Сэтгүүлзүйн 100 жилийн ойн өдөрт Харилцаа холбооны зохицуулах хорооноос зориулан барьсан гэнэтийн бэлэг нь “Шонхор”, “Music box”, “Монсинема”, “MBO”, “MDC”, “Соёмбо”, “ITV”, “ZMS” гэх есөн телевизийн үйл ажиллагааг хааж, эфирийг зогсоох шийдвэр байлаа. Үнэхээр бидний техник тоног төхөөрөмж хангалтгүй байгаа. Гэхдээ бидэнд зах зээлийнхээ зарчмаар дампуурах эрхийг минь үлдээгээч гэж гуйсан ч телевизийг нь хаав. Анх телевиз байгуулахын тулд Харилцаа холбооны зохицуулах хороотой гэрээ байгуулж, тоног төхөөрөмжүүдээ үзлэгт оруулж байж зөвшөөрөл авдаг. Гэтэл шалгаж зөвшөөрлийг нь олгосон хэрнээ, хэсэг хугацааны дараа шаардлага хангахгүй, “хаана, цуцлана” гэдэг нь байж боломгүй авир. Эхнээсээ л шаардлага хангахгүй байна гээд нээх эрхийг өгөхгүй гэвэл өөр хэрэг. Угтаа бол хэний амнаас юу ч гарахыг хориглох шаардлагагүй атал Засгийн гар орж ирээд чи дуугарах эрхгүй гэх нь даанч утгагүй. Тэрслүү үг байтугай, бурхан гаргана уу, чулуу гаргана уу өөрсдийнх нь хэрэг. Үнэхээр дуу, дүрс муу шаардлага хангахгүй бол үзэгчид өөрсдөө тэр телевизийг чинь үзэхээ больчихно. Сувгаа сольчихно. Аяндаа хүмүүсийн үздэггүй телевизэд сурталчилгаа өгөх газар олдохоо больж жинхэнэ утгаараа хаагдана.
Өнгөрөгч нийгмийн үе, урьд урьдын засгийн үед цаасан дээрх өсөлт, амьдрал дээр бууж ирдэггүй “заншил” бий болоод байв. Гэтэл шинэчлэлийн засаг маань цаасан дээрх өсөлтөд илүүтэйгээр итгэхийг хүсч, мөн л урам хугалав. Шинэчлэлийн Засгийн газраас халамж хүлээсэн хүн бараг байгаагүй нь шийдэмгий зоримог бодлого явуулах боломжийг нь бүрдүүлж байв. Энд тэндгүй бүтээн байгуулалт өрнөж, үйлдвэрлэл эрчимжиж, зуу зуун километрээр нь зам тавигдах байх гэж бодсон ч бүх ажил өмнөх хэмнэлээр… Хэлэлцэж, төлөвлөж, хуралдана. Эцэст нь мөнгө санхүү нь тэнд энд очоод гацчихсан тухай яриа гараад л өнгөрнө. Гэхдээ цаасан дээрх үр дүн мэдээж эерэг. “Инфляци 14 хувьтай гарлаа. Хэрвээ арга хэмжээг аваагүй бол инфляци 18-19 хувьтай гарахаар урьдчилсан тооцоо байсан. Бид арга хэмжээ аваагүй байсан бол бензиний үнэ 200 гаруй төгрөгөөр нэмэгдэх байсныг 50 орчим төгрөгт барьсан” гэх мэтийн үр дүнг л танилцуулав. “Атамануудад зодуулахгүйн тулд хамгаалагч хөлслөхөд тэр нь хамгаалж чадахгүй хамтдаа зодуулчихаад, намайг байгаагүй бол над дээр буусан буулт бүр чам дээр буух байсан шүү. Ингэхээр би хэрэг болсон биз” гэдэгтэй бараг адил. Нүдэнд харагдах, биеэр мэдрэх үр дүн үзүүлээд орхи. Цаасан дээрх тоо хэрэггүй. Би бага зодуулахыг бус, огтхон ч зодуулахгүй байхыг хүсч байна. Хэрэв ингэж чадахгүй бол хамгаалагч гээд байхын хэрэг ч алга.
“Тэр онгорхой суудлыг хар. Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн суудал. Үндсэн хуулийн цэцийн гишүүний шаардсан тайлбарыг хугацаанд нь гаргаж өгөх үүрэгтэй. Гэтэл Засгийн газар ҮХЦ-ийг үл хүндэлж байна Цэц байгуулагдсанаас хойш хорь гаруй жилийн хугацаанд УИХ, ЗГ, Ерөнхийлөгч, СЕХ ч гэдэг юм уу ямар албан тушаалтан цэцэд итгэмжлэгдсэн төлөөлөгчөө томилж явуулдаггүй, тайлбар өгдөггүй зүйл гарч байгаагүй” гэж Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанаа бухимдав. Хорин жилийн практикт байгаагүй зөрчил гаргасан хүн нь Ерөнхий сайд Н.Алтанхуяг. Анхнаасаа илт хууль бус томилгоо хийчихээд алдааг нь хэлэлцэх цэцийн хуралдаан болохоос арван хэдэн цагийн өмнө хүчингүй болгосон нь энэ. Ийнхүү Хөвсгөл, Дорнод зэрэг аймагт Засаг даргын түр үүрэг гүйцэтгэгч томилсон захирамжаа Үндсэн хуулийн цэцээр хэлэлцэхийн өмнөх өдөр хүчингүй болгосон юм. Гэтэл үүгээр дууссангүй. Тагнуулын ерөнхий газрын дэд даргаар Б.Ариунсанг томилсон Н.Алтанхуяг сайдын захирамж дахин маргаан дэгдээв. Цэцийн хуралдаан болохоос мөн л нэг хоногийн өмнө шийдвэрээ хүчингүй болгов. Энэ бүхнээс, Засгийн газар маань шийдвэр гаргахдаа хуулинд тулгуурлах ёстойг мэддэггүй юм биш биз гэж эргэлзэхэд хүргэв. Өдөр тутмын энгийн томилгооны асуудалд ингэж хандаж байгаа юм чинь, өндөр хэмжээний гэрээ хэлцэл, өөр чухал асуудлыг яажшуухан хийж буй бол гэж бодоход бэрх болгов. Ямар албан тушаалд ямар шаардлага болзол хангасан хүн байх ёстой гэх хуулийн шаардлагыг биш, хэний хүн, хаана очих вэ гэх улс төрийн шаардлагийг нэгд тавихаа болихгүй бол ч…
Хуулийг хэрэгжүүлэх үүрэг Засгийн газарт бий. Ядаж чадахгүй бол зөрчихгүй байж болмоорсон. “Ардын намынхныг бялдуучлагчид ийм арчаагүй болгочихсон. Одоо ч тэр нь эрх баригчдад харагдаад байна. Ядаж байхад өнөөх Ардчиллынхан нь яасан ч бөгсөө долоолгох дуртай юм” гэх үг ч ортой л үг шүү.
Биднийх биш ч бидний эрх мэдэлтнүүдэд хэрэгтэй гадны сургаалийг санах ёстой мэт. Япон настнууд эрх мэдэлтэй, хүч чадалд хүрч буй идэр залуустаа “цагаан будааны онол”-оо сануулдаг. “Ургах тусам бөхийдөг юм шүү” гэж. Ургаж амжаагүй байж бөхийхийг ч хүсэхгүй байгаа Засгийн газар бүр элгээрээ хэвтэх вий.
Эх сурвалж: “NEWSWEEK” сонин №004