Тамирчид уриалга гаргалаа

Хуучирсан мэдээ: 2010.04.13-нд нийтлэгдсэн

Тамирчид уриалга гаргалаа

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Э.Бадар-Ууган, Х.Цагаанбаатар, гавьяат тамирчин Б.Наранбаатар нарын байгуулсан “Амжилтын төлөө хамтдаа” ТББ-ынхан  Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх тухай өнгөрсөн гуравдугаар сард гаргасан зарлигийг дэмжиж байгаагаа илэрхийлжээ.

Тэд хүн амын орчин үеийн эрүүл амьдралын хэв маяг, зан үйлд сургах, аливаа саад, бэрхшээлийг даван туулах бие, сэтгэлийн тэсвэр хатуужилтай шинэ үеийг бий болгох зорилгоор “Хүн амын бие бялдрын хөгжил, чийрэгжилтийн түвшин тогтоох сорил”-ыг жил бүрийн дөрөвдүгээр сард явуулж, үнэлэлт дүгнэлтийг үндэслэн, шаардлагатай арга хэмжээ авч ажиллах, Биеийн тамир, спортыг нийтийн үйл хэрэг болгох зорилгоор дунд болон их, дээд сургуулиудад биеийн тамир, спортыг  сургалтын тэргүүлэх чиглэл болгож, сурагч, оюутнуудыг спортоор хичээллэх таатай орчин нөхцөлөөр хангах, спортын хамтлаг, клубуудын тогтолцоог нэвтрүүлж ажиллахыг уриалсан уг зарлигийг дэмжиж байгаа тухайгаа өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгчид уламжилсан байна.

Ингэснээрээ “Амжилтын төлөө хамтдаа”-гийн хамт олон буюу манай спортын шилдэг тамирчид бусад Төрийн бус байгууллагуудаас анхлан хүн амын эрүүл мэнд, Монголын биеийн тамир, спортод үр дүнгээ өгөх зарлигийг дэмжсэнээ илэрхийлж, уг зарлигийг хэрэгжүүлэхэд идэвхитэй оролцохыг нийт ард түмэндээ хандан уриалж байгаа бөгөөд тун удахгүй уриалгынхаа талаар Ерөнхийлөгчид албан ёсоор танилцуулах юм байна.

Уриалгад,

“Эрхэм Ерөнхийлөгч таны санаачилгаар “Хүн амын бие бялдрын хөгжил, чийрэгжилтийн түвшин тогтоох сорил”-ыг жил бүр явуулж байхаар болсон нь Монголын нийт хүн амын эрүүл мэнд, чийрэгжилт, бие бялдрын хөгжил, цаашлаад тив, дэлхийн хэмжээний өндөр зэрэглэлийн тамирчдыг бэлтгэн гаргахад түлхэц болно гэдэгт найдаж байна. Иймд энэ санаачилгыг дэмжин ажиллаж, хүн бүр эрүүл чийрэг байж, спортоор хичээллэхийг манай байгууллагын зүгээс өөрсдийн үйл ажиллагаагаар уриалан, сурталчлах болно гэдгийг уламжилъя. Монголын спортын салбар өнгөрсөн онд Биеийн тамир, спортод төрөөс баримтлах бодлоготой болсон бол энэ онд Ерөнхийлөгч та уг бодлогын гол тулгуур болсон нийтийн биеийн тамир, хүн амын бие бялдрын хүмүүжилд чухал ач холбогдол өгөх зарлиг гаргасан нь Монголын ард түмний эрүүл мэнд, Монголын тамирчдын ирээдүйн амжилтад чухал нөлөө үзүүлнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлээд нийт ард түмэндээ хандан, Спортод төрөөс баримтлах бодлогыг дэмжин, зарлигийг бүх нийтээр дагаж мөрдөхийг манай байгууллагын зүгээс уриалж байна” гэжээ.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж