
Манай улсын санаачилсан “Нийгмийн хөгжилд хоршооллын гүйцэтгэх үүрэг” тогтоолыг НҮБ-ын Ерөнхий ассамблейн 64 дүгээр чуулганаар хэлэлцэн улмаар 2012 оныг “Хоршооллын олон улсын жил” болгон зарлажээ. Энэ нь хоршооллыг дэмжихийн ач холбогдлыг улс орон бүр хүлээн зөвшөөрч, хоршооллын хөдөлгөөнийг идэвхтэй өрнүүлэх, үйл ажиллагааг нь боловсронгуй болгох, хоршооны давуу талыг нийтэд сурталчлан таниулах, дэлгэрүүлэх шаардлагатай байгааг нотолсон хэрэг юм. Хүн ам цөөтэй, өргөн уудам газар нутагтай, газар тариалан, хөдөө аж ахуйн чиглэлийн үйлдвэрлэл зонхилсон манай орны хувьд жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ажлын байр бий болгох, орон нутгийн хөгжлийг хангах гол хэлбэр нь хоршоо. Иймээс Засгийн газар 2009 онд “Хоршоог хөгжүүлэх нийгмийн хэмжээний хөтөлбөр-ийг баталсан байна.
“Монгол мал” үндэсний хөтөлбөрийг хөдөө аж ахуйн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа хоршоодыг түшиглэн хэрэгжүүлж байгаа. Улсын хэмжээнд 170 гаруй мянган малчин өрх байгаа бөгөөд тэдгээр нь хөдөө аж ахуйн чиглэлийн хоршооллын үндсэн суурь, бааз нь болно. Малчдын хөдөлмөрийг хорших, хамтрах, үйл ажиллагааг идэвхжүүлэх нь ажлын байрыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.
Сангийн хөрөнгийг бүрдүүлэх журмыг баталлаа
Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавих журамыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Журмын хэрэгжилтэд хяналт тавьж, дүнг Засгийн газарт жил бүрийн 2 дугаар сард багтаан танилцуулж байхыг холбогдох сайд нарт даалгаж журмыг хэрэгжүүлэх, хяналт тавих асуудлаар хуулийн дагуу хамтран ажиллахыг Мэргэжлийн боловсрол, сургалтын Үндэсний зөвлөлд даалгав. Санд улсын болон орон нутгийн төсвөөс хуваарилах хөрөнгийг УИХ, аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батлах бөгөөд аж ахуйн нэгж, байгууллага сайн дурын үндсэн дээр хөрөнгө төвлөрүүлж болох юм байна.
“Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих сан” нь эрэлтэд суурилсан, төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурласан мэргэжлийн боловсрол, сургалтын үйлчилгээг дэмжих юм. Ерөнхий боловсролын сургуулийг төгсөгчид болон ажилгүй залуучууд, иргэдэд богино хугацаанд нийгэм, хөдөлмөрийн зах зээлд эрэлт хэрэгцээтэй байгаа мэргэжил эзэмшүүлж, ажлын байртай болгон ажилгүйдэл, ядууралтай тэмцэх төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд энэ сан чухал үүрэгтэй гэж Засгийн газар үзэж байна.
Газрын нэгдмэл сангийн нэгдсэн тайлантай танилцав
Засгийн газрын хуралдаанд Газрын нэгдмэл сангийн 2010 оны улсын нэгдсэн тайланг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга танилцуулав. Тайлан нь тайлангийн хугацаанд газрын ангилал болон газар өмчлөл, эзэмшил, ашиглалтын эрх зүйн байдал, тэдгээрт гарсан өөрчлөлтөд дүгнэлт өгөх, газрын талаар авч хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээг тодорхойлох ач холбогдолтой юм. Мөн цаашид газрыг өмчлөх, эзэмших, ашиглах, хуваарилах, хамгаалах, нөхөн сэргээх болон газар зохион байгуулалтын бусад арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх, газрын нэгдмэл сангийн өгөгдөхүүнд өөрчлөлт оруулах, улс, орон нутгийн статистик мэдээнд ашиглахад суурь материал болдог байна.
2010 онд газрын тухай хууль, тогтоомжийн хэрэгжилтэд хийсэн 1425 шалгалтаар 10 мянга гаруй зөрчил илэрчээ. Газар эзэмшигч, ашиглагч иргэн, хуулийн этгээд гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй зөрчил хамгийн их гарсан байна. Улсын хэмжээнд газар эзэмших, ашиглах, өмчлөхтэй холбоотой 73359 өргөдөл ирсний 1175 нь газар ашиглах, 45717 нь эзэмших, 25213 нь өмчлөх, бусад нь өөр төрлийн өргөдөл, хүсэлт байжээ.
70 асуудал хэлэлцэн шийдвэрлэжээ
Засгийн газрын 2011 оны гуравдугаар сарын үйл ажиллагааны талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар гишүүдэд танилцуулав. 2011 оны 3 дугаар сард Засгийн газар 9 удаа хуралдаж, 75 асуудлыг хэлэлцэн, 30 асуудалтай танилцсан байна. Хуралдаанаар 6 асуудлыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр, 4 асуудлыг хууль санаачлагчдад уламжлахаар, 1 асуудлыг Улсын Их Хурлын Байнгын хороотой зөвшилцөхөөр, 1 асуудлыг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр, 4 асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулах болж, 8 асуудлыг дахин хэлэлцэхээр хойшлуулсан байна.
Засгийн газраас гуравдугаар сард:
Монгол Улсад 2011 онд хөдөө аж ахуй, газар тариалан, мал эмнэлэг, ахуйн хортон шавьж, мэрэгч устгалын болон ариутгал, халдваргүйтгэлийн зориулалтаар ашиглаж болох пестицид, химийн бордоо, бусад бодисын жагсаалт, хэрэглэх хэмжээг батлав
Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвүүдэд машин, тоног төхөөрөмж хандивлах, ашиглах тухай Санамж бичигт гарын үсэг зурлаа.
“Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг батлуулав.
НҮБ-ын байгаль орчны хөтөлбөртэй хамтран “Байгалийн баялгийн үр ашигтай зарцуулалт бүхий ногоон эдийн засагт хүрэх шилжилтийн үеийн үндэсний стратеги” сэдэвт семинар зохион байгуулав.
ОХУ-аас үзүүлж буй буцалтгүй тусламжийн хүрээнд ирсэн 40 тонн холбооны сэлбэг, техник хэрэгслийг хүлээн авч, холбооны мэргэжлийн офицер, ахлагч нарыг сургалтад хамруулсан зэрэг томоохон ажил хийж, хэрэгжүүлжээ.
Засгийн газрын 2011 оны 3 дугаар сарын үйл ажиллагааны товч мэдээллийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын HTTP:/WWW.CABINET.GOV.MN/ вэб хуудасны “Засгийн газрын мэдээ, мэдээлэл, хуралдаан” булангаас үзэх боломжтой.
ТОВЧХОН
“Орон нутгийн Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-ийг хэлэлцэн дэмжээд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр боллоо. Хуулийн төсөлд улс төрийн нам, нэр дэвшигчийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт туссан бүх төрлийн зорилт, арга хэмжээ, үндсэн зорилго, хүрэх үр дүн, тэдгээрийг хэрэгжүүлэхэд улсын төсвөөс болон орон нутгийн төсвөөс шаардагдах санхүүжилтийн хэмжээг зорилт, арга хэмжээ нэг бүрээр тооцуулах, эх үүсвэрийг нь тодорхойлуулахтай холбогдсон харилцааг зохицуулахаар тусгажээ. Сонгуульд оролцогч нам, нэр дэвшигч нь улс орны эдийн засаг, санхүү, төсвийн бодит боломжоос хэтэрсэн зүйлийг мөрийн хөтөлбөртөө тусгаж, бэлэн мөнгө амлах зэргээр иргэдийн саналыг авах сөрөг үзэгдэл гарч байгаа юм.
АНУ-ын Сан Франциско, Япон Улсын Осака, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Гонконг хотод Монгол Улсын Ерөнхий консулын газар нээн ажиллуулах тухай УИХ-ын тогтоолийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. Сан Франциско хотод манай улсын 27 мянга, Осакад 2 мянган хүн ажиллаж, амьдардаг бол Гонконгод жилдээ 5 мянга хүртэл хүн зорчдог байна. Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэн, хуулийн этгээдийн хууль ёсны эрхийг тууштай хамгаалж, монгол иргэдэд туслах сан байгуулан, консулын албыг өргөжүүлэн бэхжүүлнэ гэж заасан юм. Хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас дамжууллаа.