Талибанчууд багш эмэгтэйг буудан хороожээ

Хуучирсан мэдээ: 2013.03.28-нд нийтлэгдсэн

Талибанчууд багш эмэгтэйг буудан хороожээ

Пакистаны охид, эмэгтэйчүүдийн өмнөөс тэдний эрх хэрхэн зөрчигдөж буй талаар зоригтойгоор үг дуугарсныхаа төлөө 15-хан настай Малала Юсуфзай охин Талибанчуудын бууны суманд өртсөн билээ. Тэгвэл Пакистаны Пешавар хотод охидын бага сургуулийн захирал, багш эмэгтэй Шахназ Биби Малалатай адил байдлаар Талибанчуудын суманд өртөн нас барсан тухай мэдээ дэлхий нийтийн анхаарлыг татаж байна. “NBC”-д мэдээлснээр 41 настай Шахназ Бибийг бага хүүгийнхээ хамтаар сургууль руугаа явж байхад нь мотоциклтой хоёр этгээд гал нээсэн аж. Азаар түүний 12 настай Даниел хүү гэмтэж бэртээгүй байна. “Daily mail”-д мэдээлснээр гурван хүүхдийн ээж Шахназ Биби нь сурагчдын аюулгүй байдлыг хамгаалахыг шаардсан дуу хоолойгоо илэрхийлснийхээ төлөө ийнхүү Талибанчуудын золиос болжээ.

Малала тэргүүтэй хүний эрхийн төлөө тэмцэгчдийн ачаар Пакистаны охид, эмэгтэйчүүд сурч, боловсрох эрхээр хангагдах болсон боловч Засгийн газраас охид, эмэгтэйчүүдийн аюулгүй байдлыг хангах тал дээр илүү анхаарч ажиллах шаардлагатай байгаа нь дээрх халдлагуудаас харагдаж байгаа юм.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж