Хуучирсан мэдээ: 2013.04.01-нд нийтлэгдсэн

Яагаад гал тавив?

Сүүлийн хоёр долоо хоногт олны анхаарлыг татаж байсан галын хэрэг тун эмгэнэлтэйгээр төгсч, Түлэнхийн төвд эмчлүүлж байсан гэр бүлийн зургаан хүн бүгд нас барлаа. Нэг гэр бүлийг гал голомтоор нь сүйдлэх сэдлээр галдан шатаасан  залуу одоохондоо эмч нарын гар дээр үхэх, сэхэхээ үзэж байгаа ч тун удахгүй үүнээс өөр газарт хүргэгдэж, хийсэн хэргээ хуулийн дагуу шүүлгэх болно.

Гэр бүлийн маргаанаас үүдэн уур хорсол, улмаар өс хонзон зангидсан залуу тайвширч чадахгүй явсаар аав, ээж, ахан дүүсийнхээ аминд хүрчихээд байгаа нь энэ. Хэдийгээр хадмууд ч гэлээ олон жил ураг барилдаж, эжий, аав бололцож явсан залуу яагаад ийм хэрэг үйлдэв, яаж ингэж зүрхлэв ээ?

Түлэнхийн төвийн эмчлэгч эмч энэ хэргийн талаар тайлбар хийхдээ “Энэ бол нийгмийн бухимдал, стресс ямар аюултай төвшинд хүрснийг  харуулж байна” гэсэн онош хэлжээ. Харин хэргийг өдүүлсэн шууд шалтгаан нь гэр бүлийн таарамжгүй байдал. Хэрүүл, хэлцэлгүй гэр бүл гэж ховор. Ялангуяа өөрсдөөс хамаарахгүй, шийдэгдэхгүй өдий төдий бэрхшээлээр дүүрсэн өнөөгийнх шиг нийгэмд үргэлж инээж байдаг гэр бүл ховордсон. Энэ талаар сэтгэл судлаач Ц.Зэсэнхүү хэлэхдээ “Нийгэм дэх массын бухимдал, хямралын төвшин өндөр байгаа нь гэр бүлийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлсөөр гэр бүл салалтын хэмжээ жилээс жилд өсч байна. Гэр бүлийн амьдрал нь ямар ч хүний хувь жолоодож авч явахад нэлээдгүй төвөгтэй харилцаа  байдаг. Тэгэхээр стресс хямралтай хүмүүс гэр бүлээ авч явна гэдэг маш хүнд зүйл юм. Үүн дээр тухайн гэр бүлд “гадаад ертөнц”-өөс ирж байгаа ачаалал нь  гэр бүлийн асуудлуудыг нь улам бүр хүндрүүлсээр эцэст нь гэр бүлийн харилцаанаас залхах, халшрах, зугтах, мэдрэлийн ядаргаанд орох, архидан согтуурах, араар тавих, хүчирхийлэх зэрэг гаж үзэгдлүүдийг бий болгож байна” гэжээ.

Үнэхээр ч бид нийгмийн тогтолцооны өөрчлөлт хийж, өмнөх итгэл үнэмшлээ өөрөөр солих үйл явцыг туулж байгаа эмзэг үеийнхэн. Ийм үед хүмүүсийн оюун санаа нэг хэсэгтээ хоосорч, ёс суртахууны үнэлэмж, чиг баримжаагаа алддаг аж. Үүнтэй зэрэгцээд эдийн засгийн өсөлт нь хүндээ, өрх гэр бүлдээ наалдаж өгөхгүй, ажилгүй, ядуу хэвээрээ байхыг хэн маань ч удаан тэвчихийг хүсэхгүй шүү дээ. Аливаа асуудалд өөрсдөө гарц олж чадахгүй ядаж байхад тэрхүү гарцыг нээж өгөх боломж, эрх мэдэлтэй хүмүүс нь нийгэмд биш тодорхой хэдэн гэр бүлд, тодруулбал авлигачдад үйлчлээд байгаа шударга бус явдлыг хараад сууна гэдэг хэцүү зүйл. Энэ бүхнээс үүдэлтэй стресс, хямрал ямар аймшигтай “гал” болж шатдагийн нэг жишээ нь л дээрх хэрэг. Гэр бүлийнхнээ хөнөөсөн тэр залуу эцсийн дүндээ өөрөө энэ нийгмийн золиос, хохирогч нь юм.

Өнөөдөр залуу гэр бүлүүдэд үзүүлдэг нийгмийн тусламж, үйлчилгээ огт алга. Дүүргийн эрүүл мэндийн төвүүдийн дэргэдэх нөхөн үржихүйн кабинетуудыг энд нэрлэх нь утгагүй. Учир нь уг кабинетуудын үйлчилгээ огт өөр зорилго, чиглэлтэй. Нэг хэсэг төрөөс олгож байсан залуу гэр бүлийн мөнгө, одоо ч үргэлжилж буй хүүхдийн мөнгө зэргийг нийгмийн халамжийн үйлчилгээ гэж эндүүрдгээ одоо болимоор байна. Гэр бүлд зөвлөгөө өгдөг сэтгэл зүйчид өнөөдөр хэрэгтэй байна. Өөрсдөө шийдэж чадахгүй байгаа аливаа асуудлаар ярилцдаг, тусламж авдаг үйлчилгээг өнөөдөр мунхарлалд суурилсан элдэв дом, засал, лам, бөө зэрэг нь орлож байна. Эрүүлжүүлэх нь эмнэлгийн дэргэд биш хүчний байгууллагынхаа дэргэд байдаг Монголд олон зүйлийг орвонгоор нь эргүүлж, хүн амдаа туслах цаг болсон юм биш үү. Тэгэхгүй бол нийгэм маань тэр чигтээ “шатахад” бэлэн байна.

Жич: Өнгөрсөн өдрүүдэд гарсан гал түймрийн хэрэг, зөрчлийн улмаас хохирогсдын нэг нь дөрвөн настай хүүхэд байлаа. Хөөрхий жаал харах хүнгүй, хүйтэн гэрт өдөржин өнждөг байсан байх… Мөн хорин хэдтэй залуу ажлын байрандаа газ дэлбэрсний улмаас амиа алдсан. Ахуйн хэрэглээний гааз цэнэглэдэг байсан тэрбээр аюулгүйн ажиллагааны дүрэм, горимгүй, зориулалтын бус байранд ажилладаг байсан байх.

Эцэст нь цагдан хорих байранд саатуулагдаад байсан дуучин залуу “төрийн хамгаалалт” дор шатаж түлэгдсэнийг энд заавал дурдах ёстой. Түүнийг гавласан талаараа тэмдэглэл, рапорт бичиж үлдээхээ “мартсан” мөрдэс бүхий этгээд, тусламж дуудаж байхад нь баашилж байна гэж бодож суусан харгалзагч нар арга хэмжээ авахуулахаар боллоо… Эдгээр бүх золгүй явдлууд өнөөгийн Монголын нийгмийн эмгэнэл юм.

З.БОРГИЛМАА

Эх сурвалж: "NEWSWEEK" сонин №005


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж