Хуучирсан мэдээ: 2013.03.29-нд нийтлэгдсэн

Аав шиг ах минь

Бидний хэдэн нөхөд өөрсдийгөө “Яруу найрагчид” хэмээн бодох… Бусад нь юу гэж боддог эсэхийг бүү мэд. Ямартаа ч бид бие биедээ яруу найрагчид юмдаг. Бидний дунд хотын амьдралаас уйдан зугтсан нэгэн залуу байх. Тэр нь Баасанжавын Оролзод. Оюутан ахуй цагтаа “Тогоруутай нуур” дууны үгийг зохиож, дуучин Бобо, Сэлэнгэ нарын дуулсан “Чинийхээ дэргэдээс…” дууг бичсэн нэгэн. Бид хоёр биесээ мэддэг болоод нэлээд оныг өнгөрөөжээ. Нэгэн намраар тэднийд очсон минь одоо санаанд тодхон байна. Түүний аав н.Баасанжав гэж Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат, нутгийн зон олондоо хүндлэгдсэн сайхан буурал байна. Баасаа ах бид хоёр нэг л мэдэх нь ээ их дотносож “аав, хүү хоёр” болжээ. Дүнсэн тамхи хуваан татахдаа найзын минь тухай болохгүй санагдсан “ааш”-ийг нь надад “ховлох”-ыг нь сонсож суух нь сайхан байж дээ. Гэтэл бид хоёр дахиад Оргоогоо “муулж”, таныхаа анх нутагтаа яаж тариа тарьж байсан, “Болор цом”-ыг анх зохиогдсоноос нь хойш хэн, хэн гайгүй шүлэг уншсан талаар ярилцахаасаа нэгэнт өнгөрчээ. Хайрт ах минь, сэтгэлийн минь “аав” 2013 оны 3-р сарын 25-ны шөнө өвчний улмаас таалал төгсчээ. Би таниасаа хойш хэнд сэтгэлээ онгойтол ярьж, уул шиг дүнхийсэн өвгөдийнхөө үгийг хэнээс сонсох вэ, өвгөн ах минь. Бидэндээ яруу найрагч хүүгээ үлдээгээд бурханы орон зорин одсон гэж бодсон ч “итгэл хамгийн сүүлд мөнхдөг” үгийн дор итгэж эс чадан суунам. Бодох тусам хоолойд нэгэн зүйл торно… Харууслын нулимс асгаравч энэ их нулимсаар таныгаа бүтээж чадахгүй тул эрийн цээж уужуу хэмээн дотогш норж “ховор нулимстай” байхыг хичээвч, тайвшралыг эс олно.   

Аавыгаа байхад


Аавыгаа байхад
Цаг хугацаа, хором бүрийг мартаж
Цагаан инээд, гэнэн зантай хэнэггүй амьдарч байна
Аавыгаа байхад
Цэцэг шиг охидыг гэргийгээ болгоно гэж худал амлаад
Цагаан шөнийг жаргалтай үдээд маргааш нь цор ганцаар харьж байна
Аавыгаа байхад
Зугаа цэнгэлд дурлаж сархадын амтанд хөлчүүрээд
Залуу нас, хүсэл мөрөөдөлөө хайрлаж мэдэхгүй байна
Аавыгаа байхад
Буцах шувуудын уйтгар, ирэх шувуудын догдлолыг мэдэрч чадахгүй хир нь
Яруу найрагч болно гэж холын аянд мордсон байна
Аавыгаа байхад
Хүүг минь тэвэрч ирсэн бүсгүйгээс зугтаж
Хотын хээцэр охидыг дагаад
Хаа хүрэхээ мэдэхгүй даанч гэнэн байна
Аавыгаа байхад
Болж бүтэхгүй орчлонгийн түмэн явдлыг мэдэрч
Бодолд дарагдаж бусдыг анзаарах сөхөөгүй омголон байна
Аавыгаа байхад
Уйтгар гуниг, гачигдан дутагдахын зовлонг мэдэхгүй
Урсан цэлэлцэх мөрөн шиг зоргоороо байна
Харин,
Аавынхаа үгүйд…
хэмээн анд минь нэгэн оны өмнө бичиглэж байсан. Баасаа ах минь та биднийгээ орхиод бурхадын завилгаат тэр газар руу нэгэнт явсан болохоор одоо таны хүү, түүний андууд бид хэд бие биедээ хань болон үлдэж байна. Таныг байхад “Цагаан инээд, гэнэн зантай хэнэггүй амьдарч байсан” андад минь ямархан хэцүү байгааг эвлүүлж бодоход ч хөндүүр… Аавыг минь орлож, сэтгэлийг минь дэвтээж байсан хайран ах минь… Эргэж бидэндээ төрөөрэй…

Ум сайн амгалан болтугай.

2013 оны 3-р сарын 25
Алаг адуут Тэрбишийн Дарханхөвсгөл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж