
Латвийн Рига хотын тэнгисийн булангаас өчигдөр 220 гаруй хүн эргээс тасарсан хоёр хэсэг мөсөн дээр хөвж явсныг тус улсын онцгой байдлын аврагчид эсэн мэнд аварч чаджээ. Латвийн онцгой байдлын албаныхны мэдээлснээр аврагчид томоохон хэмжээний мөсөн дээр хөвж явсан 181 хүнийг Рига хотыг тэнгисийн булангаас холдож амжаагүй байхад нь хөлөг онгоц ашиглан аварсан байна. Харин өөр нэг томовтор мөсөн дээр хөвж явсан 42 хүнийг Рига хотоос 25 км-ын зайтай орших Юрмала хотын эргийн ойролцоогоос нисдэг тэрэг ашиглан аварчээ. Харин албаныхны мэдээлснээр өөр нэг эрэгтэй найзууд нь түүнийг хийлдэг завиар ирж аврахыг хүлээнэ хэмээн онцгой байдлын аврагчдаас зөрөн ганцаараа мөсөн дээр хөвөн үлдсэн байна.
Латвид хавар болж цаг агаар дулаарч байгаатай холбоотойгоор тэнгисийн эргийн нимгэвтэр мөс хайлан, тасарч байгаа тул иргэдийг тэнгисийн мөсөн дээр зугаалахгүй байхыг онцгой байдлын газраас анхааруулжээ.