“Гэгээн муза”-г гэсгээх цаг болжээ

Хуучирсан мэдээ: 2013.04.01-нд нийтлэгдсэн

“Гэгээн муза”-г гэсгээх цаг болжээ

“Гэгээн муза” хөлдчихөж. Гэгээн сайхан юм олж харах гэтэл ховордчихож.
Жүжигчид рүү нь харахад хав харанхуй. Гялайж гялтаах гэрэлгүй. Тайз руу
нь харах нь ээ ядмаг. Шагнал авагсад нь өнгөгүй. Ер нь л “Гэгээн муза”
арав дахь жил дээрээ үгүй болчихсон бололтой юм. Зохион байгуулагчид нь л
өөрөө, өөрсдийгөө магтан, сайшааж, нэг нь нөгөөдөө мөргөж, мөргүүлсэн
нь гэдийж, мөргөсөн нь бөхийгөөд байгаа болохоос биш тэнд онц сайхан
зүйл лав харагдсангүй. Ингэж хэлэхээр Монголын сонгодог урлагийг өнгөлж
байгаа гэдэгтээ эрдсэн ихэмсэг жүжигчид уурлаж таарна. Уураа гаргаж ч
мэднэ. Тэг­вэл уучлаарай. Улсын драмын эрдмийн театр гэсэн том нэрийн
дор жүжигчид нь ч, зохион байгуулж байгаа арга хэмжээ нь ч ийм ядмаг
байгаад буруутай хүн нь ард түмэн биш театрынхан өөрсдөө юм.

Энэхүү ёслолын ажиллагаа уг нь Монголдоо бол театрын Оскар байх учиртай.
Жил бүрийн энэ л өдөр жүжигчид хамгийн сайхан бүхнийг өмсч, хамгийн
сайхнаараа ард олныхоо сэтгэлийг цэнгүүлэх учиртай.

Гоо сайхны бэлгэ тэмдэг байх үүргийг хүлээгчид учраас тэр. Жирийн нэг
иргэний гоо сайхны таашаалыг хангагч байх үүргээ умартаагүй бол тэд тийм
л байх ёстой. Гэтэл тэгсэнгүй.

Баахан ангалзсан ам, зухалцсан бохь…Ямар муухай юм бэ. Сонгодог
урлагийн нүүр царай, өнгө төрх болж буй бүсгүйчүүдэд театраа хайрлах,
хүндлэх сэтгэл гэж байдаггүй юм байна. За тэр “Мөрөөдлийн театр”-ын гол
гурван жүжигчин ч дүүрч. Бохь, мохийг тэдэнтэй бол ярихаа больё. Гол нь
театрын бүсгүйчүүд…Арай л дэндүү харагдаж байснаа тэд нэхэж харах
эсэхийг нь мэдэхгүй юм. Ямар ч байсан театрт хэн байна вэ гэдэгт
хариулахад олигтой хариулт олдохооргүй л боллоо, өөрт минь лав.

Хувцасны тухайд гэхэд юун арван жил вэ. Урд өмнөх “Гэгээн муза”-д
жүжигчид ямар гоё хувцаслаж ирдэг байлаа. Дэргэдээс нь харж чадаагүй бол
фото сурвалжлагыг нь сонирхон хардаг байлаа. Бүсгүйчүүдийнх нь
ганганыг, эрчүүдийнх нь жавхаалаг хувцаслалтыг харах гоё байв. Гэтэл энэ
жил тэгсэнгүй. Хүүхнүүд нь гэж бүгд хар. Олуулаа хар хунгийн дүр бүтээж
байгаа аятай гэрэл гэгээгүй. Эрчүүд нь гэж нөгөө л нэг хослол. “Гамлет”
жүжгийн Гамлетийн дүрээр шилдэг эрэгтэй гол дүрийн шагнал гардсан
С.Болд-Эрдэнэ тэргүүтэй жүжигчид бүгд адилхан. Тайзан дээр урлагийн
онцгой нэгэн дүр байж, олон нийтийг араасаа дагуулах ёстой үүргээ тэд
мартчихаж. Өмнөх наадмуудад жинхэнэ утгаараа гоёж, сайхныг үлгэрлэдэг
байсан Г.Эрдэнэбилэг, Б.Жаргалсайхан нар бүр ч байхгүй. “Энэ жил би
шагнал авахгүй юм чинь” гэсэн маягтай үзэгчийн суудалд заларсан
харагдсан. Наадам нь өөрөө улиг домог болж, шагнал нь захиалгатай мэт
харагдах болсныг тэд үүгээрээ баталж байж ч болох. Эс бол “Энэ удаа
минийх биш чиний ээлж юм чинь” гэсэн сэтгэлээр ч ханддаг болчихсон юм
шиг. Өнгөгүй, өөдөө гэсэн хүсэл тэмүүлэлгүй тийм л “Гэгээн муза”-г
зурагтаар үзсэндээ харамсах ч шиг.

“Ядахад яр” гэгчээр тэр техни­кийнх нь гацаалт бүр аймшигтай. Төдийгөөс
өдий хүртэл жүжиг тоглож, техниктэй ажиллаж ирсэн атлаа ганц үдшийг
асуудал­гүй давчихаж чадсангүй. Хөөрхий тэр “Бөртэ” хамтлагийнхан уг нь
хөгжим тоглоод байх шиг харагдсан. Гэтэл дуу нь орж гараад, орж гараад
бөөн юм болов. Тэр ч битгий хэл хөтлөгч нь жүжигчнээ танихгүй андуурч,
эндүүрээд л…Арай ч дээ. Арван жилийн өндөрлөгөөс ийм наадам хийгээд
тэгээд түүндээ баярлаад ч байгаа юм шиг, барайгаад ч байгаа юм шиг нэг л
сонин.

Шагнал авагсдынх нь сэтгэгдэл аль хэдийнэ хуучирчихсан. Мэдээж онцгой
сайхан эмоци байгаагүй биш байсан. “TV Cocktail” продакшны “Хоёр
ертөнцийн буудал” жүжгийн бүсгүйн дүрээр шилдэг эмэгтэй гол дүрийн
шагнал хүртсэн Н.Цэнд-Аюуш, хүүхдийн жүжгийн шилдэг гол дүрийн шагналын
эзэн Ч.Түвшинжаргал, инээдмийн жүжгийн төрөлд шилдэг найруулагчаар
тодорсон Дорноговь аймгийн “Саран хөхөө” театрын найруулагч Н.Пүрэвдорж
гээд нэрлэж болно. Харин Ул­сын эрдмийн драмын театрын жүжигчид,
найруулагчдын хувьд тэднийг дахин шагнах хэрэггүй болчихож. Тэр хэрээр
бусад жүжигчиддээ баяр хүргэх алга ташилтаа ч харамлаж байгаа нь
анзаарагдсан. Үүгээр нь тэднийг “Сонгодог харамчид” хэмээн
тодорхойлмоор.

Шалгаруулалтын тухайд бол тусдаа асуудал. Бүхэл бүтэн нэг жилийн турш
театрынхаа нүүр царай болгож сурталчилж, зарлаж явсан жүжгээ лав Улсын
драмын эрдмийн театрынхан өөрсдөө бол өндрөөр үнэлээгүй бололтой юм
билээ. Шилдэг найруулагчийн шагнал үл олгон тусгай, мусгай руу шидэхийг
бодоход шүү дээ. Дээр нь яг юугаараа онцгой болох нь тодроогүй байгаа
залуу жүжигчинд Соёл, спорт, аялал жуулчлалын яамны шагналыг өгч буй
харагдсан. Хэвлэлээр гарч буй мэдээллээс харахад “Одоо цагийн Ромеод
тоглох залуу” гэсэн мессеж яваад байдаг юм билээ. Түүнээс өөрөөр тодорч
харагдсан нь лав үгүй. Янз нь Улсын эрдмийн драмын театрт цус ойртолт
эрчимжиж эхэлсний илрэл байж болох л юм. Үүгээр ч зогсохгүй драмын
луухгарууд өөр, өөрийн жүжигчнээ балиашигладаг болох нь ч анзаарагдсан.
Өөрийнх нь жүжигчин шагнал аваагүйд гоморхох гомдол нь өөрөө шагнал
аваагүйдээ гомдсон нэгний царайны хувиралтай дүйж байх жишээний.

“Гэгээн муза”-гийн ерөнхий дүр зураг ийм хөөрхийлөлттэй байв. Иймд ирэх
жилээс “Гэгээн муза”-г гэсгээх замаар урлагт хайртай ард түмнээ
баярлуулахгүй бол Улсын драмын эрдмийн театрыг зорьдог үзэгчдийн цувааг
эргүүлэн олж авах гэж ихээхэн цаг хугацаа алдаж мэдэх бололтой харагдсан
шүү. Харамсмаар хайран чиг театр минь.


Г.ОТГОНЖАРГАЛ

Зохиогчийн эрх: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж