“11 11 төв”-д 1202 иргэн ханджээ

Хуучирсан мэдээ: 2013.04.01-нд нийтлэгдсэн

“11 11 төв”-д 1202 иргэн ханджээ

Шинэчлэлийн Засгийн газрын “11 11 төв”-д өнгөрсөн долоо хоногт 1202 иргэн хандаж, харьяалах байгууллагуудаас 634 санал хүсэлтэд хариу өгсөн байна.

Дүүргийн эрүүл мэндийн төвүүд үйлчилгээндээ цахим карт нэвтрүүлсэн ч үүнд иргэд сэтгэл хангалуун биш байгаа аж. Заавал утсаар холбогдон дугаар авахыг шаарддаг атлаа дуудлагын утсан дээрээ ганц хүн ажиллуулдаг нь ихээхэн ачаалал үүсгэж байна гэж үйлчлүүлэгчид гомдол гаргажээ. Мөн хувийн эмнэлгүүдийн үзлэгийн тариф, эмч нарын ажлын туршлагад анхаарал хандуулахыг Эрүүл мэндийн яаманд сануулж, үзлэгийн тарифт судалгаа явуулж эхэлснээ яамнаас хариу мэдээлсэн байна. Хотын яаралтай түргэн тусламжийн төвд дуудлага өгөхөд утсаар зөвлөгөө өгнө гээд тэр бүр ирэхгүй байна, улсаас машин нэмж өгсөөр байхад ингэж хайхрамжгүй хандах нь эмчийн ёс зүйг зөрчсөн явдал гэсэн гомдлын мөрөөр хариуцлагыг өндөржүүлэх шаардлага тавихаа салбар хариуцсан яамнаас мэдэгджээ.

Нэг сурагчид өгөх үдийн цайны зардлыг төрөөс 600 төгрөг болгож нэмсэн байтал зарим сургууль чанар муутай аяга аарц, тал жигнэмэг өгсөөр байгаа гэнэ. Энэ талаарх гомдлыг тухайн сургууль дээрх орон тооны бус хяналтын зөвлөлд хандан шийдвэрлүүлж болохыг Боловсрол, шинжлэх ухааны яамнаас зөвлөжээ.

Оюутны 70 мянган төгрөгийн тэтгэлгийг гуравдугаар сарын 15-наас олгох ёстой ч зарим сургуулийнх шилжихгүй байна гэсэн гомдол “11 11 төв”-д ирсэн байна. Сургуулиуд оюутныхаа мэдээллийг бүрэн өгөөгүй, эсвэл ямар нэг зөрчилтэй тохиолдолд тэтгэлгийн мөнгө шилжихгүй. Иймээс сургуулийнхаа сургалтын албанд хандан зөрчлөө арилгуулах хэрэгтэйг Сургалтын төрийн сангаас оюутнуудад сануулсан байна.

Нэн ядуу иргэдэд олгодог хүнсний талон зохих хүмүүстээ хүрэхгүй, хүнсний талонд яаж хамрагдах талаар хорооны халамжийн ажилтан зөвлөмж өгч чадахгүй байгаа талаар иргэд “11 11 төв”-д хандсан ба нийгмийн халамжийн байгууллагаас энэ асуудлаар дахин судалгаа явуулж байгааг мэдээлжээ.

М.НАРАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж