С.Жамъян, Б.Ренчин, Ц.Дамдинсүрэн

Хуучирсан мэдээ: 2013.03.28-нд нийтлэгдсэн

С.Жамъян, Б.Ренчин, Ц.Дамдинсүрэн

Монголын суу
билигт хөвгүүд болох гүн Сангажавын Жамъян, гүүш Бямбын Ренчин, гүүш Цэндийн
Дамдинсүрэн зэрэг эрдэмтдийн танилцуулгыг хүргэж байна. Тал бичээчээс эхэлсэн
тэдний эрдэм Монгол түмэн төдийгүй хүн төрөлхтөн харах оюун ухаан толь болсон
олон сайхан бүтээл туурвиж хойч үеийн бидэнд үлдээсэн гайхамшигт мэргэд
билээ…



ГҮН САНГАЖАВЫН ЖАМЪЯН

 Өөрийгөө ямагт “Монголын дорд бичээч
буюу болхи өвгөн” гэж даруухнаар нэрлэж явсан нэрт бичгийн хүн, соёл гэгээрлийн
ахмад зүтгэлтэн Сангийн яамны тэргүүн сайд, Ардыг гэгээрүүлэх яамны анхны сайд,
одоогийн Шинжлэх Ухааны Академийн эх үүсвэр болох Судар бичгийн хүрээлэнгийн
дарга, жанжин Д.Сүхбаатарын багш, Лувсанданзаны “Алтан товч” хэмээх ховор
нандин сурвалж, Монгол Данжуурын 226 ботийг олж залан Улсын номын санг үндэслэн
байгуулсан гавьяат, ардын багш С.Жамъян бээр 1864 онд Сэцэн хан аймгийн Ачит
вангийн хошуу одоогийн Дорнод аймгийн Баянбулаг гэдэг газарт төржээ. “Эрхэм
баян эрдэм” гэдгийг сайтар ухаарсан аав нь түүнийг нутгийн монголч Билигтэйд
шавь оруулсан бөгөөд Жамъян хүү ч монгол, манж, төвд бичиг хичээнгүйлэн сурч
эхэлжээ. Жамъян бээр бичгийн эрдэмд тэгш сайн, төлөв түвшин зантай хүн болох
тул тамгын газар Тал бичээчээс
эхлэн жанжны газар эх зохиогч түшмэлийн зэрэг албанд удаа дараа тохоон
томилогдож явжээ.

Тэр үед бичиг ном сайтай хүнийг Богдын
шавь яаманд дуудан авчирч ажиллуулдаг байсан бөгөөд 1900 онд Сэцэн хан аймгийн
хошуудын дотроос бичгийн чадвар сайтай хүмүүсийг Богдын шавийн яаманд алба
хаалгахаар томилон ирүүлэхэд Жамъян оролцсон аж. Ингээд их шавийн харьяат болж
Зайсан тушаал хүлээх болжээ. Улмаар бичиг, номын үйлд чадамгай, зүтгэл
хичээлтэйн учир бичгийн Гүн цолоор шагнуулж үүнээс хойш түүх бичиг, албан
хэрэгт Гүн Жамъян хэмээн тэмдэглэх болсон билээ.

1911 онд Манжийн дарлалаас ангижирч,
тусгаар тогтносон улс гэрээ төвхнүүлэн тогтоох үест гүн Жамъян Богд хаант
Монгол улсын Сангийн яамны данс эрхэлсэн түшмэл, дэд сайдаар тохогдон ажиллаж
байв.

1921 онд Ардын засгийн газар
байгуулахад Жамъян Сангийн яамны тэргүүн сайд, хамаарсан дэд сайдын албанаа
тохоон томилогдоод, удалгүй 1921 оны 11 дүгээр сард Судар бичгийн хүрээлэнгийн
даргаар томилогдсон байна. Мөн олон зүйлийн алба хавсран гүйцэтгэж байсан
бөгөөд тухайлбал 1924 онд Ардыг гэгээрүүлэх яамны анхны сайдаар Жамъян гуайг
томилон ажиллуулжээ. Жамъян гуай Судар бичгийн хүрээлэнгийн даргын албыг
хашихын хамт багш нарыг бэлтгэх сургуульд багшилж байгаад 1930 онд насан өөд
болжээ.

“БНМАУ-ын Судар бичгийн хүрээлэнгийн
анхны дарга агсан Онхудын Жамъян гүн /1864-1930/ Хан Хэнтий уулын аймгийн
Баянтүмэн хошууны Юншээбүү овгийн тайж Дари гэдэг хүнд монголчуудын бичиг
соёлын нэгэн дурсгал хадгалагдан байсныг 1926 онд олсон нь хожим Лувсанданзаны
“Алтан товч” хэмээн алдаршсан юм. Энэ нь монгол үндэстний соёлын өв баялгийг
хямгадан цуглуулах буянт үйлсэд манай ахмад үеийнхний оруулсан том хувь нэмэр
байсан билээ. Хуучны бичгийн их хүн Жамъян гүн тэр дурсгалт бичгийн үлэмжийн их
үнэ цэнийг мэдэж, түүнийг Судар бичгийн хүрээлэнгийн хөмрөгт үүрд нандигнан
хадгалах нь зүйтэй хэмээн үзэж Дари тайжийн хувийн хадгаламжаас зохих ёс зүйн
журмын дагуу шилжүүлэн авчээ. Үүний ачаар Лувсанданзаны “Алтан товч” зөвхөн
монголчуудын төдийгүй, дэлхийн Монгол судлалын эрдэмтэн мэргэд, сонирхогч олон
түмний хүртээл болж чаджээ” хэмээн Академич Ш. Бира: онцлон тэмдэглэсэн байна.
Энэхүү “Алтан товч” хэмээх сурвалжийг Жамъян гуай хэнээс, хэрхэн олж авсан
тухай академич Ц.Дамдинсүрэнгийн сонирхолтой өгүүлэл, “Намтрын хуудаснаас”
хэмээх номд нь байдаг билээ.

Жамъян гуай өөрийн улсад байхгүй ховор
ном судрыг олж ирэхийг мөн чухал хэмээн үзэж Бээжин, Шанхай хотууд болон Өвөр
монголын нутгаар явж хятад, манж, төвд бас англи хэлээр хэвлэгдсэн ховор ном
судрыг худалдан авч цуглуулан ирэхээр Жонон ван Ширнэндамдин, хэлмэрч Хишигт
нарыг дагуулан 1924 онд явж, бүгд 6973 төгрөг 15 мөнгийг зарцуулан, ном судрыг
авчирсан байна. Ийнхүү явахдаа Монгол оронд урьд залаагүй байсан, хосгүй ховор
сурвалж болох Монгол Данжуурын 226 ботийг Наянт вантай есөн зүйлт гэрээ
хэлэлцээ байгуулж, үнэ өртөггүйгээр залж ирсэн бөгөөд одоо улсын төв номын санд
хадгалагдан байгаа билээ.


ГҮҮШ БЯМБЫН РЕНЧИН

 Нэрт эрдэмтэн, Гүүш Төрийн шагналт  Б.Ренчин 
1905 онд Сэлэнгэ аймгийн Хиагтын Бул Сарай гэдэг газар буриад монгол
сэхээтэн Еншөбү Раднаажавын гэр бүлд төржээ. 7 настайдаа монгол бичиг уншдаг
болж, 9 наснаасаа орос хэл үзэж эхэлжээ.

Ренчин 1920 онд Дээд шивээний
Зөвлөлтийн хоёрдугаар шатны сургуулийг дүүргэсний дараа Алтанбулаг хот дахь
Хязгаарын сайдын яаманд Тал бичээчээр
ажиллаж байгаад 1924-1927 онд ЗХУ-ын Ленинград хотноо Дорно дахины судлалын
институтын буриад, халимаг, монгол судлалын эрдэм шинжилгээний ажилтан бэлтгэх
курст /1925-1927/ суралцан төгсжээ. 1927 оноос судар бичгийн хүрээлэнд  оюутан, ажилтан, дуун ухааны тасгийн
эрхлэгчээр ажиллаж байсан. 1929 онд уран зохиолын бүлгэм байгуулахад нь анхны 5
тэргүүлэгчдийн нэгээр сонгогдсон байна.

1937 онд Японы тагнуул, хувьсгалын
эсэргүү гэсэн хилс хэргээр баривчлагдаж 
1939 онд буудан алах ял шийтгэсэн боловч амьд үлдэж, 1941 онд 10 жил
хорих ял авсан боловч 1943 онд тэнсэн харгалзаж сулласан.

 Ренчин 1944 онд түүхийн сэдэвтэй “Цогт тайж”
гэдэг кино зохиол бичжээ.1946-1948 онд УИС-д багш, ШУХ-д эрдэм шинжилгээний
ажилтан байлаа.1952 оноос Үнэн” сонинд утга зохиолын нарийн бичгийн дарга байв.
1956 онд Унгар улсын ШУА-д “Монгол бичгийн хэлний зүй” сэдэвт бүтээлээр хэл
шинжлэлийн ухааны докторын зэрэг хамгаалж 1958 онд ШУХ-д Хэл зохиол судлах
газрын захирал, эрдэм шинжилгээний ажилтнаар ажилласан. 1961 онд БНМАУ-ын
ШУА-ийн жинхэнэ гишүүнээр сонгогдож, 1965 онд Олон улсын Алтай зүйн байнгын
бага хурлын алтан медаль хүртжээ. 1970 онд Унгарын ШУА-ийн хүндэт гишүүнээр
сонгогдсон байна.

1940-өөд онд Б.Ренчин “Нууцыг
задруулсан захиа”, “Бадарч”, “Мангаа-Доогийн эцсийн зүүд”, “Ёсолсон Д-гийн
захидал”, “Хүн хорхой” зэрэг богино хэлбэрийн олон зохиол бичсэн байна.
Ренчиний арвин бүтээлээс дурдахад: “Монгол бичгийн хэлний зүй” дөрвөн дэвтэр,
“Монгол ард улсын угсаатны судлал, хэлний шинжлэлийн атлас”, “Үүрийн туяа” 3
дэвтэр роман, “Заан залуудай”, “Их нүүдэл”, “Сандо амбан”, “Бэр цэцэг”, “Гүнж”,
“Өмнөд этгээдэд зорчсон тэмдэглэл” зэрэг гадаадын монгол судлалын сэтгүүл болон
дотоодын сонин сэтгүүлд хэвлүүлсэн хэдэн зуун өгүүлэл, Оросын зохиолч
Н.Гоголийн “Тарас бульба”, А.Толстойн “Мөнгөн ноён”, Чехийн Юлиус Фучикийн
“Цаазын газар сурвалжилсан тэмдэглэл”, Энэтхэгийн Калидасын “Үүлэн зардас”
зэрэг 20-оод орны 70 гаруй зохиолч, яруу найрагчийн  240 гаруй роман,тууж, шүлэг найраглалыг
орчуулсан байна. Ренчин 1944 онд түүхийн сэдэвтэй “Цогт тайж” гэдэг кино зохиол
бичиж Төрийн шагнал хүртжээ

 Барон Унгернтэй уулзсан
Б.Ренчиний дуртгал:

 Билгийн улирлын арвантавдугаар
жарны цагаагчин тахиа жил, аргын улирлын 1921 оны зун, миний бие Ардын Түр
Засгийн Алтанбулаг хотноо сууж, Умард хязгаарын хэргийг таслан шийтгэгч сайдын
яамны Тал бичээч байлаа. Манай багш Билигсайхан, хязгаарын яамны сайд болохдоо
нэг бичээчийн орон тоонд шавь нараасаа одоо өмгөөлөгчийн ажилтай Хандыг нэг Тал бичээч, нөгөө Тал бичээчээр нь намайг авсан
билээ. Би тэр үед Зөвлөлтийн хоёрдугаар шатны хөдөлмөрийн нэгдсэн сургуулийг
төгсгөсөн орос хэлтэй гэж сайд багштайгаа, заримдаа Лосолтой (тэр үед
Лосолчойжин гэж нэрлэдэг байсан бөгөөд лам захтай дээлтэй цагаан хялгас сүлжмэл
тоорцогтой явдаг хүн асан), заримдаа Хатанбаатартай Дээд Шивээ гэдэгт
Зөвлөлтийн консул Макстенек гэдэгтэй ардын журамт цэрэгт хэрэглэх зэвсгийн
зүйл, Барон Унгерний цэрэгтэй байлдаж тэдний үлдэгдлийг даран сөнөөж байсан
Зөвлөлтийн улаан цэрэгт нийлүүлэх хүнс зэргийн асуудлаар хэлэлцэхэд нь
хэлмэрчлэн явдаг байлаа. Ярилцах хэлэлцэх зүйлийг одоогийн адил нарийн
тэмдэглэл хийдэггүй, зөвхөн амаар хэлэлцэж Тал
бичээч
миний бие орос монгол хоёр хэлээр нэвтрүүлж гүйцэтгэдэг байж
билээ.

 


ГҮҮШ ЦЭНДИЙН ДАМДИНСҮРЭН

 Монголын орчин үеийн утга зохиолыг
үндэслэгчдийн нэг, Монгол улсын ардын уран зохиолч, Төрийн 3 удаагийн шагналт,
эрдэмтэн Гүүш, орчуулагч Цэндийн Дамдинсүрэн 1908 онд Сэцэн хан аймгийн Матад
уулын хошуу одоогийн Дорнод аймгийн Матад сумын нутагт төржээ.

        Дамдинсүрэн
нь эцэг Цэндээр бичиг үсэг заалгаж бичиг уншиж бичиж чадах болсон байна. 1923
онд хошууны тамгын газарт Тал бичээч,
1926 оноос Хан Хэнтий уулын аймгийн МАХН-ын хороо, Эвлэлийн Төв хороонд ажиллаж
байгаад 1929 онд МҮЭ-ийн Төв зөвлөлийн дарга, 1930 онд Говь-Алтайд хамтралын
сургагч, 1927-1929, 1942-1946 онуудад “Үнэн” сонины эрхлэгч, Шинжлэх ухааны
хүрээлэнгийн дарга, Монголын Зохиолчдын хорооны дарга, улмаар Хэл зохиолын
хүрээлэнгийн захирал, эрдэм шинжилгээний ажилтан байлаа. 1979-1981
Гумбольдтын   нэрэмжит их сургуулийн
урилгаар  Берлин хотод очиж, Ханс Детер
Фитце, Гэндэнгийн Лувсан, Габриеле Наги нартай хамт “Герман монгол толь”
зохиолцжээ.

            1982 оноос ШУА-ийн хэл зохиолын
хүрээлэнд Төвд судлалын тасгийг бий болгож эрхлэгчээр нь  ажиллаж байлаа.

      1928
онд “Өчүүхэн дөрвөн үлгэр” өгүүллэгээр зохиол бичих гараагаа эхэлсэн ажээ. 1929
онд уран зохиолын анхны бүлгэм байгуулахад оролцож “Гологдсон хүүхэн” зохиолоо
туурвисан. Зохиолч “Буурал ээж минь”, “Зугаацахаар мордсон нь”, “Наалинхай хоёр
нүд”, “Усан дагина” зэрэг яруу найргийн бүтээл, “Солийг сольсон нь”, “Хоёр
цагаан юм”, “Багш шавь хоёр”, “Хэлдэг гурав хийдэг ганц”, “Хачин хурим”,
“Чөтгөр”, “Чемодантай юм” зэрэг өгүүллэг бичжээ. Түүний зохиолууд нь 1944 онд
“Түүвэр зохиол”, 1956 онд “Түүвэр зохиол”, 1958 онд “Избранное”, 1966 онд
“Хачин хурим”, 1969 онд “Түүвэр зохиол” нэртэйгээр удаа дараа хэвлэгдэж
уншигчдын хүртээл болсон байна. Ц.Дамдинсүрэнгийн мэндэлсний 90 жилийн ойд
зориулан бүрэн зохиолыг 3 ботиор хэвлүүлэн гаргажээ.

      Зохиолчийн
орчуулсан А.С.Пушкины “Алтан загасны үлгэр”, С.Маршакийн “Муурын байшин” зэрэг
олон арван хүүхдийн сонгодог зохиол манай уншигчдын балчир багаасаа мэддэг
бүтээл болсон.

      Түүний
туурвисан эрдэм шинжилгээний ажлаас “Гэсэрийн туужийн түүхэн үндэс”, “Монголын
уран зохиолын дээж зуун билиг оршвой”, “Монголын уран зохиолын тойм”, “Рамаяна
монголд дэлгэрсэн нь” зэрэг судалгааны номууд дэлхийн үе үеийн монголыг судлаач
эрдэмтдийн ашигладаг тулгуур бүтээл болжээ. ”Монгол улсын төрийн дуулал”-ын
үгийг Ц.Дамдинсүрэн зохиосон байна.

            Ц.Дамдинсүрэнд 1945 онд “Маршал
Чойбалсангийн 50 насны ойд зориулсан ерөөл”-д нь, 1947 онд “Нууц товчоо”
хөрвүүлсэнд нь, 1950 онд “БНМАУ-ын төрийн дуулал”-ын үгэнд нь төрийн шагналыг
тус тус 3 удаа олгожээ. Ардын их хурлын тэргүүлэгчдийн 1986 онб 3-р сарын 28-ны
өдрийн зарлигаар Монголын шинэ үеийн уран зохиолыг хөгжүүлэх үйл хэрэгт  олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллан
их хувь нэмэр оруулсныг үнэлэн эрдэмтэн зохиолчид БНМАУ-ын “Ардын уран зохиолч”
цолыг анх хүртээжээ.

            1950 онд “Гэсэрийн туужийн түүхэн
үндэс” сэдвээр дэд эрдэмтэн, 1972 онд 1998 онд Монгол улсын засгийн газраас
Цэндийн Дамдинсүрэнгийн нэрэмжит шагналыг буй болгожээ.

http://talbicheech.miniih.com/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж