Буруу нутагт буурь зассан нефтийн үйлдвэр

Хуучирсан мэдээ: 2013.03.28-нд нийтлэгдсэн

Буруу нутагт буурь зассан нефтийн үйлдвэр

ТӨӨРСӨН ТӨӨРӨГ-2 буюу Буруу нутагт буурь зассан
Нефтийн үйлдвэр

Шинэчлэлийн Засгийн газар Мөрийн хөтөлбөртөө “Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдлыг хангах зорилгоор газрын тосны олборлолтыг нэмэгдүүлж, нөөц нь тогтоогдсон Дорнод, Зүүнбаянд боловсруулах үйлдвэр байгуулна” хэмээн тусгасан хэрнээ гэв гэнэт шийдвэрээ огцом өөрчилж, Дарханд барихаар болсон, жилд 2.0 сая тонн түүхий нефть боловсруулах уг үйлдвэрийг Японы 600.0 сая ам долларын зээлээр босгохоор төлөвлөж байгаа тухай өмнөх нийтлэлд өгүүлсэн билээ.

Түүнчлэн ОХУ-аас түүхий нефтээ авна гэж тооцоолсон, тэр нь манай ядарсан төмөр замын тээх, нэвтрүүлэх хүчин чадалд хэтэрхий ахдаад байгаа талаар ч бодит баримтад тулгуурлан, арифметик аргаар бодсон энгийн тооцооноос эш татан ойлгуулахыг оролдсон. Энэ удаад асуудлын арай өөр талыг буюу Монголын газрын тос боловсруулах анхны үйлдвэр буруу нутагт буурь зассаныг гарцаагүй нотлох бас нэгэн баримтыг дэлгэе.

Хэдийгээр Монголын зүүн, зүүн өмнөд зүгийн Тамсаг, Зүүнбаянгийн сав нутгаас жилдээ 700.000 орчим тонн түүхий нефть олборлож байгаа боловч түүнийг Дарханы үйлдвэр авахгүй юм гэсэн. Яагаад гэвэл тэндээс тээвэрлэж, Дарханд хүргэхэд хүндрэлтэй гэсэн төсөл санаачлагчдын үг үнэн. Тиймээс л 150 км-ийн цаана байгаа ОХУ-аас 2.0 сая тонн түүхий нефть авна гээд байгаа юм. “Авна” гээд хэлчих амархан. Харин “Өгөх үү” гэдэг бол өөр асуулт мөн.

Монголд ирсэн “Оросын төмөр зам” хувьцаат нийгэмлэгийн ерөнхийлөгч В.Якунин “Төмөр зам бол геополитик мөн” гэж бидэнд анхааруулж байв. Тэгвэл “Газрын тос бол геополитик төдийгүй улс төр мөн” гэж нэмж хэлмээр байна. Хэлэх ч юу байхав. Энэ бол бүхний мэдэх томъёолол. 1956 оны Суэцийн хямрал, 1973 оны Арабын тосны нийлүүлэлтэд тавьсан хориг, 1980 оны Иран-Иракийн, 1990 болон 2003 оны Персийн булангийн дайн зэрэг дэлхийг хамарсан хямралт нөхцөлийн үр дагавар эцсийн эцэст газрын тостой холбогдож байв.

Тэгэхээр ОХУ-ын манайд нийлүүлэх газрын тосны бүтээгдэхүүний экспорт нь ОХУ-аас Монгол Улсын талаар баримтлах гадаад бодлогын нэгэн чухал хөзөр байсаар байх болно. Гэтэл 2.0 сая тонн түүхий нефть гуйгаад, гүйгээд очно гэдэг бол ах нарын гарт Тамга өөрөө ороод ирж байгаа хэрэг мөн гэдгийг учир мэдэх хэнбугай ч гадарлана. Энгийн таамаглал өрнүүлье. Тэд эхлээд найрамдалт, олон жилийн түүхэн харилцаатай, үеийн үед тусалж дэмжсээр ирсэн монгол ах дүү нартаа “Тэгэлгүй яахав. Ав” гэсэн, алга дэлгэсэн найрсаг хариу өгөх нь бараг мэдээжийн болов уу. Дараа нь барьцаа ягуухан лавшруулж таарна. “Зөвхөн манайхаас ав”, “Лабораторийг чинь бид байгуулж өгье”, “Тамсаг, Зүүнбаянгийн нефтийг чинь боловсруулж чадахгүй шүү”, “Аяганы хариу өдөртөө гэдэг юм, Тавантолгойд чинь бид хувь оролцоотой байж болно биз дээ” гэх мэтийн байдлаар барьц давхар шуудаг руу, улмаар манай монгол бөхөд шинээр нэвтрээд байгаа “шахааны барьцанд” шилжинэ. Тэр завсар түүхий нефтийн экспортын татвар, тээвэрлэлтийн үнэ, нийлүүлэх тоо хэмжээ хэчнээн удаа, хаашаа савлахыг таах аргагүй.

Дэлхийн газрын тосны нөөц үндсэндээ шавхагдаж байгаа. Нийт нөөц нь цөөн хэдхэн оронд байдаг, Ойрхи Дорнодын хэдэн араб, ОХУ, Азербайжан гэсхийгээд дуусдаг. Тэгсэн хэрнээ хэрэглээ байнга өсөн нэмэгдсээр байна. Дэлхий даяар 2008 онд хоногт 84.7 сая баррель газрын тос хэрэглэж байсан бол 2030 он гэхэд 105 сая баррельд хүрэх тооцоо гарчээ. Энэ бүхэн үнийн хөөрөгдлийг үүсгэх нь гарцаагүй бөгөөд өссөөр ч байгаа. 1990-ээд оны үед нэг баррель нь 30-40 орчим ам доллар байсан бол 2008-2012 онд 150 орчим ам долларт хүрч, 4-5 дахин нэмэгдлээ. Тиймээс нефтийн бүтээгдэхүүний хэрэглээгээр гаднын буюу ОХУ-ын зах зээлээс 100 хувь хараат Монгол мэтийн импортлогч орны эдийн засагт үлэмж дарамт учруулах магадлал өндөр болж байна.

Монголын эдийн засаг тогтвортой өсөх хандлагатай байгаа. Жилийн өсөлт хоёр оронтой тооноос буухгүй гэж шинжээчид үздэг. Эдийн засаг өсөхийн хэрээр хүн амын амьжиргааны түвшин дээшилж, түүнтэй уялдаад дотоодын хэрэглээ өсдөг. Энэ нь шууд утгаараа нефтийн бүтээгдэхүүний эрэлтийг ихэсгэх болно. Тэгэхээр газрын тосны хараат байдал манай улсын эдийн засагт тун амаргүй дарамт үзүүлсээр байгаа өнөөгийн байдал цаашид ч үргэлжилж, бүр архагших зам руу мөнөөхөн 2.0 сая түүхий нефтийн гуйлга түлхэж байна бус уу.

Үүний оронд өөрийн нутгаас олборлож байгаагаа боловсруулаад эхэлчихвэл эсрэгээрээ дарамт багасах боломжтой. Гэтэл үүнээс зугтаад, бусдын гинж рүү зүтгээд байгаа Засгийн газрын байр суурийг ойлгох арга үнэхээр алга.

Нөгөө талаар газрын тосны олборлолт, боловсруулалт гэдэг бол тэр чигтээ өрсөлдөөн. Агуу том, аймшгийн ч гэж хэлж болмоор өрсөлдөөнд манай алгын чинээ боловсруулах үйлдвэр бол шүдний чигчлүүр л гэсэн үг билээ. Гэтэл түүнийгээ Дарханд барьчихаад 750 км-ийн цаадтайх ОХУ-ын Ангарскийн аварга үйлдвэртэй хүч үзэх юм гэнэ. Цэцэрлэгийн насны бяцхан сүмоч Хакүхогийн өөдөөс цүппаридахтай адил юм болно биз дээ, чааваас.

Түүнчлэн ОХУ манайд олон жилийн турш экспортолж буй нэг сая орчим тонн нефтийн бүтээгдэхүүнээсээ татгалзаж, “Танай боловсруулах үйлдвэрийг дэмжиж, түүхий эдийг нь өгье. Үйлдвэртэй болж байгаа чинь сайн хэрэг. Өөрсдөө боловсруулаад ав” гэх нь юу л бол. Манайд орж ирдэг газрын тосны үнэ Оросын томоохон олигархиудын ашиг сонирхолд үйлчилдэг гэсэн шивэр авир яриа байдаг. Жилд 1.0 тэрбум ам доллар гэдэг бол бага тоо биш. Түүнээсээ татгалзах цатгалан орос байх юм болов уу. Их л эргэлзээтэй. “Роснефть” хэмээх Монголын газрын тосны судсыг барьж байдаг том айлын эзний суудалд хэн сууж байгааг ч бодолцоход илүүдэхгүй. Тэр бол Оростоо Ерөнхийлөгчөөсөө ялимгүй доогуур ч Ерөнхий сайдаасаа дутахааргүй эрэмбэтэй хүн юм гэсэн шүү.

Энэ бүхэн ОХУ-аас жилд 2.0 сая тонн түүхий нефть авчирч боловсруулна гэсэн гэнэн төсөөлөл баримжаа муутай, байнаасаа ихээхэн хол тусаж мэдэх шалтгаантайг харуулж буй жишээ юм. Тэрчлэн газрын тосны үйлдвэрийн төөргийг төөрүүлж, буруу нутагт буурь зааж өгсөн Засгийн газрын араасаа асуулт дагуулсан шийдвэр балаг чирч болохыг нотолж буй бас нэгэн баримт мөн.

Үүний нөгөө талд яагаад чухам Японы хөрөнгө оруулалт, техник, технологийг сонгов гэсэн бас нэгэн сонирхолтой асуулт урган гарч байна. Энэ тухай дараагийн нийтлэлд өгүүлнэ.

Б.ТЭГШ

Эх сурвалж: www.mongolnews.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж