Э.Шинэбаяр: Багууд зарим нь биднээс айдаг

Хуучирсан мэдээ: 2013.03.28-нд нийтлэгдсэн

Э.Шинэбаяр: Багууд зарим нь биднээс айдаг

Монголын шайбтай хоккейчид “Challenge cup” тэмцээнд гурав дахь удаагаа оролцож анхны медалиа хүртсэн сайхан амжилт үзүүлсэн. Мөсөн талбайн спортод нэгэн шинэ хуудас нээсэн үйл явдлын дараа хоккейчид эх орондоо ирэв. Энэхүү амжилтыг гаргахад чухал үүрэг гүйцэтгэсэн шигшээ багийн дасгалжуулагч Э.Шинэбаяртай ярилцлаа.

-“Challenge cup” тэмцээнээс хүрэл медаль хүртсэнд баяр хүргэе. Тэмцээний талаар товч мэдээлэл өгөх үү?

-2008 оноос “Challenge cup” тэмцээнийг анх зохион байгуулж эхэлсэн юм. Тэмцээний цар хүрээ жилээс жилд өргөжиж оролцох орны тоо нэмэгдсэн. Манай улсын хувьд 2009, 2010, 2013 онд оролцож энэ удаа  анхны хүрэл медалиа хүртсэндээ баяртай байна. Оролцогч багуудыг зэрэглэлээр нь “А”, “В” гэсэн хоёр хэсэгт хуваасан. Ингэхдээ өмнөх тэмцээнд оролцож байсан байрыг нь харсан байгаа юм. Саяын тэмцээнд оролцсон бүх орны хоккейчидтой өмнө нь тоглож байлаа. Энэтхэг, Макао, Сингапурын багийг өмнө нь хожиж байсан. Тийм болохоор айж, сандрах зүйл байгаагүй. Харин Хонконгийн багт хожигдож байсан, энэ жил ч гэсэн хожигдлоо. Ер нь бол энэ багт дөрвөн удаа хожигдоод байна.
 
-Хонконгийн багийг хожих боломж байгаагүй юү?

-Мэдээж байсан. Ялангуяа шөвгийн дөрөвт таарч тоглохдоо өөрийн бүсэд гаргасан алдаанаас болоод хожигдсон юм. Эхлээд Хонконгууд 3:0-ээр тэргүүлж байсан ч бид оноог тэнцүүлж чадсан. Өөрсдийн алдаанаас болж нэг гоол дахин алдаад, түүнийгээ гүйцэх цаг байсангүй.

-Н.Мишигсүрэн шилдэг тоглогч болсон гэсэн байх аа?

-Алдаатай мэдээлэл гарсан байсныг сайтаас олж харсан. Манай багийн шилдэг тоглогчоор Б.Тамир шалгарсан. Мишигээгийн хувьд Кувейтийн эсрэг хийсэн тоглолтын шилдэг нь болсон юм. Үүнийг л хүмүүс буруу ойлгосон юм шиг байна лээ. Түүнээс биш бүх л тэмцээний турш Монголын хамгийн шилдэг тамирчнаар Б.Тамир тодорсон.

-Манай хоккейчид Энэтхэгийн багийг 20:0-ээр хожсон шүү дээ. Энэ нь сонирхолтой багтсан. Энэтхэг халуун орон мөртлөө хоккей тоглодог гэхээр?

-Азид 20 орчим оронд шайбтай хоккей хөгжсөн байна. Үүнээс Япон, Өмнөд Солонгос, Казахстан, Хятад, Хойд Солонгос гэсэн таван улс дэлхийн аваргын зэрэглэлд тивээ төлөөлж оролцдог Азийн топ багууд юм. Хэдийгээр энэ багууд Азийн топ гэж байгаа боловч дэлхийн топуудын төвшинд хүрэх болоогүй. Харин хоккейг тивдээ хөгжүүлэх гэж байгаа бусад орнууд “Challenge cup” тэмцээнд оролцдог. Энэтхэг ч мөн ялгаагүй. Энэтхэгт хоккейн спорт сул хөгжсөн ч манайхыг бодвол битүү ордонтой. Жилийн дөрвөн улирлын турш бэлтгэл хийгээд байх боломж нь байна. Орчин үеийн хоккей бол дандаа дотор зааланд хөгжиж байгаа юм. Энэтхэгүүд зориулалтын мөсөн талбайд бэлтгэл сургуулилтаа хийх боломжтой. Энэ нөхцөл бололцоо зөвхөн Монголд л байхгүй. Хэрвээ тэд нарт мөсөн талбайтай ордон байхгүй байсан бол энэтхэгүүд, арабууд, кувейтууд энэ тэмцээнд оролцохгүй шүү дээ. Хоккейг мэдэх ч үгүй. Энэтхэгүүдийн хувьд Делигээс жаахан хойшоо Гималайн нурууны бэлд орших Ладах гээд түвдүүд амьдардаг жижиг хотод бэлтгэлээ хийсэн байна. Энэтхэгийн шигшээ ч гэсэн ерөнхийдөө түвдүүдээс бүрдсэн. Харахад яг л монголчууд шиг. Нэр нь хүртэл Намжил, Гомбо байх жишээтэй. Энэтхэгт хоккейн спорт хөгжөөд дөрвөн жил орчим л болж байгаа юм билээ. Хэдийгээр бид гадаа тоглодог ч гэсэн хоккейн спорт манайд эрт хөгжсөн гэдгийг ойлгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, хөгжлийн зөрүү тоглолтод нөлөөлж байна л даа.



-Шигшээ багаа яаж бүрдүүлэв. Хувцас хунар, зардал мөнгөний асуудлаа яаж шийдсэн бэ?

-Монголын лигт тоглож байгаа зургаан багийн тоглогчдоос сонгон шалгаруулж шигшээгээ бүрдүүлж байна даа. Өмсгөлийн тал дээр яривал хөгжлөө дагаад харьцангуй гайгүй болсон. Өмнө нь хувцас, хэрэглэл олдохгүй их хэцүү байсан. Олон улсын хоккейн холбоо бидний цамцыг даадаг юм. Цохиур модны хувьд холбоо санхүүжүүлнэ, зарим нэг тамирчин маань өөрсдөө цохиураа авч байна. Дотор хантааз, тэшүүр зэрэг дээр бол тоглогчид маань өөрсдийнхийгөө л өмсдөг. Замын зардлыг манай холбооны ерөнхийлөгч болон “Эрдэнэт” үйлдвэрээс дэмжиж гаргасан.

-Багийн спортыг төрөөс дэмжихгүй байна гэж шүүмжилдэг. Энэ тал дээр та ямар бодолтой явдаг вэ?

-Өмнө нь бол харж үзүүлэх гээд их хичээж байлаа. Харин дараа нь улсаас зардал гаргуулаад тэмцээнд явсан мөртлөө амжилт үзүүлж чадахгүй байгаа юм чинь яаж дэмжих вэ гэж бодож эхэлсэн. Бид хүмүүсээс мөнгө гуйхдаа хүртэл ичдэг. Тэгвэл одоо хоккейгоор анхны медалиа аваад ирлээ. Монголчууд хоккей тоглож чаддаг юм байна гэсэн мессежийг спортын яамны удирдлагуудад өгч чадсан байх. Тэгэхээр одоо хүмүүсийн бодол арай өөр болно гэдэгт итгэж байна. Спортын салбарын удирдлагуудтай уулзахдаа ч саналаа хэлнэ, би. Улсаас дэмжиж байгаа спортын төрлүүд нь тогтмол амжилт гаргадаг, уламжлалт төрлүүд байхгүй юү. Тэдэн рүү хандаж хөрөнгө мөнгө хаях нь зөв. Бид тэдний зэрэглэлд хүрнэ гэдэг хэцүү. Гэхдээ тодорхой хэмжээний амжилт гаргаад эхэлж байгаа багийн спортуудыг орхиж болохгүй. Хоккейчид л гэхэд ордонтой болохыг маш их хүсч байна. Даанч нь бидний төр засагт хандсаны зоргоор ордон барьж өгнө гэдэг нь өөрөө асуудалтай.

-Хэрвээ хоккейн ордонтой болбол яах бол?

-Мэдээж тамирчдын амжилт, ур чадвар эрс дээшлэх нь ойлгомжтой. Зөвхөн хоккейн тэмцээн явуулна гээд тэр ордныг өмчлөөд байж болохгүй. Өвлийн спортын төрлийн тэмцээнийг ч явуулж болно шүү дээ. Хоккейн ордонтой боллоо гээд маркетинг, менежментийг нь сайн хийхгүй бол түүнийгээ авч явна гэдэг маш хэцүү. Тэгэхээр хоккейн холбоо биш Улаанбаатар хот нэг сайхан хоккейн ордонтой болох юм бол бид үүнийг тал талаас нь хөгжүүлж чадах юм. Хөрөнгө санхүүгийн талаас нь авч үзвэл багийн спортыг дэмжих нь асуудалтай шүү дээ. Хоккей бол маш их зардалтай спорт. Нэг тэмцээн боллоо гэхэд хоёр тэшүүрчин явуулах уу, 20 хоккейчин явуулах уу гээд эдийн засагтай ч холбоотойгоор багийн спорт дэмжлэг авч чаддаггүй байж магадгүй юм. Монголчууд багийн спортод харилцан ойлголцож чадахгүй гэсэн хүмүүсийн яриа бага багаар алга болно байх. Сагсчдын, волейболчдын, хөлбөмбөгчдийн, хоккейчдын гаргасан амжилт бол үүний тод жишээ.

-Тэмцээнд оролцох бэлтгэлээ хаана, яаж хийв?

-Хоёрдугаар сарын сүүлчээр хоккейн лиг дууссан. Үүний дараа 7-10 хоног тамирчдаа амраасан. Амралт нь дуусч, цугларалтад гараад бэлтгэл хийх гэсэн чинь гадаа мөс хайлаад дууссан. Тэгэхээр нь тус тусдаа хувийн бэлтгэлээ хийж бай гэж хэлээд тэмцээнд явахаас дөрөв хоногийн өмнө гурван удаа заалны хоккей тоглолоо. Бага зэрэг төстэй байсан учраас бэлтгэл хийсэн. Түүнээс биш манай хоккейчид лигийн тэмцээний формоороо л “Сhallenge cup”-т оролцсон. Угаасаа тамирчин байнгын бэлтгэлтэй байх ёстой. Манайхан чинь бүгд сонирхогч тамирчин учраас удаан хугацаагаар бэлтгэл хийх боломж хомс. Яагаад гэвэл тэд чинь ар гэртээ тодорхой хэмжээний үүрэг хүлээсэн учраас ажлаа хийх ёстой. Ажлаа хийхгүй бол цалин авахгүй. Хэрвээ улсын шигшээ багт ороод цалингаа улсаас авдаг бол хамаагүй, хэдэн ч сараар бэлтгэл хийж болно. Ер нь яриад байвал зовлон их бий.

-Манай хоккейчид хүчний тоглолт хэр их гаргадаг вэ. Энэ талын бэлтгэл хийдэг үү?

-Саяын тэмцээн дээр л гэхэд манайхаас өөр хүчний тоглолт гаргадаг баг байхгүй. Үнэнийг хэлэхэд зарим нь манай багтай тоглохоос айдаг. Угаасаа мөргөлдөх, хааяа зодолдох зэрэг нь спорт сонирхогчдын анхаарлыг их татдаг. Эр хүний спорт гээд л ярьж байна. Харин одоо бол үзэгчид гоё хууралт, гоё цохилт, гоё мөргөлт зэргийг л үздэг болсон. Саяын тэмцээн дээр л гэхэд манай тамирчин Б.Цэрэнбалжир Тайландын эсрэг тоглолтын үеэр нэгийг нь мөргөсөн. Гэтэл өнөөх нь гэмтээд, манай тамирчин буруу мөргөлт хийсэн гээд гурван тоглолтод оролцохгүй байх шийтгэл хүлээсэн. Ер нь сүүлийн үед хоккейн дүрэм чангарч байна. Манайхан хоккейн мэргэжлийн лигт тоглодог хүмүүс шиг жин ихтэй биш юм аа гэхэд хөлийн тэнцвэр, биеийн хөгжил сайтай учраас хэр баргийн хүнд цохиулаад, мөргүүлээд унахгүй. Уналаа гэхэд гайгүй. Дээрээс нь манай хоккейчид янгууч биш дайчин чанартай.

-Монголчууд лигээ гадаа талбайд зохион байгуулдаг. Гэтэл сая битүү дээвэртэй ордонд тоглолоо. Ямар ялгаа байна вэ?

-Маш их бий. Бид крантны усаар талбайгаа услаад л тоглож байна. Гэтэл тэнд усандаа тусгай бодис хэрэглэдэг. Хоккейн мөсөн талбай байгуулна гэдэг бол том шинжлэх ухаан юм. Тайландад тоглолтын өмнө бэлтгэл хийгээд, гүйгээд, тодорхой хугацаанд амрах боломжтой. Харин манайд тийм  боломж байхгүй. Тоглолтын хувьд гэвэл яг талбай дээр тоглож байхад хэдэн цаг ч өнгөрсөн даардаггүй. Талбайн хувьд яривал дэндүү хол зөрүүтэй. Бидний тоглож байгаа мөсөн талбай л гэхэд овгор товгор, ан цав гарах нь энүүхэнд. Тэгээд л нөгөөх дээрээ хаанаас ч хамаагүй ус авчраад асгаад хөлдөөж байна. Гэтэл Тайландын хоккейн ордны мөсөн талбай бол тэгшхэн гөлгөр. Шайбаа хаяхад яг л нэг замаараа гулсдаг.

-Шайб, цохиур зэргээ хаанаас авч байна вэ?

-Хуучин бол олддоггүй байлаа. Харин одоо бол Монголд бүх юм байна. Хамгийн гол нь үнэтэй л дээ. Өмнө нь бид Оросын цохиураар тоглодог, тэр нь амархан хугардаг. Харин одооных бол яагаад ч хугарахгүй. Нэг цохиур мод 300 ам.долларын үнэтэй байна шүү дээ. Үнэтэй байхынхаа хэрээр чанартай байна гэсэн үг.

-Дээхнэ үед хоккей тоглохдоо цохиураа лентээр ороодог байсан. Одоо ороож байгаа юу?

-Ороодог. Өмнө нь бид цаг хэцүү байхад зүгээр л машины хар лентээр ороож байсан шүү дээ. Харин одоо зориулалтын ленттэй болсон. Гадаадаас захиаллаа гэхэд богино хугацаанд ирж байна. Мөнгө нь л байвал бид юуг ч хаанаас ч богино хугацаанд худалдан авах боломжтой.

-Ингэхэд манайд хоккейн секц гэж байдаг уу?

-Хоккейн секц гэж яг одоогоор алга. Ер нь бол боломжтой л гэж боддог. Гэхдээ битүү дээвэртэй ордонтой болсон цагт шүү дээ. Гадаа талбайд бэлтгэл хийх гэхээр мөс нь маш хатуу. Тэгээд унавал бэртэх аюултай. Мөсөн дээр нэг удаа хүчтэй унасан хүүхэд дахиад тэр талбайдаа гарахаас зүрхшээдэг тал бий. Уг нь бол хичээллэх сонирхолтой хүүхэд их байдаг.

Б.МӨНХЗУЛ

Эх сурвалж: “СПОРТЫН ШУУДАН” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж