
-Сүүлийн үед Засгийн газраас сайтуудын сэтгэгдэлд хориг тавьж, хэрэглэж болохгүй 700 гаруй үгийн жагсаалт баталсан талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр шуугиж байна. Үнэхээр албан ёсоор тэгж хорьсон зүйл байгаа юу?
-Монгол Улсын Ерөнхийлөгч аливаа завхарлыг эрс шүүмжилж байгаа шүү дээ. Та бүхэн мэдэж байгаа байх. Засгийн газрын хуралд хүртэл оролцож, үг хэлж, байр сууриа тодорхой илэрхийлсээр ирсэн. Засгийн газраас сайтуудын сэтгэгдэлд хэрэглэж болохгүй гэж 700-гаад үгийг хорьсон талаар хүмүүс шүүмжилж байна. Миний олж мэдсэнээр тэр 700 гаруй үгийг хорино гэдэг нь гурван жилийн өмнө Харилцаа холбооны зохицуулах газраас гаргасан шийдвэр байсан гэж ойлгосон.
Уг нь цахим сайтууд өөрсдөө сэтгэгдэл хянах ажлаа зохицуулаад үнэхээр хүний нэр төрд халдсан, гүтгэн доромжилсон байвал бие дааж шийдвэрлэж байхаар тохирсон юм билээ. Үйлдвэр хэчнээн сайн ажиллаж байсан ч зарим нэг хариуцлагагүй хүнээс болж гологдол бүтээгдэхүүн гардаг. Үүнтэй адил дээрэс хэчнээн сайн хууль, шийдвэр гарсан ч дунд, доод шатанд хэрэжүүлэхдээ алдаа гаргаад байх юм. Түүний нэг жишээ нь энэ сэтгэгдлүүдэд үг хориглох тухай асуудал.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд хэрэв урьд нь тодорхой үг хорих шийдвэр гарч байсан бол цуцал. Хэрэв одоогийн Засгийн газар энэ байр суурийг хэвээр барьж байгаа бол мөн л цуцалж Харилцаа холбооны зохицуулах газрын удирдлагатай хариуцлага тооцох ёстой гэсэн. Засгийн газар үүнийг анхааралдаа авсан байх аа.
-Сурталчилгааны самбаруудыг буулгаад эхэллээ. Сая Өвөрхангай явах замд Нисэх орчмоор самбарууд буулгасан байсныг хараад Ерөнхийлөгч эмзэглэсэн тухайгаа хэлж байсан?
-Энэ талаар Ерөнхийлөгчийн байр суурь маш тодорхой. Хотын удирдлагыг дуудаж үүрэг чиглэл өгсөн. Хотын төвийн гол гол тойрог, уулзварууд дээрх үзэгдэх орчныг хязгаарласан, замын хөдөлгөөний аюулгүй байдалд саад учруулж болох самбаруудыг буулгаж байгаатай санал нэг байгаа. Харин энэ ажлыг хэт туйлшруулж, анхны зорилгыг нь завхруулж, Нисэхийн замд хүртэл самбар буулгасан нь иргэдийн эрх ашгийг хөндсөн ноцтой алдаа гэж үзсэн. Иргэдийнхээ хувийн өмчид төр ингэж эрээ цээргүй халдаж, зарим нэг албан тушаалтнууд нугалаа гаргасныг Монгол Улсын Ерөнхийлөгч сайшаахгүй.
Ер нь ч тэгээд Улаанбаатар маань гандирсын төгс хот болж, хог шорооноосоо бүрэн салчихаагүй байхад хотын өнгө төрх болсон мэдээллийн самбаруудаа нураагаад хаячихвал ямар бараан, хэчнээн дүнсгэр харагдах билээ дээ. Хот үүнд арга хэмжээ авна гэсэн.
-Саяхан Төрийн тэргүүн Өвөрхангай аймгийн Бүрд суманд ажиллаж багийн Иргэдийн нийтийн Хуралд оролцлоо. Өөр аймаг, суманд очих уу?
-Монгол Улсын Ерөнхийлөгч хаваржилт хүндэрч байгаа Дорнод аймгийнн хаваржилтын асуудлаар Хүнс, хөдөө аж ахуйн сайдтай уулзаж ярилцаж газар дээр нь биечлэн очиж асуудлыг шийдэх чиглэл өгсөн. Энэ нь Засгийн газрын ажил боловч нөгөө талаас Ерөнхийлөгчийн байнга анхаарч ирсэн асуудал л даа.
-Саяхан Завханд цэргийн ангийн захирагч архи ууж цэргүүдээ жагсааж дэглэснээс болоод ажлаасаа халагдсан байна. Үүнийг хэрхэн үзэж байгаа вэ?
-Тийм. Завхан аймаг дахь 325 дугаар ангийн захирагч, хурандаа Ч.Болдбаатар гэдэг хүн халамцуу гарч ирж цэргээ жагсааж сандаргасан юм билээ. Ийм хүнд цэрэг захирах ёс зүй болоод мэргэжлийн үнэлэмж байх ёсгүй. Энэ талаар мэдээ авсан даруйдаа Монгол Улсын Ерөнхийлөгч Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийнхаа хувьд холбогдох байгууллагад нь үүрэг өгч ангийн захирагчийг халахыг тушаасан. Архи ууж согтуурсан цэргийн даргыг нэг цагийн дотор үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна лээ.
-Монголын хип хопын холбооны тэргүүн Баавар шатаж түлэгдсэн ньолон нийтийн дунд шуугиан тариад байна. Зарим эх сурвалж Баавар өөрийгөө шатаасан гэж, зарим нь гаднын нөлөөтэй гэж үзэж байгаа. Энэ тал дээр та ямар байр суурьтай байгаа вэ?
-Миний байр суурь гэхээсээ Ерөнхийлөгчийн байр суурийг хэлэх ёстой. Мэдээж хэрэг, эрдэнэт хүний амь нас, эрүүл мэнд ямар үнэ цэнэтэй билээ. Хэдийгээр гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа ч гэсэн Монголын төр иргэнийхээ эрүүл мэнд, амь насны төлөө ямагт санаа тавьдаг байх ёстой. Хууль хяналтын байгууллага энэ асуудлыг нарийн нягт шалгаж байгаа гэсэн. Гол нь тэр хүнийг шатаж байх үеийн камерын бичлэг байх ёстой. Гал гарах үед яагаад тэр хүнд тусалсангүй вэ. Хэрвээ камерын бичлэг хийгдээгүй бол яагаад. Техникийн саатал байв уу. Эсвэл ерөөсөө бичлэгийг устгасан уу.
Альч тохиолдолд энд хууль хэрэгжүүлэх байгууллагын хариуцлагын асуудал гарч ирнэ. Нөгөөтэйгүүр хэрвээ хохирогч биедээ гал гаргах зүйл авч орсон бол яагаад түүнийг нь шалгалгүй нэвтрүүлэв гэсэн асуулт гарна. Энэ бол аль ч утгаараа хариуцлагын асуудал.
Ингэж хууль завхруулж, иргэдийг эрүүл мэндээр нь хорхироож, амь насыг нь хутганы ирэн дээр аваачиж буй албан тушаалтнуудтай хатуу хариуцлага тооцох нь зөв гэж Ерөнхийлөгч хэлсэн.
Дахиад хэлэхэд Монгол Улс хуультай орон. Тэр хуулийг завхруулсан хэн ч байсан зохих ёсны шийтгэлээ хүлээдэг байх ёстой. Энэ бол Төрийн тэргүүний байр суурь.
