Мэргэжлийн хяналтын байцаагчдыг АТГ шалгаж эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2013.03.29-нд нийтлэгдсэн

Мэргэжлийн хяналтын байцаагчдыг АТГ шалгаж эхэлжээ

Мэргэжлийн хяналтын байцаагчид иргэд аж ахуй нэгжүүдийг дарамталж түрүүвчээ түнтийлгэдэг гэдгийг хүн бүр л мэднэ. Хууль хяналтын байгууллагад Мэргэжлийн хяналтын байцаагч нар албан тушаалаа урвуулан ашиглаж будсыг дарамталж мөнгө авсан гэх олон хэрэг шалгагдаж байна. Хамгийн сүүлд гэхэд “Сонгинохайрхан дүүргийн мэргэжил хяналтын байцаагчдын албан тушаалаа урвуулан ашигласан” гэсэн нэр тодотголтой хэргийг АТГ-аас шалгаж эхэлжээ.

Энэ талаар албан эх сурвалжаас авсан мэдээллээр Сонгинохайрхан дүүргийн мэргэжлийн хяналтын нэр бүхий таван байцаагч нар сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг “Баян чандмань милк” ХХК-ыг ажилчдыг дарамталж, нэхсэн авилгалыг нь өгөөгүйн төлөө томоохон сүлжээ дэлгүүрүүдэд худалдаалагдаж байсан бүтээгдэхүүний борлуулалтыг нь зогсоосон байна.

“СҮҮ ӨГСӨНГҮЙ” ГЭЖ ХУДАЛДААЛАГДАЖ БАЙСАН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ БОРЛУУЛАЛТЫГ НЬ ЗОГСООЖЭЭ

Дарамтлах болсон шалтгаан арван литр сүү. Сонгинохайрхан дүүргийн Мэргэжлийн хяналтын  байцаагч н.Одонгэрэл   “Баян чандмань” компанийнхан руу саяхан утас цохиж “Та нар манай ажилчдад арван литр сүү бэлдээд байж бай. Би одоо очиж авна" гээд мэнд ч мэдэлгүй шахам утсаа салгасан байгаа юм. Тус компанийхан мэргэжлийн хяналтын байцаагчийн өгсөн 10 литер сүү бэлд гэсэн “тушаалыг”  биелүүлээгүй байна.

Ингээд маргааш өглөө нь ажилчид нь ажилдаа ирээд байж байтал утас нь дуугарч өчигдөр ярьдаг мэргэжлийн хяналтын байцаагч ярьсан байна. Тэрээр “Сүү бэлэн байгаа биз дээ. Одоо очиж авлаа” гэжээ. Тэгэхээр нь “Уучлаарай манайх сүү өгөх боломжгүй байна” гэжээ. Тэгтэл  Мэргэжлийн хяналтын  байцаагч н.Одонгэрэл  “Та нар тэнэг юм уу. Би бэлдэж бай гэсэн биз дээ. Чи намайг юу гэж бодоод байгаа юм” гэх утга бүхий зүйл яриад утсаа салгажээ.

АВИЛГА ӨГӨӨГҮЙ БАЯН ЧАНДМАНЬ МИЛК ХХК-НД ЗОРИУЛЖ ГАРГАСАН ХУУЛЬ БУС АКТ

Ингээд “Баян чандмань милк” компанийхан ч мэргэжлийн хяналтын байцаагчид зохих хариултыг нь өглөө хэмээн бодож үйл ажиллагаагаа  хэвийн явуулжээ. Гэтэл гэнэтхэн тус компанийн бүтээгдэхүүнийг борлуулдаг Улаанбаатар их дэлгүүр, Номин зэрэг томоохон сүлжээ дэлгүүрүүдээс утасдаж “Танай элгэн тараг бүтээгдэхүүнийг борлуулж болохгүй гээд СХД-ийн мэргэжил хяналтын байцаагчид ирээд лац наагаад явлаа” гэж мэдэгдсэн байна.

Ямар учраас  “Баян чандмань милк” компанийн үйлдвэрлэсэн “Элгэн тараг” бүтээгдэхүүнийг худалдаалахыг хориглох болсон талаар асуухад  Сонгинохайрхан дүүргийн хэлтсийн дарга Д.Одхүүгийн гарын үсэг бүхий  “Баянчандмань милк” компанийн үйлдвэрлэсэн “элгэн тараг”-ыг худалдаж болохгүй гэсэн акт үзүүлсэн талаар тэд хэлсэн байна.

Ямар нэгэн хууль зөрчөөгүй, хэн нэгнээс санал гомдол ирээгүй байхад гэнэт худалдахыг хориглосон шийдвэр гаргасан талаар тодруулахаар Сонгинохайрхан дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэст очжээ. Гэтэл байцаагч нар тус компанийн ажилтны өөдөөс 33-02-407/19 дугаартай акт үзүүлжээ. Мөн тус компанийн бүтээгдэхүүнээ борлуулдаг бүх газарт актаа хүргүүлсэн, танай компани "Элгэн тараг" бүтээгдэхүүн дээрээ өөрийн үйлдвэрийн хаягаа “Б милк” гэж товчилж тавьсан байна, “Баянчандмань милк” гэж бүтэн бичих ёстой энэ бол зөрчил гэсэн байна.

“Баян чандмань милк” компанийхантай мэргэжлийн хяналтын газраас өмнө нь энэ талаар огт ярьж байгаагүй, мөн ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг компаниуд бүтээгдэхүүн дээрээ компаний нэр бүү хэл хаягаа ч гүйцэд тавиагүй байдаг. Гэтэл “Баян чандмань милк” компанид зориулсан гэнэт хууль бус акт гаргасанд гайхжээ.

Мэргэжлийн хяналтын байцаагч нарын гаргаж ирсэн асуудал нь бүх сүү сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа компаниудад байдаг л асуудал. Бүр улсдаа тэргүүлэгч “СҮҮ” ХХК-нийн бүтээгдэхүүн дээр хүртэл ямар ч нэр хаяг байхгүй. Зөвхөн “Сонгино хайрхан дүүрэг Улаанбаатар хот” гээд холбогдох утас л байдаг. Харин түүний хажууд “Баян чандмань милк” компанийн гаргаж байгаа бүтээгдэхүүн дээр “Б милк” гэсэн бичиг байгаа нь “Арван литер сүү авч чадаагүй” СХД-ийн мэргэжил хяналтын байцаагчдын ноцтой хууль зөрчсөн үйлдэл болжээ.

АТГ-ААС НЭР БҮХИЙ ТАВАН БАЙЦААГЧ БУРУУТАЙГ ТОГТООЖЭЭ

Албан тушаалаа ашиглаж авилгал авахыг завдсан, авилга өгсөнгүй гэж борлуулалтанд нь, барааны нэр хүндэд халдсан гэсэн үндэслэлээр тус комданийхан АТГ-т ханджээ. АТГ хэргийг шалгаж үзээд албан тушаалаа урвуулан ашигласан гэдгийг тогтоосон байна. Мөн тус газарт ийм төрлийн хэргээр Сонгинохайрхан дүүргийн хэд хэдэн байцаагч шалгагдаж байгаа ажээ.

Өөрөөр хэлбэл Сонгинохайрхан дүүргийн мэргэжлийн хяналтын байцаагч нар албан газруудыг хууль бусаар дарамталахдаа гаргууд болсон гэдэг нь тодорхой болжээ. АТГ-аас авсан мэдээллээр  Сонгинохайрхан дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга Д.Одхүү болон байцаагч Одонгэрэл, Мөнхцэцэг, Баярмаа, Бат-Эрдэнэ нарыг энэ хэрэгт сэжигтнээр татан эрүүгийн хэрэг үүсгэн  шалгаж эхэлсэн байна.

Байцаагч Баярмаа мэдүүлэгтээ “Дарга л яасан овоо газар вэ. Наад актаа бүх борлуулдаг дэлгүүрээр нь тараа. Биднийг өдөх ийм байдаг гэдгийг ойлгож аваг. Өөрсдөө гуйгаад хүрээд ирнэ” гэж үүрэг өгсөн гэдгээ мэдүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийнхэн  “Баян чандмань милк” компанийн  “элгэн тараг” бүтээгдэхүүнийг худалдхыг хориглосон 33-02-407/19 дугаартай актыг гаргахдаа арван литр сүү өгөөгүй өдрийн маргааш нь гаргасан байгаа юм. Мэргэжлийн хяналтын байцаагч төрийн нэрийг барьсан ховх сорогч “хувалз-нууд болсон хэрэг ийн шалгагдаж байна. Авлига хээль хахуул сүүлдээ ийм байдал хүрсэн нь харамсалтай.

Х.АНАНД

Эх сурвалж: www.MEDEE.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж