
-МАН Лениний музейг яагаад хүлээлгэж өгөхгүй байгаа талаар та тодруулахгүй юу?
-МАН-ын зүгээс өгөхгүй гэж хэлээгүй. Хэрэв яам энэ байр МАН-ын байр байна, гэхдээ үүнийг музей байдлаар ашиглая гэвэл бид татгалзахгүй. Яагаад хүний өмчийг шууд булааж аваад, энэ манайх бид юм хийнэ гээд байгааг бид гайхаж байна. 1997 онд Ардчилсан холбоо эвсэл Засгийн эрх авахдаа ийм байдлаар хандаж байсан. Тэр үед нь шүүхэд хандаад шийдвэр гарсан. Үндсэн хуулиар МАН-ын өмч гээд тогтоочихсон. Гэтэл энэ шийдвэр буруу гэж дахин шүүхэд хандсан гэсэн. Лениний музей МАН-ын өмч мөн эсэхийг хараат бус шүүх тогтоох байх.
-1960-аад онд баригдсан энэ барилгыг МАН хэдэн онд, хэдэн төгрөгөөр хувьчилж авсан юм бэ?
-1981 онд ашиглалтад орсон барилга. Тухайн үеийн бүх байшин улсын захиалгаар хийгдэж байсан. Тухайлбал, АН-ын авсан Соёлын төв өргөөний хүзүүвч мөн улсын захиалгаар баригдсан. Ардчилсан холбоо байрлаж байгаа байшин мөн л тухайн үеийн Соёлын яамны захиалгаар баригдсан байшин. Ардчилсан нам, Ардчилсан холбооны нэр дээр нэлээд хэдэн барилга байгаа. Шинэчлэлийн Засгийн газар хувьчилсан улсын өмчийг эргүүлэн улсын өмчид шилжүүлэх гэж байгаа юм шиг байна. Тэгвэл, “Талх чихэр”, Баянгол, АПУ зэргийг бүгдийг нь буцааж авах хэрэгтэй. Яагаад гэвэл, талхны үнэ нэмэгдэж байгаа бол улсын өмчид шилжүүлэх хэрэгтэй шүү дээ. Бүх хувьчлалыг эргүүлэн ярих гэж байгаа бол бүгдийг нь ижил ярих хэрэгтэй байх. Энэ нь ард түмэнд ч ашигтай байж болох юм.
-МАН яг хэдэн онд хувьчилж авсан юм бэ?
-МАН худалдаж аваагүй. Санхүүжилтийн хувьд нэг хэсэг нь улсын төсөв, нэг хэсэг нь тухайн үед ах дүү байсан социалист орнуудын хандив, нөгөө хэсэг нь Зөвлөлт холбоот улсын мөнгө, үлдсэн хэсэг нь МАН-ын гишүүд, дэмжигдчийн хандивын мөнгө байгаа. Тэгэхээр ийм олон хүний хандиваар боссон зүйл. Зөвхөн улсын төсвөөс санхүүжсэн барилга биш.
-ССАЖЯ-аас өөр мэдээлэл өгч буй, харин МАН-ын зүгээс өөр байр суурь илэрхийлээд байна. Яагаад та нар хоорондоо суугаад ярилцахгүй, хэвлэл мэдээллийн хэрэгслээр “чулуу” шидэлцээд байгаа юм бэ?
-ССАЖЯ-ны хүмүүсийг бид ирээд уулзаач гэсэн. Бид өгөхгүй гэж хэлээгүй. Төр айлын хашаа авах гэж байгаа бол өөр амьдрах газрыг нь өгөх хэрэгтэй шүү дээ. Бид албан ёсны хүсэлт, бичиг баримтаа бүрдүүлээд ССАЖ-ын сайдад хүргүүлсэн. Хэлэлцээрийн ширээнд сууж, ярилцъя гэж хэлсэн. Хэрэгтэй бол солиод авч болно шүү дээ.