Хэлээгүй хэвлэлийн хурал

Хуучирсан мэдээ: 2013.03.28-нд нийтлэгдсэн

Хэлээгүй хэвлэлийн хурал

Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг сэтгүүлчдэд мэдээлэл өгөхөөр болж, асуулт тавих боломж олголоо. Гэвч тодорхой хэдэн асуултыг хариултгүй хэвээр үлдээлээ. Хэвлэлийн хурал хийх болсон шалтгаан уг нь тодорхой. Засгийн газрын бодлого, үйл ажиллагааны шалтгааныг олон нийт ойлгохгүй, хүлээн зөвшөөрөхгүй байгаагаас бодлогыг нь шүүмжилж байгаа. Ерөнхийлөгч өмнө нь энэ талаар сануулж, “хийж байгаагаа сайн тайлбарлаж, таниулахгүй бол шүүмжлүүлсээр л байна” гэдгийг хэлсэн удаатай. Угтаа бол хэвлэлийн хурал хийсний дараах ач холбогдол нь олон нийт энэ асуудлыг ингэж шийдэж буй юм, цаана нь ийм шалтгаан байгаа юм байна гэж ойлгох байв. Хэрэв ийм зорилго байсан бол, харамсалтай нь биелсэнгүй. “Төрийн бодлогод итгээд орон сууц ч үгүй, зээл ч үгүй болчихсон иргэдийн асуудлыг яг хэзээ, хэрхэн шийдэх вэ”  гэдэгт хариулсангүй. Өмнө нь хийсэн муу гэрээгээ цуцлах эсэхээ ч тодорхой хэлсэнгүй. Гол асуултын хариулт бүр нь дараа шийдэгдэх, өөр ямар нэгэн хүчин зүйлээс хамааралтай болохыг Ерөнхий сайд маань хэллээ.

“ЧАЛКО”-ТОЙ ХИЙСЭН ГЭРЭЭ МУУ, ГЭХДЭЭ..

“Эрдэнэс Тавантолгой” ХХК болон БНХАУ-ын “Чалко” компанийн хооронд байгуулсан гэрээг Монгол Улсад ашиггүй тул цуцална. Нөхөн төлбөрт шаардагдах 50 сая ам.долларыг Чингис бондоос төлөх боломжтой” гэж байсан Ерөнхий сайдын байр суурь өөрчлөгдсөн бололтой. Сар гаруйн өмнө Н.Алтанхуяг сайд  “Нүүрсний үнэ дэлхийн зах зээлд 100 төгрөг байвал 70 төгрөгөөр өгнө гээд заачихсан. Тэгэхээр энэ гэрээнээс салахаас өөр арга байхгүй. Хорлон сүйтгэх гэж байгаа юм шиг ийм гэрээ хийгдчихсэн байгаа. Гэхдээ ямар нэгэн аргаар асуудлаас гарна. Тэр компанид нь мөнгийг нь төлөөд гэрээнээсээ татгалзана. Засаг ийм шийдтэй байна” гэж хатуу байр суурьтай байв.  Хатуу байр суурийг нөхцөл байдал зөөллөж орхиж. Тэрээр “цуцлах уу” гэх асуултад “цуцлахгүй гэж хэлээгүй” гэж бөөрөнхий хариулт өгөв. Түүний “Гэрээг цуцална гэвэл 186 сая ам.долларын өрөө төлөөд, давхар нөхөн төлбөр төлөхөөр болно. Засагт хохиролтой гэдэг ард түмэнд хохиролтой” гэх тайлбараас илүүтэй яагаад өмнө яригдаж байсан эх үүсвэрүүдээс мөнгийг төлөх нь илүү ашигтай гэдэг тооцоог дурдсангүй. 

Үнэхээр нүүрсээ гаргаж чадахгүй зогссон. Сая гаруй тонн нүүрс буюу 30 гаруй сая ам.долларын нүүрс хураалттай байгаа. Үүнийгээ өөрсдөө худалдаж чадахгүй байгаа тул “Чалко”-той дахиад л хэлэлцээрийн ширээний ард суухаас аргагүй болж буй нь энэ аж.   

8-9 ХУВИЙН ХҮҮТЭЙ ЗЭЭЛ САНАЛ БОЛГОХ БАЙХ

Өмнөх засгийн үед хийсэн балгийг үүрэхээс аргагүйдсэн өөр нэг асуудал нь 100 мянган айлын орон сууц хөтөлбөрийн хохирогчдыг хэрхэх вэ гэдэг хэрэг. Гэвч яг эдгээр иргэдийн асуудлыг ингээд шийдчих нь гэх тодорхой хариулт гарсангүй. Гэхдээ огт орхичихгүй нь гэсэн найдвар үлдээхээ ч мартсангүй. “Асуудлыг хамтдаа ярилцаж шийдэцгээе” гэв. Ерөнхий сайд “Үүнийг харьцангуй буруу бодлого болсон гэдгийг бид хэлж байгаа. Бэлэн болсон орон сууц бага байхад зургаан хувийн хүүтэй зээлийг зарласан. Энэ нь төсөв дээр маш их алдагдал болж байгаа учраас буруу бодлого юм. Нөгөө талаас зээл гарснаар иргэдэд ашигтай зүйл огт болохгүй эсрэгээрээ нэг метр кв байрны үнэ хоёр дахин өссөн” гэв. Шүүмжийг шүүмжлэлээр хариулсан нь энэ. Гэхдээ огт мэдээлэл өгөөгүй гэвэл хилсдүүлсэн хэрэг болно. Түүний амнаас “Ойрын үед бодлогоо зарлана. 8-9 хувийн хүүтэй, удаан хугацаны зээл санал болгох болов уу. Мөн ашиглалтад ороогүй барилгад зээл олгохгүй байхаар болж буй”  гэх мэдээлэл яахын аргагүй удахгүй гаргахаар төлөвлөж буй бодлогын гол санаанууд байв.

ЯПОНЧУУД МӨНГӨ ӨГВӨЛ НЕФТЬ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРТЭЙ БОЛНО

Шатахууны үнээс эдийн засгаа хамааралтай болгочихсон улсын хувьд үргэлж гаднаас шатахуун худалдаж авна гэдэг нь гадаад улсаас үргэлжид хамааралтай байсаар л байна гэсэн үг. “Тавдугаар цахилгаан станц, Нефьт боловсруулах үйлдвэр, Зэс боловсруулах үйлдвэр хэзээ байгуулагдах гэж байна” гэх асуултууд бараг бүгд л хорь гаруй жилийн настай. Яагаад барьчихдаггүй, асуудал нь хаанаа байна гэдэгт тодорхойгүй, бүтэл муутай хариултуудыг  өмнө, өмнөх Засгийн газрын тэргүүн бүхэн өгдөг байв. Эдгээр асуулт мөн л Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуягт очив. Тэрээр “Дархан-Уул аймагт жилд хоёр сая тонн нефть боловсруулах хүчин чадалтай үйлдвэр барихаар болсон. Зургаан сая ам.долларын өртгөөр босно. Үүнийг барих хөрөнгө оруулалтыг Японоос урт хугацааны зээлээр авна” гэж хариулав. Энэ талаар удахгүй Япон улсын Ерөнхий сайд манай оронд айлчлах үеэр нь ч тодорхой болгох бололтой. Ямартаа ч Монгол Улс удахгүй нефьт боловсруулах үйлдвэртэй болох нь, гэхдээ япончууд мөнгө өгвөл.

Б.МАНДАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж