Бүх оддын тоглолтод Зүүн бүсийнхэн яллаа

Хуучирсан мэдээ: 2013.04.01-нд нийтлэгдсэн

Бүх оддын тоглолтод Зүүн бүсийнхэн яллаа

Cпрайт супер лигийн “Бүх оддын тоглолт"-д Зүүн бүсийнхэн 54:53-р ялалт байгууллаа

Оюутан, залуучуудын дунд зохион байгуулдаг сагсан бөмбөгийн “Спрайт супер лиг”-ийн “Бүх оддын тоглолт” өчигдөр /03.31/ Буянт-Ухаа дахь спортын шинэ ордонд боллоо. “Бүх Оддын Тоглолт”-д “Зүүн бүс”-ийнхэн “Баруун бүс”-ийнхнийг  54:53 харьцаагаар буулган авлаа.
“М-Си-Эс Кока-Кола” компани болон “TLG-13” ТББ-с зохион байгуулдаг сагсан бөмбөгийн “Спрайт Супер Лиг”-н тэмцээнд энэ жил нийт 20 багийн 300 орчим тамирчид өрсөлдөж байгаа. Эрүүл идэвхитэй амьдралын хэв маягийг хүүхэд залуучуудад хэвшүүлэх зорилготой тус тэмцээний “Бүх Оддын Тоглолт” энэ жил 6 дахь удаагаа зохиогдлоо. Буянт Ухаа дахь спортын шинэ ордонд болсон тус “Бүх Оддын Тоглолт” сагсан бөмбөгийн олон сонирхолтой тэмцээн, үзүүлбэрээр дүүрэн болж, талбайд цугласан 5000 орчим үзэгч шоу тоглолтын сайхныг мэдэрсэн.

Лигийн шилдэг мэргэн буучдын дунд болдог 3 онооны шидэлтийн тэмцээнд 7 тамирчин оролцсон. Тэднээс ИНЕГ багийн Удаанжаргал 10 оноо, Монголианс багийн Н.Борхүү, Монторх багийн Н.Лигдэн, Soldiers багийн А.Алтангэрэл нар 9 оноо авч эцсийн шатанд үлдсэн. Ингээд эцсийн шатанд Монголианс багийн Н.Борхүү 11оноо авсанаар 3 онооны шидэлтийн тэмцээний аварга болж, 500,000 төгрөг, үнэ бүхий зүйлсээр шагнуулсан. Ур чадварын тэмцээнд 6 холбон тоглогч оролцсоноос Танан Импекс багийн Б.Оргилболд 35 секунд, Отгонтэнгэр багийн Э.Энхтөгс 27 секундын амжилт үзүүлж, сүүлийн шатанд шалгарсан. Ингээд сүүлийн шатанд Танан Импекс багийн Б.Оргилболд өмнөх шатны амжилтаа ахиулж 31 секундэд даалгавраа биелүүлсэнээр Ур чадварын тэмцээний аварга болж, 500,000 төгрөг, үнэ бүхий зүйлсээр шагнуулсан.

Харин цагариган дээрээс довтлох тэмцээнд Үндэсний Супер Лигийн легионер 5 тамирчин оролцож, үзүүлбэр үзүүлсэн нь тун сонирхолтой болсон. Эхний шатанд тамирчин тус бүр 2 үзүүлбэр үзүүлсэн. Тэднээс Devon Clark 90 оноо, Decorey Jones 90 оноо авсанаар эхний шатнаас хасагдсан. Харин  Marcus Hammonds 91 оноо, Freddie Woods 92 оноо, Kendrick Black 97 оноо авсанаар эцсийн шатанд шалгаран үлдсэн. Эцсийн шатанд тамирчид ганц л үзүүлбэр үзүүлсэн. Энэ шатанд Freddie Woods 40 оноо, Marcus Hammonds 48 оноо, Kendrick Black 48 оноо авсан. Ингэснээр 2 тамирчины оноо тэнцэж, дахиад 1 үзүүлбэр үзүүлсэн. Ингээд Marcus Hammonds 48 оноо, харин Kendrick Black 2 хүүхдийн дээгүүр давж үсрэн, бүтэн 50 оноогоо авсанаар Цагариган дээрээс довтлох тэмцээний аварга болсон. Таван цэгээс шидэж өрсөлддөг Багийн шидэлтийн тэмцээнд Отгонтэнгэр, Панасоник, Эрдэнэдрийлинг болон Мега Старс гэсэн багууд оролцсон. Тэднээс Панасоник баг 34 секунд, Мега Старс 31 секундын амжилт үзүүлсэнээр, эцсийн шатанд шалгарсан. Эцсийн шатанд Панасоник баг 55 секундэд даалгавраа биелүүлсэн. Харин  Мега Старс баг 48 секундын амжилт үзүүлсэнээр Багийн шидэлтийн тэмцээний аваргаар тодорсон. Энэ удаагийн “Бүх Оддын Тоглолт”-нд  Баруун, Зүүн бүсийн шилдэг 24 тамирчид  шалгаран өрсөлдсөн. Тун ширүүн өрсөлдсөн “Бүх Одод”-н тоглолтонд П.Эрдэнэчулуун, Ж.Отгондарь дасгалжуулагчтай Зүүн Бүсийн баг 54-53-н харьцаатай , ердөө 1 оноогоор хожлоо. Ингэснээр тэд 1 сая төгрөг хожсон бөгөөд энэ шагналыг хүүхдийн халамжын төвд сагсны талбай барихад хандивлаж байгаа юм. Харин “Бүх Одод”-н үнэ цэнэтэй тоглогчоор Панасоник багийн А.Тэмүүжин тодорч, 1 сая төгрөгний шагнал хүртсэн. Тус “Бүх оддын тоглолт"-ыг  Э.Цолмонбаяр, А.Өнөржаргал нар хөтөлж, мөн рэппэр Rokit Bay, амьд хөгжмийн UFO, Green mask  хамтлагууд ирж ая дуугаа өргөсөн. Мөн монголдоо шинэ үзүүлбэр болох Acro Dunk үзүүлбэрийн Power Light баг ирж, гайхалтай тохолтуудаар үзэгчдэд бэлэг барьсан.

Сануулахад, энэ долоо хоногийн бямба, ням гаригт сагсан бөмбөгийн Үндэсний супер лигийн “Бүх оддын тоглолт” Буянт Ухаа дахь спортын шинэ цогцолборт болох билээ.










NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж