
УИХ-аар хамгийн эхэнд “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг товлон зарлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхээр болсон байна. Ерөнхийлөгч тангараг өргөх өдрийг Улсын Их Хурал товлон тогтоохоор хуульд заасан байдаг тул ийн эхэнд жагсаасан байна. Мөн Ерөнхийлөгчийн хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд улсын төсвөөс санхүүжүүлэх зардлын хэмжээг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг ч хэлэлцэх аж.
Хэлэлцэх асуудлын гуравт Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл оржээ.
Хуулиар хөрөнгө оруулагчдад 100 тэрбум төгрөгийн босго тавьж байсныг өөрчлөх, хөрөнгө оруулалт 49 хувиас дээш давсан нөхцөлд зөвхөн төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжид уг хууль үйлчлэх өөрчлөлт хийх санаа уг хуулийн төсөлд багтсан байна.
Дараагаар нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэнэ. Энэ хуулийн төслийн агуулга нь хөрөнгийн зах зээлийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн үнэт цаасны зах зээлийн мэргэжлийн оролцогчдод тавигдах шаардлагыг нэмэгдүүлэх, анхан шатны үйлчилгээний стандарт, зохион байгуулалтыг сайжруулах зорилготой гэнэ.
2006 оны байдлаар 25, 2010 оны байдлаар 51 брокер, дилерийн компани үнэт цаасны зах зээлд үйл ажиллагаа явуулж байсан бол энэ тоо 2011 оны 11 дүгээр сард 88 болтлоо эрс өсчээ. Энэ нь хөрөнгийн зах зээлийн эрэлт хэрэгцээтэй холбоотой хэдий боловч одоогийн хуульд дээрх төрлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авахад тавигдах шаардлага төдийлөн өндөр биш байдаг аж. Өөрөөр хэлбэл үндсэндээ 50 сая төгрөгтэй этгээд энэ төрлийн үйл ажиллагааг эхлэх боломжтой байдаг нь хөрөнгө оруулагчдад учирч болох эрсдлийг нэмэгдүүлж байгаа юм байна. Үнэт цаасны зах зээл дэх улсын байцаагчийн эрх хэмжээ тодорхойгүй, хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага хэт бага хэмжээний торгуулиас хэтрэхгүй байгаа аж. Тиймээс уг хуулийн төслөөр Үнэт цаасны зах зээлд оролцох, үйлчилгээ үзүүлэх мэргэжлийн байгууллагын төрөл, бүртгэлийн үндсэн дээр эрхлэх үйл ажиллагаа, тавигдах нөхцөл, шаардлагыг шинээр тогтоож, нарийвчилсан дүрэм журмаар зохицуулахаар заасан байна. Мөн Төрийн эрх бүхий байгууллага үнэт цаасны зах зээл дэх бүрэн эрх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх арга хэмжээний төрөл, хэлбэр, ялгааг заахаас гадна өөрийгөө зохицуулах байгууллагын эрх зүйн байдлыг тодорхойлж, тэдгээрийн бүрэн эрх, гишүүнчлэлийн асуудал зэргийг тусгажээ.
Мөн дараалалд Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг хэлэлцэх аж. Энэхүү үндсэн чиглэлийг анх боловсруулахдаа 2011 он болон 2012-2014 оны дэлхийн эдийн засгийн төлөв байдал, учирч болох эрсдэлүүдэд дүгнэлт хийж, олон улсын банк санхүү, судалгааны байгууллагуудаас гаргаж байгаа экспортын гол бүтээгдэхүүн, эрдэс баялагийн үнийн төсөөллийн талаархи тооцоо, судалгаанд тулгуурласан бөгөөд уг чиглэл хэрхэн биелсэн талаар дүгнэлт хийх юм.
Хэлэлцэх асуудлын зургаад “Монгол Улсын 2012 оны төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгдсэн тайлан батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл орсон бол, долоод Нийслэлийн гэр хорооллыг дэд бүтэцжүүлэхэд шаардагдах санхүүгийн арга хэмжээний тухай хуулийн төсөл багтжээ. Хуулийн төслийг өргөн барьсан гишүүд энэхүү хууль батлагдсанаар гэр хорооллыг дэд бүтэцжүүлэх ажил эрхзүйн болон санхүүжилтын хувьд бүрэн шийдэгдэнэ үзэж буй аж. Өөрөөр хэлбэл, Монголын хүн амын 40 орчим хувь нь амьдарч байгаа Улаанбаатар хотын гэр хорооллын амьдрах нөхцлийг сайжруулах дэд бүтцийг бий болгоход их хэмжээний санхүүжилт хэрэгтэй байгаа бөгөөд энэ ажлыг яаралтай хийхийн тулд бусад орнуудад хэрэглэдэг зорилтот татварыг бий болгох шаардлагатай хэмээн үзэж байгаа юм байна. Монгол улсын уул уурхайн бүтээгдэхүүн тэр дундаа нүүрсний экспорт жил ирэх тусам нэмэгдэж байгаа билээ. Иймээс нүүрс болон төмрийн хүдрийн бүтээгдэхүүнд долоо хүртэл хувийн татвар ногдуулж эндээс бүрдэх орлогыг бүхэлд нь гэр хорооллын дэд бүтцийг сайжруулахад зориулахаар хуулийн төсөлд тусгажээ. Нүүрс болон төмрийн хүдэрт экспортын татвар ногдуулснаар жилд 370 сая ам.долларын орлого орох бөгөөд Гэр хорооллыг дэд бүтэцжүүлэхэд шаардлагатай 1,8 их наяд төгрөгийн санхүүжилтыг 3-4 жилд бүрдүүлэх юм.
Хэлэлцэх асуудлын наймаас аравт “Улсын төсвийн хөрөнгөөр 2014-2016 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Монгол Улсын 2014 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2015-2016 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл, “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүд багтжээ.
Дараагаар нь Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэх аж. Өнгөрсөн 19 жилийн хугацаанд эрүүл мэндийн даатгалд хүн амын дийлэнх хэсэг хамрагдаж 2011 онд 98,6% – д хүрчээ. “Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай” хууль 1993 онд батлагдснаас хойш нийт 9 удаагийн нэмэлт өөрчлөлт оруулж, нэг удаа шинэчлэн найруулсан бөгөөд хамгийн сүүлд 2006 онд уг хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан байна. Энэ нэмэлт өөрчлөлтүүд нь тухайн цаг үеийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэгдэж байсан хэдий ч даатгуулагчийн эрхийг хамгаалах, тэдэнд хэрэгцээтэй чанартай үйлчилгээг худалдан авдаг даатгалын байгууллагыг төлөвшүүлэн бэхжүүлэх зэрэг олон бэрхшээлийг хараахан шийдвэрлээгүй байна. Үүний тулд эрүүл мэндийн даатгалын харилцаанд оролцогч талуудын чиг үүргийн зааг ялгааг тодорхой болгох талаар даатгалын тогтолцоонд дорвитой өөрчлөлт оруулахад энэ төсөл чиглэсэн байна. Тодруулбал, даатгуулагч өвдсөн, үйлчилгээ шаардлагатай үедээ санхүүгийн эрсдлээс төдийлөн хагаалагддааггүй, өвчнөөс урьдчилан сэргийлэх үйлчилгээ ЭМД-ын үйлчилгээнд оновчтой тусгагдаагүй зэргээс үүдэн иргэний өөрөөсөө төлөх төлбөр нэмэгдэж улмаар ядууралд ороход нөлөөлж бөйгаа зэрэг асуудлыг шийдвэрлэхийн тулд ЭМД-ын хамрагдах үйлчилгээний нэр төрлийг даатгуулагчийн эрүүл мэндийн хэрэгцээтэй уялдуулан өргөжүүлж даатгалын зардлын хамралтыг нэмэгдүүлэхээр тусгасан байна. Мөн эрүүл мэндийн тусламж, даатгалын тогтолцоог төгөлдөржүүлэх, эрүүл мэндийн даатгалын сангийн менежментийг сайжруулах, улсын төсвөөс хавтгайруулан хэт олон даатгуулагчийн шимтгэлийг хариуцаж байгаагаас Засгийн газраас тэдний эрүүл мэндийг хамгаалуулах шимтгэлийн хэмжээг маш бага түвшинд тогтоодгийг өөрчлөх зэрэг хэд хэдэн өөрчлөлийг хийхээр хуулийн төсөлд тусгасан байна
Мөн УИХ энэ удаагийн чуулганаар газрын харилцаа, газар өмчлөлтэй холбоотой хэд хэдэн хуулиудад анхаарал хандуулахаар болжээ. Үүнд, Газрын тухай хуулийн төсөл, Газрын төлбөрийн тухай хуулийн төсөл, Газрын кадастрын тухай хуулийн төсөл, Геодези, зураг зүйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон Баянмонгол (Эрдэнэс Монгол) компанийн тухай, Хүний хөгжил сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд багтаж буй аж. Жишээ нь, Баянмонгол компанийн тухай хуулийн агуулга нь газар өмчлөх эрхийг газрын сертификат хэлбэрээр олгох аж. Энэ төслийн талаар хууль санаачлагч “Газрын сертификатыг эзэмшсэнээрээ иргэн бүр өөрийн өмчийн газартай болж байна гэсэн баталгаа юм. Энэхүү сертификатаар газраа сольж авах ба иргэн хүсвэл үнэт цаасны адилаар хөрөнгийн зах зээл дээр арилжих, мөн бэлэглэх, өвлүүлэх боломжтой байх юм. Үүнийг дагаад үл хөдлөх хөрөнгийн болон үнэт цаасны цоо шинэ зах зээл бий болно. Гэхдээ хамгийн гол утга агуулга нь гэвэл газар өмчлөх эрхийн бичгээр дамжуулан иргэн бүр газрын эзэн болж, үүгээрээ хөрөнгийн зах зээл дээрээс хөрөнгө босгох, зээлийн барьцаа, визний баталгаа болгох зэргээр эдийн засгийн баталгаагаа хангадаг байх юм” хэмээн тайлбарласан байна.
УИХ-ын хаврын хэлэлцэх асуудлын төгсгөлд Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл оржээ. Энэ төсөлд, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга, яамны Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга болон УИХ-д ажлаа тайлагнадаг байгууллагуудын ерөнхий менежер, Үндсэн хуулийн цэцийн ажлын албаны дарга, ерөнхий прокурорын газрын Тамгын газрын дарга, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд сонгон шалгаруулалт явуулж, дүгнэлт гарган эрх бүхий албан тушаалтанд санал болгох чиг үүргийг Төрийн албаны зөвлөл, тэдгээрээс бусад төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд сонгон шалгаруулалт явуулж, дүгнэлт гаргах эрхийг Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд, харин салбар зөвлөлгүй төрийн албаны тухайд томилох эрх бүхий этгээдээр төлөөлүүлэн гүйцэтгүүлэх замаар хэрэгжүүлэх зэрэг саналууд багтсан байна.