хуралдаж, хуралд оролцогчид байгаль орчинд үүссэн нөхцлийг судлуулахаар БОНХЯ-нд хандсан. Тэр хурлаасаа 20 орчим хүнтэй нутгийн зөвлөлийг төлөөлж ажиллах ажлын хэсгээ байгуулсан. Одоо энэ ажлын хэсэг долоо хоног бүр уулзаж, ажлаа ярилцаж, нутгийнхандаа тайлагнаж байна. Сумын эмэгтэйчүүдийн зөвлөл хуралдаад бүх эмэгтэйчүүд суманд үүссэн нөхцөл байдлыг тодорхойлж, гарын үсгээ зурж баталгаажуулан, БОНХЯ-ы ажлын хэсэгт албан хүсэлтээ өгсөн гэсэн. Тэд мөн энэ хүсэлтээ Уул уурхайн яам, УИХ дахь Эко бүлгийн гишүүдэд явуулсан. Удахгүй эдгээр хүсэлтийг нь холбогдох байгууллагуудад нь хүргэж өгнө. Ер нь энэ асуудлыг ганц манай сум яриагүй шүү. Тус уурхайн тээвэр дамжин өнгөрч байгаа бусад сумууд бас энэ асуудлаар холбогдох гомдол санал хүсэлтээ сумынхаа удирдлагуудад, бас компанийн удирдлагуудад өгсөн гэж сонссон. Мөн БОНХЯ гэх мэт холбогдох дээд байгууллагуудад саналаа хүргэхээр ажиллаж байгаа гэж сонссон.
-Яам шалгалт хийснийхээ дараа “Алтайн хүдэр” ХХК-д хугацаатай үүрэг даалгавар өгсөн. Гэтэл “Алтайн хүдэр” компани аймгийн Засаг даргатайгаа гэрээ байгуулаад зам тавих хугацаагаа сунгасан гэж сонссон. Тэгвэл та бүхэн цаашид яаж ажиллах төлөвлөгөөтэй байна вэ?
-Байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа тогтвортой явуулдаг олон нийтийн байгууллагуудтай холбоо тогтоож, хамтран ажиллахаар идэвхитэй яриа хэлэлцээ хийж байна. Мөн БОНХЯ-тай энэ асуудлаараа дахин ярилцана. Үүссэн нөхцөл, яамнаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хэрхэн хангуулах гэх мэт асуудлууд хүлээлтийн хэлбэртэй байгаа эдгээр асуудлуудыг тодорхой болгох ёстой. Мөн бид байгаль орчны хөндлөнгийн үнэлгээ хийлгэхээр дотоодын үнэлгээ хийлгэх хүсэлтэй байна. Энэ чиглэлийн олон улсын байгууллагуудтай ч холбоо тогтоохоор шуурхай ажиллаж байгаа.