Хуучирсан мэдээ: 2013.03.11-нд нийтлэгдсэн

"Twitter" микро блогийн ашиг орлого ойрын жилүүдэд нэмэгдэнэ гэж санхүүгийн шинжилгээний томоохон фирм тодорхойлж байна.

"eMarketer"
байгууллагын таамагласнаар энэ онд "Twitter" 528.8 сая ам.доллар, ирэх
онд 950 сая, 2015 онд 1.33 тэрбум ам.долларт хүрэх аж. Хоёр жилийн
хугацаанд тус сайтын орлого энэ оныхоос 53 хувиар нэмэгдэнэ.

Шинжилгээний
байгууллагын таамаглаж буйгаар "Twitter"-ийн гар утаснаас орж ирэх
орлого 2011 оноос харьцангуй өссөн. Энэ нь ойрын хоёр жилд ч өсөх бөгөөд
2015 он гэхэд тус сайтын хэрэглэгчдийн 60 хувь нь гар утаснаас ашиглана
гэж "eMarketer" фирм тодорхойлж байна.

Тус байгууллагын албаны
хүн "Bloomberg"-д өгсөн ярилцлагадаа "Энэ онд юм уу, ирэх онд "Twitter"
санхүүгийн талаар хичээж ажиллах шаардлагатай. Тэд ирэх онд Нью-Йоркийн
биржид IPO гаргахаар ярьж байна. Энэ нь амжилтад хүрнэ гэдэгт шинжээчид
эргэлзэхгүй байгаа" гэжээ.

Энэ оны нэгдүгээр сард "Twitter"-ийн
удирдлагууд ирэх онд IPO гаргах гэж байгаагаа мэдэгдсэн юм. Гэвч
одоогийн байдлаар ямар компаниар дамжуулан биржид гаргах нь тодорхойгүй
байна. Өнгөрсөн оны тавдугаар сард "Facebook" IPO гаргасан ч онцгой
амжилт үзүүлэхгүй байгаа юм.

Т.ТҮВШИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж