Баянзүрх дүүрэгт их цэвэрлэгээ хийнэ

Хуучирсан мэдээ: 2013.03.29-нд нийтлэгдсэн

Баянзүрх дүүрэгт их цэвэрлэгээ хийнэ

Нийслэлийн захирагчийн ажлын албанаас өнөөдөр бүх нийтийн цэвэрлэгээний өдөр болгон зарласан. Нийслэл даяар өглөөний 09.00 цагт эхлэх их цэвэрлэгээнд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэд, оршин суугчид, хувийн хэвшлийнхэн бүгдээрээ оролцох билээ. Баянзүрх дүүргийн хувьд их цэвэрлэгээг өглөөний 09.00 цагаас дүүргийн бүхий л нутаг дэвсгэрт эхлүүлэх бөгөөд иргэд аж ахуйн нэгж, байгууллагын алба хаагчдын цэвэрлэж цуглуулсан хогийг 13.00 цагаас эхлэн Цагаан давааны хогийн цэгт буулгаж, пүүлэх ажлыг Баянзүрх тохижилт компанийн ажилчид хийх юм байна.

Энэ талаар дүүргийн нутагт хуралдсан хогийг цэвэрлэх ажлын хэсгийн ахлагч Засаг даргын орлогч Б.Батцогтоос тодруулахад, “Дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд хуралдсан хогийг цэвэрлэхээс гадна, цаг агаар дулаарч шар усны үер үүсэж болзошгүй байгаатай холбогдуулан үерийн хамгаалалтын далан суваг, барилга байгууламжийн хэвийн найдвартай үйл ажиллагааг хангаж, ус нэвтрүүлэх хоолойнуудыг цэвэрлэнэ. Ус нэвтрүүлээх хоолойнуудад хуримтлагдсан цас, мөсийг цэвэрлэснээр уулнаас бууж байгаа шар усыг чөлөөтэй урсах нөхцлийг бүрдүүлэх юм.

Мөн нийтийн эзэмшлийн зам талбай, авто замын нуух болон автобусны буудал, түргэн үйлчилгээний цэг орчмын цэвэрлэгээг сайжруулж, хог тээврийн үйлчилгээг шуурхай хүргэж, машин техникийн байдлыг хангаж ажиллана. Их цэвэрлэгээнд төрийн алба хашиж байгаа ажилтнуудаас гадна, дүүргийн нутаг дэвсэгт оршдог их, дээд сургуулийн оюутан багш нар, цэргиийн анги нэгтгэлийг бүрэн хамрагдана. Үүнээс гадна, Баянзүрх дүүргийн 28 хорооны ажилгүй иргэдийг бүртгэн их цэвэрлэгээний ажилд хамруулж, цагаар тооцон цалинжуулах юм. Тиймээс ажилгүй иргэд хороодынхоо нийгмийн ажилтан, зохион байгуулагчтай уулзаж, нэг өдөр ч болсон цагийн ажил хийх боломжийг бүү алдаарай гэж хэлмээр байна” гэсэн.

Дашрамд дурдахад, иргэд, оршин суугчдынхаа ая тухтай таатай орчин нөхцлийг бүрдүүлэх ажлын хүрээнд хийгдэж байгаа их цэвэрлэгээний ажил ганцхан өдөр ажиллаад зогсохгүй. Тиймээс зөвхөн дүүргийн гэлтгүй нийслэлийн бүхий л оршин суугчид өдөр болгон өөрсдийн амьдарч байгаа газар нутаг, хашаа хороо, зам талбайгаа хоггүй цэвэр цэмцгэр байхад анхаарал тавьж амьдрах нь өөрсдийн болон бидний ирээдүй болсон үр хүүхдүүдийн маань эрүүл өсөх нөхцлийн нэг хэсэг гэдгийг энд дурдахад илүүдэхгүй билээ.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж