Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлаар чуулна

Хуучирсан мэдээ: 2013.04.01-нд нийтлэгдсэн

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлаар чуулна

“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, хамгааллын бодлого-шинэчлэл” үндэсний чуулганыг зохион байгуулахаар болж түүнийг угтсан нэг сарын аянг өрнүүлж байгаа талаар өнөөдөр ХАХНХЯ-ны сайд С.Эрдэнэ, холбогдох албаны хүмүүс, СЗХҮТ-ын тэргүүн Б.Нарантуяа, болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төрийн бус байгууллага, холбоодоос мэдээлэл хийлээ.

Үндэсний статистикийн хорооны 2011 оны судалгаагаар Монгол улсад 86865 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байна гэсэн гэсэн тоон мэдээлэл байгаа бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал нь нийгмийн халамжийн асуудал төдийгүй нийт хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлогын төвд байх ёстой чухал асуудал. Гэтэл өнөөдөр Монгол улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар хууль эрх зүйн болон бодлогын баримт бичгүүдийн хэрэгжилт хангалтгүй, түүнд тавих хяналт сул, тэдний эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн харилцаанд оролцох эрхүүд нь хязгаарлагдмал, хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй ажиллах боловсон хүчний нөөц дутмаг, дэд бүтцийн орчны нөхцөл бүрэн шийдэгдээгүй асуудлууд байсаар л байдаг. Харин Хүн амын хөгжил, нийгмийн хамгаалал хөдөлмөрийн хамгааллын сайд 2013 оны гуравдугаар сарын 12-ны өдрийн А/22 тоот тушаалаар “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, хамгааллын бодлого-шинэчлэл” үндэсний чуулганыг зохион байгуулах гэж байна.

Үндэсний чуулганыг угтан “Оролцоог бодит болгоё” сэдэвт нэг сарын аяныг зохион байгуулахаар болжээ. Аяны хүрээнд эрдэм шинжилгээний онол, практикийн хурал, оюутан сурагчдыг хамарсан бүтээлийн уралдаан, харааны бэрхшээлтэй иргэд ХАХНХЯ-ны цахим хуудасны мэдээ, мэдээллийг сонсдог болох төсөл, Монгол улсад хөгжлийн бэрхшээлийн талаар авч хэрэгжүүлж байсан бодлого, үйл ажиллагааны өнгөрсөн, одоо, ирээдүй баримтат кино бүтээх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх нөхөн сэргээх , сэргээн засах үйлчилгээ зэрэг олон арга хэмжээг зохион байгуулах юм. Энэхүү сарын аян маргааш буюу дөрөвдүгээр сарын 02-нд нээлтээ хийх юм байна.

М.НАРАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж