Манай С.Дашдондог багш аугаа их эрдэмтэн, судлаач байсан. Харин арай эрт хорвоог орхисонд маш их харамсдаг. Миний хувьд С.Дашдондог багшийн тухай хамаагүй нийтэд яримааргүй байна. Яагаад ч юм бэ, харамлах сэтгэл төрдөг, тийм нандин эрдэнэ юм шиг эрдэмтэн хүн билээ. Гэхдээ багшийнхаа мэндэлсний 90 жилийн ойг тохиолдуулан одоо л саналаа илэрхийлэхгүй бол хэзээ илэрхийлэх юм бэ гэсэн сэтгэгдэл төрлөө.
С.Дашдондог багштайгаа анх 1989 оны намар Театрын музей дээр танилцсан юм. С.Дашдондог багштай танил гэдэг маань одоо ч миний судлаачийн хувь дахь том бахархал болж байна. 1996 оны өвөл байсан юм уу, 1997 оны эх ч билүү, Дуурь бүжгийн эрдмийн театрын дэргэдүүр явж байхдаа С.Дашдондог багштайгаа таараад үг солилцсон минь хамгийн сүүлчийн уулзалт болсон байх юм. Театрын хажууд гадаа зогсоод, багш маань “Аяако, миний номыг япон хэлээр орчуулж өгөөч” гэж надад хэлсэн. Өчүүхэн гадаадын оюутан надад Монголын алдартай эрдэмтэн хүн тэгж хэлсэнд би маш их баяртай байсан. Харин тэр үед би эрдмийн зэрэг хамгаалах гэж байсан цаг үе тул, тэр тухайгаа багшдаа хэлтэл багш маань “Эрдмийнхээ ажлыг хурдан сайн дуусгаад хамгаалсныхаа дараа орчуулж өгнө үү” гэж сайхан үг хайрласан сан. Одоо ч багшийнхаа тэр үгийг мартаагүй, хааяа санаанд орж ирдэг боловч багшийнхаа захиасыг биелүүлж чадаагүй яваадаа ихэд харамсаж явдаг юм.
С.Дашдондог багш бол сайхан сэтгэлтэй, даруухан зантай, Монголын түүхэнд нэрээ үлдээсэн, жинтэй бүтээл бүтээсэн эрдэмтэн судлаач хүн байсан. Монголын театр судлаачаар хамгийн эхний эгнээнд нэр гарах ёстой хүн яах аргагүй мөн. Харин өчүүхэн гадаадын судлаачийн гаднаас нь гадарласан санаагаар бол харьцангуй Монгол дахь үнэлгээ нь бага юм шиг, бүр илүү үнэлүүлэх ёстой судлаач шиг санагддаг юм. С.Дашдондог багшийн номыг нямбай уншвал цаана нь Монголын урлагийнхны амьдрал, амь, амьсгааг мэдрэх боломжтой тийм сонирхолтой тэмдэг олон бий. Монголын театр судлалд С.Дашдондог багшийн бүтээсэн ажил үйлс асар их, оруулсан хувь нэмэр нь жинтэй гэдгийг Театрт хамаарах хүн бүр сайн мэддэг байх. Тиймээс гадаадын хүн олон үг нурших ёсгүй ч гагцхүү миний хувьд С.Дашдондог багшийгаа эрдэмтний хувьд хүндэтгэж явдгаас гадна, миний талийгаач өвөөтэй царай зүс маш төстэй, бараг ихэр юм шиг гэмээр адилхан хүн байсан тул 1989 оны нийгмийн эргэлтийн цаг үед Монголд дахин өвөөтэйгээ учирсан юм шиг санагддаг байсныг нуух юун. Одоо ч анх танилцсан мөчийн тухайд мартагдашгүй дурсамжаа би тээсээр яваа билээ.
Токио хот. 2013.03.25