
“Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр”-ийн эхний ээлжинд 6950 ажил хайгч Хөдөлмөрийн төв биржэд бүртгүүлсэнээс 4784 суралцагч ажил олгогчтой гэрээ байгуулан хичээлдээ оржээ. Эдгээр суралцагчид эхний хоёр сар танхимын сургалтанд хамрагдаж байгаа бол ирэх сарын 1-ээс тус тусын гэрээ байгуулсан аж ахуй нэгж байгууллагууд дээрээ очиж гурван сарын хугацаанд дадлага хийх юм. Хөтөлбөрийг Хөдөлмөрийн яамнаас өгсөн бодлого, чиглэлийн дагуу Улаанбаатар хотод 18, Хөдөө орон нутагт 38 МСҮТ хэрэгжүүлж, мэргэжилтэй ажилтан бэлтгэж байгаа аж. Суралцагчид Засгийн газраас олгож байгаа 190 мянга 400 төгрөгийн тэтгэмжээ авч, Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалд хамрагдаж байгаараа онцлог юм.
Мөн Хөдөлмөрийн биржид тав, зургадугаар сард ажил олгогчдоос ажлын байрны санал их ирдэг учраас залуучууд энэхүү сургалтанд хамрагдаж, ажлын байртай, орлоготой болох боломжтой аж.