Мөрдөн байцаагч Березовскийг дүүжилсэн нь үхлийн шалтгаан болсон гэх шинжилгээний үр дүнг зарласан байна.
Гуравдугаар сарын 28-ны шүүх хуралдаан дээр Березовскийн үхлийн талаар хэлэлцэх үеэр Бисселл дээрх мэдэгдлийг хийжээ.
Березовскийн шарилд хийсэн хордуулалтын шинжилгээний дүн гартал шүүх хурал хийгдэхгүй гэж байв. Талийгаачийн гэр бүлийнхний мэдээллийн дагуу задлан шинжилгээний явцад Березовскийн хавирга хугархай байсныг хэвлэлээр мэдээлсэн байв. Гэхдээ талийгаачийн биед хүчирхийлэлд өртсөн ямар нэгэн шинж тэмдэг байгаагүй гэжээ.
Мөрдөн байцаагчийн яриагаар Березовскийн гэрт нэгжлэг хэд хоног үргэлжилж байгаа гэнэ. Уг байрыг Березовский улс төрийн орогнол авахаасаа өмнө Платон Еленин гэсэн нэрээр худалдан авсан байжээ.
Мөн энэ үеэр интернетэд Березовскийн Путинд бичсэн захидал тавигдсан байна. Нэрээ нууцалсан эх сурвалжийнх гээд уг захидлыг сүлжээний “Амьд сэтгүүл” портал тавьжээ.
«Владимир Владимирович!
Ноён ерөнхийлөгч!
Нэн ялангуяа улс төрд хамаатай үгийн үнэ цэнэ, дурсамжийн үнийг тантай хамт бид хоёр сайн мэднэ.
Би өөрийн алдааг ил тодоор хүлээхэд бэлэн түүгээр ч барахгүй одоо түүнийг энэ захидалдаа хүлээн зөвшөөрч байна. Миний хийж, хэлж байсан зүйлээс олон нь зөвтгөх аргагүй, хатуу буруутгал хүлээх ёстой.
Гэхдээ, Владимир Владимирович! Би 68 настай өвгөн. Хөөгдмөл байдлаар 12 жил амьдарлаа. Миний буурал үс, Эх орноосоо таслагдан шаналсан минь миний гэмийг нимгэлээгүй гэж үү?
Владимир Владимирович, надад таныг итгээсэй гэж би үнэнч шударгаар гуйж байна. Би эхний өдрөөсөө л Оросыг санаж ирлээ. Харьд өнгөрөөсөн өдөр бүрээр миний саналт улам бүр гүнзгийрч бэтгэрч ирлээ. Тийм ээ, би еврей, гэхдээ Орост төрсөн. Би орос хүн шүү, Владимир Владимирович. Би өөр хүн байхад баяртай л байх байсан. Тэгвэл би ингэж шаналахгүй байсан байх. Гэхдээ би Орос хүн. Оросоос таслагдсан минь намайг алж байна.
Хорлонд сохорсон үедээ хийж байсан үйлдэл үгийг минь өршөөхийг танаас гуйя, Владимир Владимирович минь. Өнөөдөр би бүхнийг ухаарч, дахин ингэж хэзээ ч хийхгүй болсныг Бурхан харж байгаа.
Оросдоо, эх орондоо эргэн очихыг би маш ихээр хүсч байна. Би газар шороон дээрээ үхмээр байна. Энэ бол хоосон үг бишээ, Владимир Владимирович.
Би, мөнхийн жүүд шиг газар дэлхийгээр тэнж явахаас ядарлаа.
Ноён ерөнхийлөгч өө, надад эргэн очихыг зөвшөөрөөч.
Таныг гуйя. Мөргөн гуйя.
Таныг гүнээ хүндэтгэсэн,Борис Березовский».