“Нүүрсний салбарын орон зайгаа алдах гээд байна”

Хуучирсан мэдээ: 2013.03.28-нд нийтлэгдсэн

“Нүүрсний салбарын орон зайгаа алдах гээд байна”

Монгол Улсын Засгийн газраас энэ жил 34 сая тонн нүүрс экспортлох төлөвлөгөө гаргасан билээ. Гэтэл төлөвлөгөөт хэмжээнд хүрч чадахгүй болсон тухай эдийн засагчид хэлж байна. Монгол Улсын нүүрсний экспорт 100 хувь БНХАУ-аас хамааралтай. Тодруулбал, нүүрсээ зөвхөн урд хөрш рүүгээ л гаргаж байна. Гэтэл БНХАУ эдийн засгийн эрчимтэй хөгжлөө тогтоон барих бодлогын үндсэн дээр нүүрсний экспортоо бууруулснаас коксжих нүүрсний үнэ буурч байгаа. Энэ нь цаашдаа үргэлжлэх тухай ч дэлхийн улс орнууд дор бүрнээ дүгнэлтээ хийж, мэдэгдэж эхлээд байна. Энэ талаар Монголын нүүрсний ассоциацийн Гүйцэтгэх захирал Т.Нарантай ярилцлаа.

-Манайхаас нүүрс авдаг ганц улс нүүрсний импортын хэмжээгээ багасгаад, үүнийг дагаад нүүрсний үнэ олон улсад уналаа. Энэ байдал цаашид ч үргэлжилнэ гэж байгаа. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Хятадын хувьд эдийн засгийн хурдацтай өсөлтөө сааруулах бодлого барьж эхэлсэн. Ингэхдээ үйлдвэрлэл, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын хэмжээг бууруулснаар төмөр, барилгын материалын үйлдвэрлэл буурсан. Үйлдвэрлэл буураад, худалдан авах сонирхол нь багасаад ирэхээр үнэ унах нь мэдээж. Энэ нь 2012 оны сүүлийн хагас жилээс эхэлсэн. Одоо үргэлжилж буй нүүрсний үнэ ойрын үед бууралттай хэвээр байх хандлагатай. 2011 оны сүүлчээр, 2012 оны эхний хагасаар коксжих нүүрсний үнэ өсч байлаа.  Учир нь тэр үед БНХАУ-ын эдийн засаг эрчимтэй хөгжиж, Хятадын нүүрсний зах зээлийн том нийлүүлэгч Австралид үер болоод үүнийгээ дагаад нүүрснийх нь нийлүүлэлт багассан. Нийлүүлэлт нь багасаад ирэхээр БНХАУ нүүрс авах хэрэгтэй болоод үнээ өсгөж улмаар нүүрсний үнэ тонн тутамдаа 280 ам.долларт хүрч байсан үе бий. Одоо бол байдал өөрчлөгджээ. Нүүрсний экспортоор дан ганц Хятадаас хараат байгаа Монголын хувьд энэ байдал хүнд тусч байна.

-Өнөөдрийн байдлаар Монголын хэдэн компани нүүрс олборлож, экспортолж байна вэ?

-Монголын 29 компани нүүрс олборлож  байгаагаас 10-аад нь урд хөрш рүү экспортолж байна. Үүнд “Энержи ресурс”, “МАК”, “Эрдэнэс Тавантолгой”, орон нутгийн “Тавантолгой”, “Чинхуа МАК” гэсэн таван компани экспортын ашгийг голлон бүрдүүлж байна. “Саусгоби сэндс” сайн экспортлогч байсан ч өнгөрсөн оны зургадугаар сараас үйл ажиллагаагаа зогсоогоод, одоогоос сэргэнэ гэж байна. Хэмжээний хувьд, 2012 онд Монгол Улс 20 сая тонн нүүрс экспортод гаргасан. Энэ жил 30 сая гаруй тонн нүүрс гаргах төлөвлөгөөтэй ч өнөөдрийн энэ байдал үргэлжилбэл 15 сая тонн хүрэх үү, үгүй юү л байдалтай байна.

-Манайх нүүрсээ дан ганц Хятадад өгч байна. Үнэ өссөн үед нь хэдээр өгч байв. Одоо хэд болтлоо буурчихав?

-2012 оны эхний хагас жилд, жишээ нь, “Энержи ресурс” компани гэхэд тонн тутамдаа хил дээр 150 ам.доллараар өгч байсан. Одоо бол 90 ам.доллар болж унасан байгаа. “Эрдэнэс Тавантолгой” “Чалко”-той хийсэн гэрээгээр бол 70 ам.доллар байсан ч доошилсоор 50 ам.доллар шахам болоод нийлүүлэлтээ зогсоосон.

-Үнэ ингээд уначихаар урт хугацааны “Чалко”-той байгуулсан гэрээнээс асар их алдагдал амсах нь. Энэ талаар таны байр суурь?

-“Эрдэнэс Тавантолгой”-гоос Хятадын “Чалко”-д гэрээгээр нэг тонн түүхий нүүрсийг 70 ам.доллараар нийлүүлж байсан. Нүүрсний үнэ унаад эхлэхэд, “Чалко”-гийн бусад улс оронд дамжуулан худалддагийн хувьд өөрсдөд нь ашиггүй болж эхэлсэн. Ингээд манайхаас хуучин үнээр аваад цаад зах зээлдээ худалдахад алдагдалтай болж байна гээд манайхыг нүүрснийхээ үнийг буулгаач гэсэн байр суурь илэрхийлсэн. “Эрдэнэс Тавантолгой”-н хувьд нэг тонн нүүрсний зардал нь ашгаасаа даваад ихээхэн алдагдал хүлээж эхэлсэн.

-Нэгэнт алдагдалтай болчихсон учраас “Чалко” цаашид хэрэггүй юу?

-Ингэж шууд хэлж болохгүй. Бусад орон ийм том экспортын бүтээгдэхүүнээ гурил, будаа шиг наймаалдаггүй. Урт хугацааны түншлэлийн наймаа хийдэг. Тэгэхгүй бол өнөөдөр зарчихаад маргааш больчихоод байвал ашиг олохгүй. Манайх алдагдалд орлоо гэж байна. “Чалко” болохоор та нар гэрээний хугацаа дуусах яагаа ч үгүй байхад зөрчих гээд байна гэх зэргээр муудалцаж эхэллээ. Гэтэл зах зээл бол байнга хувирч өөрчлөгдөж байдаг. Бусад улс орнууд бол ийм асуудлаа урьдчилж харж гэрээгээ байгуулдаг юм байна. Одоо үнэ унасан ч хойтон жил эргээд сэргэнэ гэдэг урт хугацаагаа хардаг. Ингээд бусад орон нүүрсээ нийлүүлээд л байдаг. Хятадын зах зээл одоо танах бодлоготой байгаа ч тэнд бусад улсаас нүүрсээ нийлүүлье гэсэн санал ирсээр л байна. Бас Хятадад хуучин нүүрсээ гаргадаг байсан компаниуд хэвээрээ  нийлүүлсээр. Тухайлбал, Австрали, Канад, ОХУ, Индонез нийлүүлэх нүүрсний хэмжээгээ нэмээд байна. Цаашид ч нэмэгдүүлэх саналтай. Цаашдаа үнэ сэргэх учраас бусад орнууд урт хугацаагаа харж найдвартай түнш нь хэвээр байх гэсэн байр суурьтай байна. Манайх ч үүнийг бодох л хэрэгтэй.

-Монгол Улс бусдыг дагаад нүүрсээ хямд өгөөд байвал алдагдалд орох нь хамаагүй гэж үү?

-Улс орнууд хэсэгхэн хугацааныхаа алдагдлыг харалгүй, хэтийнхээ зах зээл, орлогоо бодож, тэр бүү хэл  төр засаг нь компаниуддаа түншээ битгий алдаарай гээд татвараас түр хугацаагаар чөлөөлөх зэрэг янз бүрийн аргаар зардлаа хэмнэхэд нь дэмжлэг үзүүлдэг. Бидний хувьд хамаг юмаа одоо хаачихвал  дараа Хятадын зах зээл эргэж сэргэсэн цагт нь бид нүүрсээ өгөх гэхээр манай орон зай аль хэдийнэ байхгүй болчихсон байна. “Чалко”-той гэрээ хийж байхдаа манайхан нүүрсний үнэ хэлбэлзвэл түүнийг индексжүүлэхээр тохирсон ч дандаа унаад байвал яах уу, доод хязгаар нь хэд байх юм гэхчилэн нарийн зүйлүүдийг тусгаагүй. Алдагдалд орох юм бол гэрээгээ өөрчилнө шүү гэж анхнаасаа тохироогүй.  Монголын хамгийн том төрийн өмчит компани үйл ажиллагаагаа дөнгөж эхэлмэгцээ л ийм асуудал үүсгээд шуугиан тариад байхаар Монголын гадаад худалдаа, компаниудын бизнесийн орчинд сөргөөр нөлөөлөх нь тодорхой.

-Ер нь бид нүүрсээ өгсөөр байгаад Хятадууд манайхаас тодорхой хүлээлттэй болохгүй юу?

-Хятадын зах зээл ямар том билээ. Тэдэнд хэнээс авах нь чухал биш. Хямдаар ч юмуу өөртөө хамгийн ашигтайгаар л авах нь чухал. Цөөн нийлүүлэгчээс хамаарахгүйн тулд худалдан авах эх үүсвэрийн тоогоо нэмэх, бас үйлдвэрлэлийн технологийн шаардлагаар олон улс орны нүүрсийг хольж хэрэглэх гэхчлэн олон нөхцөл байдлаас болж тэд зөвхөн Монголоос нүүрс авах биш, олон улсаас нүүрс импортлох бодлого барьж байна. Коксжсон нүүрсний хувьд 2009-2012 онд Хятадын импортын нүүрсний 12-4 хувийг манайх эзэлж, Австралийн дараа хоёр дахь том нийлүүлэгч байсан бол одоо худалдан авагчдаа бусад орнуудад алдсаар зах зээлийн гадна үлдэх шинжтэй. Цаашдаа Монгол л ганцаараа нүүрстэй юм шиг утгагүй бодлоо хаях хэрэгтэй. Нүүрс бол асар түгээмэл байгалийн баялаг шүү дээ. Австрали, Индонез, Канад, АНУ гээд хүчирхэг нийлүүлэгчид Хятадын зах зээл дээр улам тэлж буйгаас гадна ОХУ, Мозамбик, Конго, Танзани гээд шинэ нийлүүлэгчид манай урдуур дайраад ороод ирлээ шүү дээ. Өөрөөр хэлбэл, Хятадын зах зээл дэх нүүрсний эрэлтийн уналтаас хамгийн их гарз хохирол амсаж буй орон бол манай улс болж байна. Гэтэл бусад орнууд зах зээлийн хуулийн дагуу ажиллаж буй учир хохирол үзсэн ч тэр нь бага, зарим нь бүр том хожоотой гарч байх шивдээ. 

-Дэлхийн ханш гэж ярьдаг. Бидний хувьд хажууд нь байгаа учраас хямд өгч байгаа тал бий?

-Дэлхийн нүүрсний зах зээлийн үнэ ханш гээд байдаггүй юм. Үнийн харьцуулалт нь яг хаана ямар боомтод нүүрсийг хэдээр авч байна вэ гэдгээр л гарч ирнэ шүү дээ. Яахав, нүүрсний арилжаанд том үүрэгтэй далайн боомтууд дээрх үнийг л дэлхийн ханш гээд байх бололтой. Монгол хямд үнээр өгдөг нь манайх нүүрсээ өөрийн улсын хил дээрээ л азардаг шүү дээ. Нэг үгээр Хятадын компаниуд өөрсдөө ирж биднээс нүүрс авдаг. Харин АНУ, Австрали, Индионез, Канад гэхэд хэрэглэгчийн зах зээл дээр аваачиж өгдөг болохоор үнэ ялгавартай байх нь аргагүй. Боомтод, хэрэглэгчид аваачих хүртэлх тээвэрлэлт ложистикийн болон бусад олон зардлаа нэмэж тооцож байгаа нь тэр. Бээжингээс авсан бараагаа Нарантуул дээр яг тэр үнээр нь зардаг наймаачин хараагүй биз дээ.

-Тээврийн зардлаа багасгаж, ашгаа нэмэгдүүлэх гарц бол төмөр зам.  Гэтэл өргөн, нарийн царигийг тойрч маргалдсаар л байх юм?

-Бид одоо хил дээрээ л аваачиж чадаж байна. Ингэхдээ галт тэргээр биш, машинаар зөөж шүү дээ. Нэг машинд 40 тонн ачиж, 4000 тонн нүүрс тээхийн тулд 100 машин зэрэг явж байхад нэг вагонд 80 тонныг ачаад 50 вагоныг ганцхан толгой чирээд ганцхан удаа яваад хүргэх боломжтой.  Гэтэл нарийн, өргөн гээд маргалдах хооронд цаана чинь улсууд зах зээлийг эзлээд байна.  Тэгэхээр төмөр замыг ямар зориулалтаар тавих вэ гэдгээ эхлээд шийдэх ёстой. Хятадад төдийгүй далайн боомтуудад нүүрсээ цаг алдалгүй, зардал багаар гаргах боломжоо бодвол нарийн царигтай төмөр зам тавихаас өөр аргагүй. Сингапур, Тайвань, Өмнөд Солонгос, Япон зэрэг улсад гаргаж, үнэ хүргэнэ гэвэл нарийн цариг л хэрэгтэй. Одооных шигээ өөрийнхөө хил дээр ганцхан Хятад улсад зараад байя гэж буй юм бол ямар ч цариг байсан болно.

-Шилжүүлж ачих боломжтой гэдэгт та ямар байр суурьтай байдаг вэ?

-Монголын нэгдэн орсон “Төмөр замын ачаа тээврийн олон улсын хэлэлцээр”-т зааснаар ачих буулгах үйл ажиллагааг бараа хүлээн авагч талын хилийн өртөөнд хийхээр заасан байдаг юм билээ. Ийм конвенцид бид нэгдчихсэн. Тэгэхээр Хятадад аваачаад, тэд буулгаж өгнө гэсэн үг. Ингэхээр тэд манай нүүрсийг буулгахгүй зогсоогоод байвал зогсоогоод л байна. Манай компанийн захирлууд очоод Хятадын “груушик”-ээс гуйх нь ээ. Манай нүүрсийг буулгаад өгөөч гээд л. Үүн дээр нэмэгдээд ачиж буулгасны бүх зардлаа Хятадууд биднээс авна. Манай хил дотор шилжүүлэн ачих байгууламж барилаа гэхэд анхны хөрөнгө оруулалт асар их хэрэгтэйгээс гадна ашиглалтын зардал нь явж өгнө дөө. Нэг тонн нүүрсний зардал нэмэгдээд талийна.  Дахиад л өнөөх алдагдалдаа орж эхэлнэ.  Тиймэрхүү нөхцөл байдлаас шалтгаалаад тэр шилжүүлэн ачих байгууламж хэдхэн жилийн дараа хэрэггүй төмрийн хог болгох ч магадлал бий.  Бас нэг юм нь байгаль экологийн асуудал. Одоо “Цагаан хад” гэдэг аймшгийн газрын тухай дээр дооргүй их ярьцгаадаг. Тэрнээс ч аймшгийн юм тэнд болохыг үгүй гэх газаргүй.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж