Авто ослоос сэргийлэх сургалт боллоо

Хуучирсан мэдээ: 2013.03.28-нд нийтлэгдсэн

Авто ослоос сэргийлэх сургалт боллоо

Замын цагдаагийн газраас санаачлан жил бүр автомашингүй нэг өдрийг дөрөв дэх жилдээ зохион байгуулж байна. Энэ жилийн онцлог нь автомашингүй өдрийг угтсан долоо хоногийн арга хэмжээг гуравдугаар сарын 24-нөөс эхлэн явуулж байна. Энэ дагуу өнөөдөр “Зам тээврийн мэдээлэл сургалтын өдөр”-ийн хүрээнд их, дээд сургуулийн оюутан, оюутны холбооны гишүүд, ЕБС-уудын нийгмийн ажилтан, эцэг эхчүүдэд зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх арга замын талаар сургалт зохион байгуулсан байна.

ЗЦГ-ын урьдчилан сэргийлэх хэлтсийн албан хаагчид “Зам тээврийн осол гэмтлээс хүүхдийг сэргийлж хамгаалъя” сэдвийн дор ЕБС-ийн нийгмийн ажилтан удирдлагуудтай уулзаж, сурагч хүүхдүүдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх арга зам, осол болох нөхцөлтэй газруудад арга хэмжээ авах зэрэг асуудлаар уулзаж, санал бодлыг сонсч, урьдчилан сэргийлэх арга замын талаар сургалт, уулзалт зохион байгуулав. Тус уулзалтаар ЕБС-ийн ойр орчимд байдаг замд хурд сааруулагч байдаггүйгээс хүүхдүүд машинд шүргүүлэх тохиолдол их байдаг, зарим замд явган хүний гарц байдаггүйгээс хүүхдүүд зам тээврийн осолд өртдөг гэж нийгмийн ажилтнууд хэлж байсан юм. Хүүхдүүдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх тал дээр сургалт, ном, телевизийн нэвтрүүлэг, ногоон үүргэвч зэрэг ажлуудыг хийж байсан нь үр дүнд хүрч байгааг нийгмийн ажилтнууд болон цагдаагийн албан хаагчид хэлж байлаа.

2012 оны байдлаар нийт 1863 хүүхэд гэмтсэнээс 113 буюу 61.7 хувь нь Улаанбаатар хотод, 70 буюу 38.3 хувь нь орон нутгийн замд гэмтсэн бол нийт 43 хүүхэд ам насаа алдсан байна. 2013 оны эхний хоёр сарын байдлыг авч үзвэл зам тээврийн осолд нийт 49 хүүхэд өртөж, нэг хүүхэд нас барсан бөгөөд гэмтсэн хүүхдийн насны байдлыг авч үзвэл 0-7 настай 25 хүүхэд, 8-14 настай 20 хүүхэд, 15-18 насны дөрвөн хүүхэд байна.

ЗЦГ-аас хүүхдүүдийн ослоос урьдчилан сэргийлэх нэг арга зам нь эцэг эх болон багш хоёрын хоорондын холбоо маш сайн байх ёстойг сануулж байлаа. Эцэг эхчүүд хүүхдээ сургуульд нь хүргэж өгч, авч байвал хүүхдийг зам тээврийн ослоос бүрэн хамгаална. Үүнд багш нарын үүрэг ч их байдаг аж.

М.НАРАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж