
Хэлэлцүүлэгт аймгийн ИТХ-ын дарга Ч.Цэндсүрэн, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид, аймгийн ЗДТГ-ын СТСХэлтсийн дарга Б.Жаргалсайхан, НХХэлтсийн дарга Л.Золбоот, аймгийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга Д.Ганбаяр нарын аймгийн удирдлагууд, ЕБС-ийн сурагчид, хүүхдийн оролцоотой Төрийн болон Төрийн бус байгууллага, сургуулиудын нийгмийн ажилтнууд оролцлоо.
Хүүхдүүд өөрт хамааралтай бүхий л асуудлаар өөрийн үзэл бодлыг илэрхийлэх, шийдвэр гаргахад оролцох эрхтэй байдаг. Энэ эрхийнхээ хүрээнд аймгийнхаа удирдлагууд, шийдвэр гаргагчдынхаа хамтаар нэг сэдвийн дор ярилцаж байгаадаа тэд баяртай байсан.
"Аймгийн хөгжилд хүүхдийн оролцоо” сэдэвт хэлэлцүүлгийн хамгийн эхний санал нь "Миний Монгол” цогцолбортоо хөрөнгө оруулалт хийж, өргөжүүлэх санал байлаа. Хүүхдийн парк нэртэй боловч тэнд тоглож наадах орчин, дутмаг байгааг санууллаа. Мөн дугуйн замтай болох, захын хороололд амьдарч буй хүүхдүүдэд сургуульдаа ирж очиход унааны асуудал хүнд байгааг, сургуулиудын ойролцоох төв замд хурд сааруулагч суурилуулах, чөлөөт цагаа өнгөрүүлэх орчин нөхцлийг сайжруулах шаардлага байгааг олон хүүхэд сануулсан. Дэлгүүрүүдэд архи тамхи зардаггүй болж, тусгай машинаар цахим үнэмлэхээрээ архи тамхи худалдаж авдаг болох, багш нар харилцааны соёлд суралцах, "Үдийн цай” хөтөлбөрт ахлах ангийхан хамрагддаг болох, сургуулиудын эмч чадваржуулах, спортын өндөр амжилт гаргасан хүүхдүүдээ урамшуулдаг болох, сургуулиудын ном сангийн үйл ажиллагааг сайжруулах, бага ангийн хүүхдүүдээр анги цэвэрлүүлдэгээ болих, дотуур байрны хүрэлцээг нэмэгдүүлэх гэх мэтчлэн хүүхдүүдийн өмнө тулгамдсан олон асуудлыг хөндөн ярьсан юм.Хүүхдүүдийн ярьж байгаа зүйлийн ихэнх нь сургуулийн захиргаа багш нарын зүгээс хийж хэрэгжүүлж суралцагчдынхаа сурах орчин, сургалтын үйл ажиллагаанд анхаарах ажлууд байсан тул аймгийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтэс, аймгийн БСГазраас дээрхи асуудлуудад анхаарал хандуулахаа илэрхийлсэн.
Эцэг эхчүүдийн анхаарал халамж, оролцоо муу байгаагаас зарим хүүхдүүд ном, сурах бичиггүй байна, гэмт хэрэгт холбогдож байна, FC тоглож байна, архи тамхи хэрэглэх зэргээр хорт зуршилд автаж байгааг ч онцолсон юм.
Тиймээс аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхимаар зохион байгуулах дараагийн хэлэлцүүлгийг "Эцэг эхийн оролцоо”-г нэмэгдүүлэх чиглэлээр зохион байгуулая гэсэн санал ч гарсан юм. Хүүхдүүдийн тавьсан саналтай холбогдуулан аймгийн удирдлагуудын зүгээс зарим асуултанд хариулт өгсөн.
Бидэнд хийх ажил их бай, хүүхдийн дуу хоолойг сонсох, тэдэнд туслах, тэднийг ирээдүйдээ итгэлтэй иргэн болгож төлөвшүүлэхэд та бидний оролцоо маш чухал байгаа нь өнөөдрийн энэхүү хэлэлцүүлгээс харагдаж байна хэмээн хэлэлцүүлгийн төгсгөлд зохион байгуулагчдын зүгээс онцоллоо.
Хэлэлцүүлгээр гарсан санал санаачлагуудыг нэгтгэн Орон нутгийг хөгжүүлэх бодлого шийдвэрт тусгуулж, ажил хэрэг болгохоо аймгийн удирдлагууд хүүхдүүдэд амалсан юм.