Хотын захынхныг угаартуулах өдөр

Хуучирсан мэдээ: 2013.03.31-нд нийтлэгдсэн

Хотын захынхныг угаартуулах өдөр

Ганц өдөр сайхан агаар амьсгалцгаах юм гэнэ. Хотын төвөөр машин зорчуулахгүй. Явах машинууд нь төвөөс гадуур, өөрөөр бол хотын захаар явна. Хотын төвд сайхан бол болох нь тэр. Яагаад гэвэл үнэтэй газарт байгаа иргэний эрүүл мэнд үнэ цэнэтэй байх ёстой. Яах вэ, хотын захынхан тэртэй тэргүй утаагаар амьсгалсаар байгаад сурчихсан тул машингүй өдрийн үр нөлөө огтхон ч падлийгүй. Энэ өдөрт хотын төвд агаарын бохирдол хэрхэн үгүй болсон тухай мэдээлэхээс бус,  хотын захаар түгжирсэн, агаарын бохирдол хэрхэн нэмэгдсэнийг тоохгүй. “Цаг агаарын мэдээг тооцож хийгээгүй юм уу, ийм их цастайд юуны чинь дугуй” гэж шүүмжлэх гэж байвал та эндүүрч байна. Цас орсон, агаар цэвэршсэн энэ өдөр байх ёстой гэдгийг тооцсон юм шүү, харин. Автомашингүй өдрийн хэмжилтээр Улаанбаатар хотын төвд агаарын бохирдол 0 хувь, агаарт байх хорт бодисын хэмжээ 0 хувь. Энэ чинь л бодит үр дүн байхгүй юу.

Би залхуу, ганц өдөр машингүй явчихаж чадахгүй арчаагүй, төрийн бодлого шийдвэрийг эсэргүүцэгч зөрүүд нэгэн байж болно. Гэвч ийм биш байсны төлөө яг юуг шийдэж, ямар үр дүн гаргах гээд байгаа юм бэ. Хотын төвийн машины даацыг захын замууд руу шилжүүлснээрээ юуг хэлэх гээд байгаа юм, би ойлгохгүй нь. Сайхан түгжирлээ, машинтайгаа ч, машингүйгээр ч явахдаа халтирлаа, явган хүний зам улам бүр муудсаар, ар өврөөсөө хумслагдсаар байгааг мэдэрлээ, дээврээс нь ус гоожсон газарт эртхэн очиж чадалгүй цаг алдлаа. Хотын захынхныг тусгайлан угаартуулах өдөр гэж ойлголоо. Өөр сайхныг нь олж харсангүйд уучлаарай. 

Б.ШАРХҮҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж