А.Дашпэлжээ: Дуурийн театр зун амрахаа болино

Хуучирсан мэдээ: 2013.03.29-нд нийтлэгдсэн

А.Дашпэлжээ: Дуурийн театр зун амрахаа болино

Дуурийн театр зун амрахаа больж, долоо хоног бүр хүүхдэд зориулсан тоглолт хийнэ

Дэлхийд 400 жилийн түүхтэй сонгодог урлаг Монголд хөгжөөд хагас зуунтай золгож байна.  Азийн орнууд дундаа ганцхан манайх л сонгодог урлагт тусгайлан зориулсан театртайн дээр дэлхийн сонгодгуудыг бусдаас дутахааргүй бүтээжчадсан  гэхчилэн  Дуурь бүжгийн эрдмийн театрынханд гайхуулах, бахархах зүйл мундахгүй.

Ирэх тавдугаар сард 50 жилийнхээ ойг тэмдэглэх тус театрын уран сайхны удирдагч А.Дашпэлжээтэй бид ярилцлаа.

-Монголын сонгодог урлаг дэлхийн хэмжээнд альхан төвшинд байгаа вэ?

-Сонгодог урлаг Монголд хөл тавиад 50 жил болохдоо 400 жилийн түүхийг туулсан мэт жинхэнэ утгаар нь  дэлхийн төвшинд хөгжүүлж чаджээ гэсэн дүгнэлтийг гадаадын мэргэжил нэгт нөхөд тодорхойлдог. Тэгэхээр манай улсын сонгодог урлагийн хөгжил хурдацтай явж ирсэн.Манай орны урлаг соёлын хөгжил Бөмбөгөр ногооноос эхтэй шүү дээ.Түүний дараа хөгжимт драматик хөгжсөн.Тухайн үед унаган төрөлх авьяастнууд урлагийг хөгжүүлж явсан байдаг.Тэр үеэс Монголын төр засаг сонгодог урлагийн боловсон хүчнээ гадаадад сургаж бэлтгэж байсан.Анхны дуурийн дуучин, балетын бүжигчин, удирдаач, хөгжимчдийг сургаж эхэлсэн.Урлагийн  алтан тайз гэдэг, тэр дундаа сонгодог урлагийн тайз бол залуу насны талбар байдаг. Хүн ид оргилуун залуу халуун насандаа тайзыг чимж, өнгөлж байдаг онцлогтой.Театрыг авч явдаг хүмүүс бол уран бүтээлчид. Уран бүтээлчдийг хөгжүүлж дэгжүүлж чанаржуулж байдаг хүмүүс  нь уран бүтээлийн удирдлагууд. Уран бүтээлийн удирдлагыг уран бүтээлчидтэй нь бодлогын хувьд зангидан авч явдаг нь дарга, уран сайхны удирдагч.Бүтцийн хувьд ийм юм.Өнөөдөр манай театрын ерөнхий удирдаачаар Н.Туулайхүү, ерөнхий балетмейстрээр Б.Жамъяндагва, ерөнхий зураачаар Г.Ганбаатар, ерөнхий найруулагчаар Г.Эрдэнэбаатар, ерөнхий хормейстр Н.Дашбямба нар ажиллаж байна.

– Театрын уран сайхны дарга хүний хувьд театрт ямар шинэчлэл хийх гэж байна вэ?

-Манай театрт захирал, уран сайхны удирдагчаар хэн ирэх, хэн явахаас үл шалтгаалан уран сайхны бодлого үргэлжлэн явж байдаг бичигдээгүй хуультай.Би чинь 1996-2000 онд театртаа даргаар ажиллаж байсан юм шүү дээ. Тэр үеэс хэвшсэн заншил ёсоор 2013 оны үзвэрийн хуваарь, программыг  бүтэн жилээр  нь гаргасан. Бүр календарь болгон хэвлүүлчихээд байгаа.Энэхүү прогграммд шинэ томилогдсон Ч.Мөнхзул дарга бид нар ярилцаад бага зэргийн өөрчлөлт хийхээр төлөвлөсөн.Нэгдүгээрт, театр маань зуны турш тоглолт хийхгүй өнждөг байсныг өөрчлөхөөр шийдсэн. Монголыг зорин ирсэн жуулчдад Азидаа ганц сонгодог урлагийн театрын тоглолтоор бэлэг барьж яагаад болохгүй гэж.Энэ жил театрынхан маань наймдугаар сарын дунд хүртэл амрахгүй ажиллана.Тиймээс шинэчилсэн хөтөлбөрөө аялал жуулчлалын компани аж ахуйн нэгжүүдэд танилцуулсан.

Хоёр дахь зүйл гэвэл сүүлийн хорь орчим жил манай театр хүүхдийн үзвэргүй болчихсон. Шинэ жилийн үеэр тоглодог “Шелкунчик” (“Цөмөөхэй”)бүжгийн жүжгийг эс тооцвол хүүхдэд зориулсан бүтээл үгүй болсон байна.Энэ байдал хүүхдийн уран сайхны хүмүүжил, урлагийг үзэх үзэл, үнэлэмжид хэрхэн нөлөөлөх нь ойлгомжтой.Бид ч мөн үзэгчдээ багаас нь бэлдэх ёстой биз дээ.Тиймээс бид хүүхдийн үзвэрийг сэргээх, шинээр туурвих өөрчлөлтийг программдаа оруулсан.Уг нь манай урын санд “Айболит доктор”, “Шидэт ваар”, “Чоно ба долоон ишиг” гээд хүүхдэд зориулсан хөөрхөн бүтээлүүд байдаг. Тийм болохоор тэднээсээ сонгож шинэчилж тавина. Тэгээд ирэх жилээс долоо хоногтоо нэг удаа хүүхдэд зориулсан тоглолт хийж байхаар болсон. Бас нэгэнт аялал жуулчлалд анхаарч үзвэр гаргаж байгаа болохоор дараа жил “Хөхөө Намжил” дуурийг сэргээнэ гэж төлөвлөж байна. Энэ дуурь гадаад, дотоод, хүүхэд ахмад хэн ч үзэж болох бүтээл.

Өөр нэг асуудал нь сонгодог бүтээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх өөрчлөлт хийж байна. Гуравдугаар сард л гэхэд манай театр найман тоглолттой байгаа.Гэхдээ нэг дуурь сард нэг л удаа, заримдаа хэдэн сард ганцхан тоглох жишээтэй.Тэгвэл үүнийг өөрчлөн нэг бүтээлийг сард хоёроос гурван удаа тоглодог болгон хүртээмжийг нэмэгдүүлэхээр ярилцаж байна.Үзэгчдэд хүртээмжтэйн дээр уран бүтээлчдэд ч өгөөжтэй байхыг нь бодож гол дүрд өөр өөр хүнийг тоглуулах болно.Ингэж гэмээнэ өрсөлдөөн бий болж, ур чадвар дээшилнэ гэж итгэж байгаа. За, бас нэг зүйл байна. Дээр үед урлагийн бригад гэж аймаг орон нутгаар явдаг байсныг өөрөө мэднэ биз?

-Мэдэлгүй яахав.Хөдөөгийн бидний зун цагт хүсэн хүлээдэг зүйлийн нэг шүү дээ.Урлагийн бригадын тоглолт үзэж баясахын зэрэгцээ хотоос ирсэн гоё ах эгч нарыг харж, нүд баясгана шүү дээ.

-Түүнийг чинь сэргээнэ.Энэ жил зүүн гурван аймагт очиж тоглоно.Намар урлагийн бригадаар явахаар төлөвлөсөн.Нэг бүжгэн жүжиг, нэг дуурь, гала концерт тоглохоор бодож байна.

-Ирэх тавдугаар сард ДБЭТ-ийн 50 жилийн ой тохиож байгаа.Ойдоо ямар тоглолтоор бэлэг барих вэ?

-Энэ бол бидний төдийгүй сонгодог урлагт дуртай хүн бүхний баяр.Тиймээс бид таван том тоглолт хийхээр шамдан ажиллаж байна. Тавдугаар сарын 15-нд “Евгений Онегин”, 16-нд “Шарилжин дундах цэцэг”, 17-нд “Ламбугайн нулимс”,  18-нд “Хунт нуур”,  19-нд “Гала концерт”-оо тоглоно. Энэ бүх тоглолтыг мэргэжлийн өндөр төвшинд тоглоход уран бүтээлч бид сэтгэлээ зориулан ажиллаж байна.Харин эдийн засгийн хүндрэлийг нь шийдэх асуудал даргын нуруун дээр бууж байгаа даа.

-Сонгодог урлагийн театр саяхан симфони оркестрынхоо хөгжмийг шинэчилсэн.Өмнө нь ингэж иж бүрнээр нь шинэчилж байгаагүй юм уу?

– Хориод жилийн өмнөх хөгжмийн шинэчлэлийг өнөөгийнхтэй харьцуулахад төвшингийн ялгаа бий.Бас 1968 оноос хойш ингэж иж бүрдлээр нь шинэчилж чадалгүй ганц нэгээр нь сольж байсан. Тийм болохоор манай хуучин хөгжмүүд нааж зүйсээр байгаад хөг нийлэхгүй болчихсон байсан.Харин энэ удаа симфони найрал хөгжмийн зэмсгийг мэргэжлийн тоглоочийн шаардлага хангасан, нэг стандартын хөг нийлсэн сайхан хөгжмөөр шинэчилж өглөө. Бид гуулин үлээвэр, модон үлээвэр, цохиур хөгжим иж бүрдлээр нь, мөн Монголд ганцхан байгаа Гранд рояль хүлээн авсан. Хөгжмийн театрын амин сүнс нь хөгжим байх нь ойлгомжтой.Тиймээс бид маш их баяртай байгаа.Энэ бол зөвхөн манай театрын биш,урлагт дуртай монгол түмний баяр юм.Энэ дашрамд биднийг дэмжиж хөгжмийг маань шинэчилж өгсөн Ерөнхийлөгчийн Тамгын газарт талархлаа  илэрхийлмээр байна. Хүмүүс нэг юм ойлгоосой гэж бодох юм.Ерөнхийлөгч хэн байх нь биш, сонгодог урлагт анхаарч байгаа нь чухал бөгөөд сайшаалтай. Дэлхийн том улс оронд, хойд хөршид маань жишээлбэл сонгодог урлаг нь Ерөнхийлөгчийнхөө ивээл дор байдаг шүү дээ. Тэхээр энэ чинь жишиг байгаа биз дээ?

-50 жилийн түүхтэй театрт 48 жил ажиллаж буй хөгжимчид байдаг юм байна. Энэ нь таны дээр хэлсэн “Урлаг залуу насны хөдөлмөр” гэдгийг үгүйсгээд байгаа юм биш үү?

-Манай театрт 40 гаруй жил ажилласан гурван хөгжимчин бий.Тэд бол ясны уран бүтээлчид гэдгийн нотолгоо.Нөгөө талаас нь харвал тэднийг орлох мэргэжлийн боловсон хүчин дутмаг байгаагийн илрэл юм.Сонгодог урлаг гэдэг өөрөө сонгодгуудаас л бүрддэг.Өнөөдөр манай улсад Хөгжим бүжгийн коллежид л сонгодог хөгжмийн залгамжлагчдыг бэлтгэж байна.Тэнд 5-6 наснаасаа суралцдаг.  Соёл урлагийн их сургуульд  сонгодогхөгжмийн анги байхгүй. Тэнд авьяаслаг хүүхдүүд сурдгийг үгүйсгэхгүй.Гэхдээ унаган багаасаа сурсан хүүхдүүдтэй яаж зүйрлэх билээ. Тэр олон жилийг сонгодог урлагт суралцахад зориулаад, дараа нь  энэ театрт ирээд насан туршийн амьдралаа зориулна гэдгийг  өнөөгийн нийгмийн хүүхдүүд тэр бүр ойлгохгүй. Тиймээс элсэлт элбэг биш байна.Хуучин цагт сонгодог урлагийг залгамжилна гэдэг бахархал байсан бол өнөөгийн хүүхдүүд арай өөр нүдээр ертөнцийг тольдох болсон байна шүү дээ.

-Хөгжмөө өөрсдөө нааж зүйдэг гэх юм.Хөгжим засдаг мэргэжлийн хүн байдаггүй юм уу?

-Хөгжим засдаг мэргэжлийн хүн үнэхээр дутмаг.Тиймээс манай хөгжимчид өөрсдөө хөгжмөө засч байна. Хөгжмийн мэргэжлийн засварчин, засварын газар, запас хэрэглэл гэдэг үнэндээ манай улсын соёл урлагт  тулгамдсан асуудал болоод байна. Үндэсний хөгжмийн засварын газар бол бий.Гэхдээ үндэсний хөгжмийн зэмсэг дотроо ёочинг хэн ч засахгүй байна.Ер нь чавхдаст хөгжмийг засна гэдэг маш ярвигтай байдаг.Тиймээс Соёл, спорт, аялал жуулчлалын сайд манай театрын утсан хөгжмийг иж бүрнээр нь сольж өгнө хэмээн амласан.Үүнд манайхан маш их баярлаж байгаа.Энэ бол Монголын үзэгчдийн оюуны санд хийж буй том хөрөнгө оруулалт юм.

-Төр засаг урлагт хөрөнгө оруулахдаа хойрго гэсэн шүүмж их сонсогддог.Сүүлийн үед жаахан “”засарч” байгаа юм болов уу даа?

-Янз бүрийн үзэл бодол бий.  Циркийг хувьчилснаар буруутлаа ч гэх шиг,  янз янзаар л хүмүүс ярьдаг. Хэрвээ сонгодог урлагийг хувьчилсан бол дахин босохгүй.Нэг бүжгэн жүжиг юмуу нэг дуурь гэхэд л 150-200 хүний хөдөлмөр шингэж бүтдэг.Төр засаг анхаараагүй байсан бол аль ерээд онд тарж бутарч одох байсныг хэн ч үгүйсгэхгүй.

– Дуурийн театрыг би урлагийн ариун сүм гэдгээр нь ойлгодог, биширдэг. Танай театрт  урьд нь үзэгчийн хувиар орж ирж байсан.  Харин өнөөдөр тантай уулзах гэж анх удаа арын хаалгаар орж ирлээ.Театрын барилга үнэндээ хуучирчээ.Хаалга, цонх, хана туурга, шат, шал гээд бүгд яг хуучин цагийнх хэвээрээ үлдэж.Гэтэл захын төрийн байгууллага цонхоо вакумдаад, шалаа паркеталчихсан байна.Үнэнийг хэлэхэд үүнд жаахан эмзэглэлээ.Ядаж нэг шинэ сайхан театр бариад өгчихөөсэй гэж бодлоо?

-Дуурийн театрын барилга байшин хуучирч өвгөрсөн нь үнэн.Гэхдээ энэ жил тохиож буй 50 жилийн ойн өмнө театрынхаа гадна фасад болон дотор тохижилтод зориулж 300 гаруй сая төгрөгийн засвар хийхээр болсон.Үүнийг Ч.Мөнхзул дарга ажлаа аваад хөөцөлдөж бүтээсэн юм.Театрын  барилгыг шинэчлэх тухай бол одоо хэлэхэд эрт байна. Хэрэвзээ энэ тухай хөндөх юм бол буруугаар мушгин гуйвуулж ойлгох хүмүүс мундахгүй.Театрын барилгыг шинэчилнэ гэснийг нураана буулгана гэж ч буруу мэдээлж мэдэх хүмүүс та бүхний дунд бий.Та бүхэн хэмээн хамаатуулж байгааг ойлгоно гэж найдаж байна.

– Ойлгож байнаа.Олон дунд сайн муу аль аль нь байдаг. Ингэхэд та бүхний цалин хангамж хэр байна  вэ?

-Би хариулмааргүй байна.Төрийн албаны ажилтнуудын л нэг адил цалинждаг.Дундаж амьдралтай хүмүүстэй нэг эгнээнд яваа улс, урлагийнхан чинь.Амьдралыг цалин хөлс, ахуй хангамжаар нь хэмждэг хүн бол биднийг ойлгоход бэрх.Гэхдээ манай театрынхан үзэгчдийнхээ сэтгэл, алга ташилтаас таашаал авч өнөөг хүрсэн.Цаашдаа ч тийм байх болно.Төрийн бусад алба агентлагийнхантай адилхан багахан цалин авлаа ч урлагийнхан бослого гаргаж байгаагүй.Жагсаж, тэмцэж байсан түүх бидэнд үгүй.Зүрх сэтгэлээсээ сонгосон, амьдралаа зориулсан урлагийн алтан тайзаа, үзэгч түмнийхээ сэтгэлийг хайрлаж чаддаг юм, бид.Үзэгч олон биднийг авьяас билгээр нь үнэлсэн чигтээ л үлдэг.Түүнээс олныг гайхашруулж бишрүүлээд байсан хүмүүс чинь ийм тийм цалинтай юм байна гэж ярьж яваасай гэж би хүсэхгүй байна.

 Урилга бол урлагийн дайсан


-Дуурь, бүжгэн жүжгийн нэг удаагийн үзвэрийн тасалбар ямар үнэтэй байгаа вэ?

-Манай тасалбар үнэтэй биш. Нэг удаагийн тоглолтын дээд үнэ 15мянган  төгрөг байдаг.

-Харьцангуй хямд байна.Хошин шогийн хөтөлбөрөөс ч хямд байгаа нь чамлалттай санагддаг уу.Ам нээвэл уушги нээ гэдэгчлэн Сэргэлэн даргын үед танай театрын лоунж байнгын үйлчлүүлэгчдэд хамааралтай байсан санагдана.Энэ байдал хэвээр үү?

-Өмнө нь лоунжийг маань тодорхой хүрээний хэдхэн хүмүүс худалдан авдаг байснаас эгэл иргэдэд тэр суудал олдохгүйд хүрсэн тал бий.Энэ байдлыг шинэ дарга халж байгаа.Тоглолтын тасалбарын үнэ ханшийг өсгөнө гэдэг сайн зүйл биш гэж би хувьдаа боддог.Бид аль болох олон хүнд хүрч үйлчлэх ёстой.Зах зээлийн эхэн шилжилтийн үед театрын маань суудал дундарч байсан ч огт үзэгчгүйгээс тоглолт тасарч байгаагүй.Тухайн үеийн уран бүтээлчид сэтгэлийн хатаар тэр бүхнийг давж гарсан. Бид хоорондоо 10 үзэгч ирсэн ч суудал дүүрсэн мэт, 1000 үзэгчтэй юм шиг  сайхан тоглох юм шүү гэж ярилцдаг байлаа. Сая төгрөг өгье гэсэн ч “халтуур”-т явахгүй шүү гэж тохиролцсон байсан.Дэлгүүр хоршоо давснаас өөр хүнсгүй үед бидний үеийн уран бүтээлчид сонгодог урлагийн галаа манаж үлдсэн гавьяатай хүмүүс гэж бахархаж явдаг юм.Одоо бол тэр үетэй харьцуулшгүй сайхан болсон.

-Саяхан тоглосон “Шинэ хөгжмийн зэмсгийн баяр”-ын тоглолтод  олон суудал хоосон харагдсан. Урлагийн ажилтны холбооныхныг л гэхэд нэр бичсэн цаас нь орлосон.Түүний дараа нэгэн сэтгүүлч “Дарга нарт битгий урилга өг” гэж бичсэн дээ.Та уншсан уу?

-“Урилга бол урлагийн дайсан” гэсэн эртний үг байдаг юм шүү.Шинэ хөгжмийн зэмсгийн баярт үнэхээр талархууштай баярлууштай хүмүүст л урилга өгсөн.Урилга өгөх үед дахиад өгөөч, цөөдөөд байна гэж байсан хүмүүс тоглолтын үеэр ирээгүй нь харамсалтай.Тиймээс бид цаашдаа урилгыг эрс цөөрүүлнэ.

-Монголчууд цаг баримталдаггүй нь нүүдэлчин  уламжлалаас улбаатай гэх юм билээ. Гэтэл танай театр минут хүлээлгүй хаалгаа барьчихдаг.Хойшид энэ тал дээр уян хатан хандах уу?

-Харамсалтай нь үгүй.Тоглолт яг товлосон цагтаа л эхэлнэ.Тоглолт эхэлсэн л бол, журмын дагуу хаах цагтаа шууд хаалгаа барина.Эс тэгвээс үзэгчдэд төвөгтэй, уран бүтээлчдэд ч халгаатай.Хүмүүс анхаарлаа төвлөрүүлэд юм үзэж байхад цаашаа наашаа, бос суу гээд байх нь тун зохимжгүй.Тиймээс цагийг хатуу чанд мөрдөнө.

-Үзэгчид дуурийн театрыг зорихдоо гоёж ирдэг.“Кармен” дуурийг л гэхэд хар улааны хослолоор гоёж үздэг юм билээ?

-Монгол үзэгчид урлагийг их сайн ойлгодгийн сацуу театрын ёс зүй сайтай ард түмэн шүү.Тэр бол социализмын үед өвлөсөн сайн чанарын нэг нь.Театрт очихын тулд үсээ засна, хувцсаа индүүднэ, гутлаа тосолно. Эхнэр хүүхнүүдээ сугадаж хөтлөхдөө хүртэл  донж маяг  үзүүлнэ. Хүүхнүүд хамгийн гоё даашинзаараа гангарч, гутал туфлиэ сольж өмсөхөөс эхлээд театрт  тоглолт үзэхийн  сайхныг гоозүйн талаас нь хүмүүст маш сайн суулгаж өгсөн байдаг. Тэр дундаа сонгодог урлагийг үзэхийн тулд их гоёдог байлаа шүү дээ.Хүндэлж хайрладаг жүжигчдээ харж баярлаж бахдана.Энэ бүгд бүхэлдээ театрын гоозүй юм шүү.Нэг хэсэг жаахан бүдгэрсэн ч одоо бол гоозүй сэргэж байна.Италийн дуурийг эх орондоо үзнэ гэдэг монголчуудын хувьд аз завшаан юм.Оркестрийн хөг, ньюансаас эхлээд дэлхийн төвшний бүтээлийг манайхан туурвиж байгаа.Тиймээс ч манай театрыг зорин ирэгсэд эрхэмсэг, гоёмсог байхыг хичээдэг байх талтай.Дэлхийн төвшний урлагийг тэр хэмжээнд нь тоглож байгаагаа үзэгчдэдээ нотлохын тулд бид ч хичээдэг. Үзэгчид сайхан хүлээж авна гэдэг уран бүтээлчдийн өсөн дэвшихтүлхүүр  байдаг.

Маршал Х.Чойбалсангийн дүрийг зургаан удаа бүтээсэн

-Тантай уулзаад өөрийн тань уран бүтээлийн талаар асуухгүй өнгөрч боломгүй байна.Сонгодог урлагийн тайзнаа 30 жил дуулна гэдэг хэн бүхэнд тохиох хувь биш санагдана?

-Би чинь дуурийн театрт 32 дахь жилдээ ажиллаж байна. 1982 онд Болгарын консерватори  төгсөж ирснээс өнөөг хүртэлх хугацааг энэ театрын тайзнаа өнгөрүүллээ. Уран бүтээлийг маань бүхэлд нь 100 хувь гэвэл 80 хувийг нь дуурьт зориулсан байдаг юм.Надад тоглолгүй үлдээсэн дуурь, дүр алга. Урлаг тэр дундаа сонгодог урлаг бол яалт ч үгүй залуу  насны хөдөлмөр болохоор залуучууддаа халаагаа өгөлгүй яахав. Одоо харин залуустаа ганц ч болов хэрэгтэй үг хэлж, дэмжиж ажиллахсан гэж бодож байна.

-Таны хамгийн их тэмүүлж бүтээсэн дүр ямар дуурийн ямар дүр вэ. Эсвэл түүнийг л бүтээсэн  бол гэж боддог дүр бий юү?

-Дуулахаас өмнө бол тэрэнд энэнд тоглохсон гэж тэмүүлж, мөрөөдөж байсан.Харин одоо бол түүнийг орхиж гэх зүйл надад алга.Баритон хоолойд зориулсан бүх дүрд тоглосон болохоор гомдол алга.

-Таныг дэлгэцийн бүтээлээр тань таних хүн олон.Тэр дундаа маршал Х.Чойбалсангийн дүрийг олон удаа гаргасан санагддаг?

-Тийм ээ.Кино гэдэг өвөрмөц урлаг учраас намайг дуурьт дуулснаас илүүтэй дэлгэцийн дүрээр мэдэх хүн байдаг. Би анх  наяад онд “Намрын халуун өдрүүд” кинонд маршал Х.Чойбалсангийн  дүрд тоглож байсан. Түүнээс хойш зургаан кинонд маршалын дүрийг бүтээсэн.МҮОНТ-ийн найруулагч Содном гуай хэлмэгдүүлэлтийн он жилүүдийг харуулсан “Сүүдэрт жилийн зурвас” кино бүтээсэн. Тэр кинонд дотоодыг хамгаалах байгууллагын өөрсдийнх  нь дунд ч хэлмэгдүүлэлт байсан талаар өгүүлдэг. Хэдэн жилийн өмнө гарсан “Бүгд Найрамдах Монгол Ард Улсын төлөө зүтгэе” кино болон  Болд найруулагчийн “Тусгаар тогтнол” гэсэн кинонд мөн маршалын дүрд тоглосон.  Мөн “Долоон бурхан харвадаггүй” гэдэг кинонд маршалын хижээл насны тухай гардаг. Хамгийн сүүлд Хил хамгаалах албаны 90 жилийн ойд зориулсан МҮОНРТ-ийн уран бүтээлчдийн хийж буй түүхэн баримтат кинонд Х.Чойбалсан гуайн дүрийг  бүтээлээ. Ингээд нийтдээ зургаан удаа маршал болж хувирсан даа.

-Эгч дүүсээрээ Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртэх хувь заяа танай гэр бүлийнхэнд тохиосон байдаг.Урлаг гэдэг босго өндөртэй албанд зүтгээд гурвуулаа гавьяат болоход юу нөлөөлсөн бэ.Дундговийнхон дуутай хууртай гэдэг.Таны аав ээж дуулдаг хүмүүс байсан уу?

– Би анкет бөглөхдөө нийгмийн гарал гэсэн асуултад малчин гэж бичдэг.Миний аав ээж дуучин хүмүүс байгаагүй ч урлагийн авьяастан байсныг үгүйсгэх аргагүй. Манай аав бол хурдан моринд дуртай, дуу хуурт авьяастай, сайхан барилдчихдаг тэр цаг үеийн сайхан монгол  эрчүүдийн  нэг байсан. Ээж маань найр наадам, дуу хуур гээд явдаггүй ч төлөө голсон малыг өөвлөх,  тойглож авахуудахдаа  тун гаргуун хүн байсан. Энэ бүхний буянаар миний  дээд талын эгч Дvнжмаа, доод талын дvv Нэргvй бид гурав урлагт үнэнчээр зүтгэсэн дээ. Гурвуулаа Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртлээ.Энэ бол төрийн, түмний үнэлгээ.

-Таны хүүхдүүдээс дуучин болсон хүн бий юү?

-Үгүй дээ.Хүүхдүүд бүгд өөр өөр мэргэжил сонгосон.Гэхдээ авьяас бол анзаарагддаг.Гэвч би албадах аргагүй юм даа.Удамд бол дуучид байна.Хамгийн том эгчийн хоёр хүүхэд дуучин.Нагац ах Цэрэнгийн гурван охин дуучин.Чулуунцэцэг, Отгонцэцэг, Туяацэцэг гурав дуулж байгаа.Тэгэхээр бас удмын гэх үү, нутаг усны абшиг байна уу, дууч удам залгамжилж л яваа.

Ярилцсан Д.ЦЭЭПИЛМАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж