
Халхгол сумын хувьд өнгөрсөн намар ихэнх нутаг нь хээрийн түймэрт өртсөнөөс шалтгаалж өвөлжилт хүндэрсэн байна. Мөн өдөр өнжихгүй шуурга шуурч байгаагаас аймгийн төвөөс Халхгол сум хүртэл зам хаагдсан, тусламжийн өвс, тэжээл хүргэх ямар ч боломжгүй байгаа ажээ. ҮХАА-н сайд Х.Баттулга, ОБЕГ-ын дэд дарга хурандаа Д.ДарьСүхбаатар нарын баг өчигдөр Халхгол сумын зүгт хөдөлсөн боловч аймгийн төвөөс 210 орчим км явж цасанд боогдон цааш явах аргагүй болж буцсан байна. Дорнод Авто Зам ХК-ийнхан цасыг хусч зам гарган цас зудад нэрвэгдсэн айл өрхүүдэд тусламж хүргэхээр ажиллаж байна. Тэд өдөрт 30-40 км газрын цасыг хусч зам гаргаж байгаа ч шуургатай үед бол эргээд харахад л гаргасан зам нь баларчихдаг талаар ярьж байв.
Засгийн газраас очсон төлөөлөгчдөд хандан аймгийн Засаг даргын орлогч Л.Хишигтогтох болон орон нутгийн удирдлагууд улсын нөөцөөс 10000 боодол өвс Халхгол суманд яаралтай хүргэх асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсчээ.
Өнөөдрийн байдлаар тус суманд бог бод нийлсэн 10100 гаруй толгой мал хорогдсон цас ханзарч дулаарах болоогүй хүйтэрч, цасан шуурган шуурсан хэвээр байгаа нь малчдын болон орон нутгийн удирдлагуудын санааг зовоосоор байна.