
Талийгаач Х.Эрдэнэцэцэг /хадам ээж/-ийн дүү Х.Цэцэгмаа “Миний эгчийн охин Д.Солонгот-Од тэр залуутай суугаад олон жил зодуулж, дарамтлуулж байгаа. Тэднийх зургаан настай охин, дөрвөн настай хүүтэй. Азаар тэр өдөр хүүхдүүд нь хадам талын аав, ээж дээрээ очсон байсан. Хэрэг гарахаас хоёр хоногийн өмнө /гуравдугаар сарын 18-нд/ н.Наранбаатар дүүг минь зодож, толгойг нь хагалсан байгаа юм. Тэр үед н.Наранбаатарыг Сонгинохайрхан дүүргийн цагдаад өгсөн гэсэн. Уг нь гурван хоног саатуулах ёстой юм билээ. Гэвч цагдаа нар хариуцлагагүй хандаж, н.Наранбаатарыг шууд суллаад явуулсан. Д.Солонгот-Од цагдаа нараас хэд хоног саатуулаад өгөхийг хүсч очиход цагдаагийн газрын хашаанд н.Наранбаатар цагдаа нартай пиво уугаад зогсч байсан тухай ирээд хэлсэн. Ядахдаа хуулийн дагуу гурав хоног саатуулсан бол ах, дүү нар минь амьд сэрүүн байх байсан” гэж ярьсан юм.
Гэр бүлийн хүчирхийлэлд өртөн, салах өргөдлөө өгч, арга ядахдаа цагдаагийн байгууллагад хандсан бүсгүйн тавилан дэндүү хөөрхийлөлтэй. Хууль хяналтын байгууллагынхан гэр бүлийн дарамтаас болж, салах өргөдлөө өгсөн эмэгтэйчүүдийг хамгаалж, аюулгүй байдлыг хангадаг байсан бол тэр бүсгүй, түүний гэр бүл халуун ам бүлээрээ элэг бүтэн, эсэн мэнд байх байсан. Түүний адил олон эмэгтэйд энэ зовлон, ийм түгшүүр, айдас бий.
Архины халуун, уурын мунхгаас болж нэгэн гэр бүлийг удмаар нь хүйс тэмтрэхийг хүссэн н.Наранбаатар өдгөө 40 хувийн түлэгдэлттэй, цагдаа нарын хамгаалалтад эмчлүүлж байна. 40 хувийн түлэгдэлт нь амь насанд халгаагүй тул эдгэрсэн цагтаа тэрээр хийсэн гэмээ үүрч, ялаа эдлэх нь дамжиггүй. Гэвч хүний амьтай хэрхэвч дүйцэхгүй.
Нэг өрөөнд үхэлтэй тэмцэлдэж байсан гэр бүл. Тэднээс өдгөө гал голомт залгах том хүү Д.Бум-Эрдэнэ “Аав, ээж дүү нарын чинь бие сайжирч байгаа. Чамайг хурдан эдгэвэл дүү нар чинь ахыгаа дагаж бие нь сайжирна шүү дээ. Өвдөх бүрт чинь эд эс, арьс чинь ургаж байгаа” гэх ахынхаа үгэнд итгэж, 85 хувийн түлэгдэлтээ тэсч, амь гарахаар тэмцэж байна. “Эмч нар түүнд долоохон цаг л үлдсэн” гэж байсан ч аав, ээж, дүү нарынхаа төлөө гэх сэтгэлийн тэнхээг нь бурхан харж тусалж байгаа мэт.
Нэг өрөөнд эмчлүүлж байсан аав, ээж нь хүүхдүүдээ, ах эгч нь дүү нартаа өвдөж, шаналж байгаагаа мэдэгдэж, сэгэлийг нь зовоохгүй гэсэндээ “Ёо” ч гэж дугаралгүй байсаар ар араасаа бурхныг оронд үүрд морджээ.
Монголын ард түмний залбирлыг сонсч, Д.Бум-Эрдэнэ үхэл гэгч аюулыг ялан дийлж, Х.Дашчойнхорын гал голомт тасрахгүй бадамлан асна гэдэгт итгэж, залбиръя.
Хэрэв уншигч та талийгаачдын хойчийн буяныг үйлдэх, Д.Бум-Эрдэнийн эмчилгээнд тус нэмэр болохыг хүсвэл ХААН банкны Хундаган овогтой Батболдын 5032184664 дугаарын хандивын дансанд хандив өргөнө үү.