
Монгол Улсын хувьд Тавантолгой төслийг хэрэгжүүлэх нь юу юунаас чухал байгаа. Тэр дундаа нүүрсээ боловсруулж нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгох нь нэн тэргүүний зорилт боловч өндөр зэрэглэлийн мэргэжилтэн, дэвшилтэт технологи ашиглах нь илүү үр дүн дагуулахаар байгаа юм. Харин Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ айлчлалынхаа хүрээнд өмнө яригдаж ирсэн “Монгол Улс уул уурхайн баялагаа ашиглахад Япон улс техник, технологийн тал дээр дэмжлэг үзүүлэх боломжтой. Үүнийг ажил хэрэг болгохыг хүсч байна” хэмээн тэмдэглэсний зэрэгцээ хоёр улсын Ерөнхий сайд нарын хамтарсан мэдэгдлээр нүүрсний салбарт хамтрах нь нэгэнтээ тодорхой болов. Энэ нь Монгол Улс нүүрсээ дан ганц Хятад улс руу экспортлох бус гуравдагч хөрш Япон руу гаргах эхлэл тавигдав уу хэмээн харж болохоор байна. Ингэж чадвал Монгол Улсын хувьд уул уурхайн салбарын экспорт дан ганц Хятад улсаас хамааралтай болчихоод байгаа нөлөөллөө багасгаж чадна. Мөн Японтой хийх нүүрсний экспортын үнэ дээр харилцан ашигтай гэрээ хэлэлцээрийг хийж чадвал эдийн засаг сэргэх бололцоо ч нээгдэх юм байна. Япон улсын хувьд Фукушимагийн цөмийн станц дахь ослын дараагаас хямд үнэтэй түүхий эдийн нөөцийг хилийн чанадаас эрэлхийлэх болж тэрхүү нөхцлийг нь Монгол Улс хангах болсон тухай гадаадын хэвлэлүүдэд тэмдэглэжээ. Тиймээс Тавантолгойн нүүрс ирээдүйд Япон руу экспортлогдох үндэс суурь энэ удаагийн айлчлалаар тавигдав уу хэмээн хэлж болох мэт. Гэхдээ Тавантолгойн нүүрсийг гуравдагч зах зээлд гаргахад төмөр зам чухал. Тиймээс хоёр улсын хувьд дэд бүтцийн салбарт хамтрахаар бас санал нэгдсэн нь, тэр дундаа нүүрс болон дэд бүтцийн салбарт хамтран хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн хүрээнд “Экспортын зээлийн шугам” нээх тухай хэлэлцээрийг байгуулахаар болсон нь Тавантолгойн нүүрсний экспорттой холбоотойгоор тавигдсан байж болох талтай аж.
Япон улсын холбогдох банкаас зээл авч, Дархан-Уул аймагт газрын тосны боловсруулах үйлдвэр барьж байгуулах асуудал өмнөх Засгийн газрын үед анх яригдсан юм. Гэхдээ энэ асуудал бодит ажил болж хэрэгжихэд Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэгийн Монгол Улсад хийсэн айлчлал түлхэц өглөө хэмээн албаны хүмүүс тэмдэглэж байна. Шинэчлэлийн Засгийн газрын зүгээс өнгөрсөн нэгдүгээр сард жилд 2 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай, төрийн өмчийн оролцоотой үйлдвэрийг 2015 онд багтаан барьж дуусгах. Үйлдвэрийг түлхүүр гардуулах нөхцөлөөр барьж байгуулах ажлыг Японы “Тоёо инженеринг” корпораци хамгийн сүүлийн үеийн технологиор, Монголын туслан гүйцэтгэгч компаниудын оролцоотой барьж байгуулах шийдвэрийг гаргаад байсан билээ. Үйлдвэрийг 600 орчим сая ам.доллараар барьж байгуулах хүсэлтээ Японы тал илэрхийлсэн байсан бөгөөд боломжийн үнэ хэмээн Засгийн газар үзсэн байсан юм. Харин Японы Ерөнхий сайд Шинзо Абэ айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн дунд, урт хугацааны хөгжлийн зорилтод багтсан Дарханд газрын тосны үйлдвэр байгуулах, Төв аймгийн Хөшигтийн хөндийд олон улсын нисэх онгоцны буудал байгуулахад дэмжлэг туслалцаа үзүүлж хамтран ажиллахаа бататгаж, ажлыг яаралтай эхлүүлэхийг хүссэнээр энэ бүхэн баталгаажиж байна.
Японы Ерөнхий сайдыг айлчлал хийхээс хоёр хоногийн өмнө Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг Хөшигтийн хөндийд баригдах олон улсын нисэх онгоцны буудал барих зардал анх төлөвлөж ярьснаас 100 орчим сая ам.доллараар өссөн тухай мэдэгдсэн. Энэ асуудлыг айлчлалын үеэр тодруулах шаардлага үүсч байгаа гэж онцолж байсан ч хэрхсэн нь тодорхойгүй байна. Хоёр улсын Ерөнхий сайд нарын ганцаарчилсан уулзалтын дараа хэвлэлийнхэнд хийсэн мэдэгдлийнхээ үеэр Шинзо Абэ шинэ олон улсын онгоцны буудлын ажлыг эхлүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлж хамтран ажиллахаа мэдэгдсэн нь энэ ажил эрчимжихийг нотолж байгаа юм.
Япон улсын Засгийн газраас Монгол Улсад 1991 оноос хойш нийт 93.5 тэрбум иенийн буцалтгүй тусламж, 75.8 тэрбум иенийн хөнгөлөлттэй зээл, 37.5 тэрбум ейнийн техник хамтын ажиллагааны тусламж тус тус үзүүлжээ. Үүнийг ам.долларт шилжүүлбэл 3.6 тэрбум ам.доллартай тэнцэх аж. Мөн Япон улсын тусламжаар хийгдсэн зарим ажлуудыг танилцуулбал,
- “Говь комбинат” баригдаж,
- IV цахилгаан станц, Багануур, Шивээ Овоогийн нүүрсний уурхайн хэвийн ажиллагаа хангагджээ
- Замын Үүдэд ачаа шилжүүлэн ачих байгууламж байгуулагдсанаар төмөр замын ачаа тээвэрлэх хүчин чадал сайжирсан
- Холбооны салбарт ИНТЕЛСАТ-ын газрын станц, улс, хот хоорондын электрон автомат телефон станц, радио релейны станц суурилагдсан
- Улаанбаатар хотын нийтийн тээвэрт 120 автобус, засварын газар, сэлбэг хэрэгсэл нийлүүлэгдсэн
- Баяндаваа, Улаанбаатар хотод асфальтын зам буюу Нарны зам, гүүр баригдаж, Мянганы замын зүүн хэсэгт 30 км зам, гүүр барих, замын машин, техник нийлүүлэх ажил хийгдээд байгаа
- Цаг уурын мэдээллийн сүлжээ сайжирсан
- Хот, хөдөөгийн 10 гаруй эмнэлэг орчин үеийн тоног төхөөрөмжтэй болсон
- Соёлын буцалтгүй тусламжийн 16 төсөл хэрэгжиж, соёл, урлаг, шинжлэх ухааны олон байгууллагын материаллаг бааз сайжирсан
- 2002 онд Улаанбаатар хотод нээгдсэн Монгол, Японы хүний нөөцийг хөгжүүлэх төвд бизнес, мэдээллийн технологи, япон хэл, компьютерийн сургалт явагдаж 205 мянган хүн хамрагдсан
- Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд зориулж 29 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг 2006 онд олгосон байна.