Москвад саатсан зорчигчдыг авчирчээ

Хуучирсан мэдээ: 2013.03.27-нд нийтлэгдсэн

Москвад саатсан зорчигчдыг авчирчээ

МИАТ ХК-ийн Берлин-Москва-Улаанбаатарын чиглэлд нисч байсан онгоцонд гэмтэл гарч, зорчигчид хоёр хоногийн турш Москвагийн “Шереметьево” буудалд хоног төөрүүлэхэд хүрсэн. Энэхүү гэмтэл саатал ямар учир шалтгаантай болоод нислэг саатсанаас иргэдэд нөхөн төлбөр олгосон эсэх талаар мэдээллийг тодрууллаа.

МИАТ компанийн хэвлэлийн албаны мэдээлэлд,

– 2013 оны гуравдугаар сарын 24-ний өдөр Берлин-Москва-Улаанбаатарын чиглэлийн  ОМ 136 дугаар  аялал техникийн болон цаг агаарын шалтгаанаар хоёр хоног саатсан. Москва хот дахь Шереметьево-2 олон улсын нисэх буудалд нислэгийн өмнөх техникийн үзлэг хийх явцад Боинг 737-800 агаарын хөлгийн үндсэн дөрвөн дугуйны нэгнийх нь  хий суларсан байсан. Үйлдвэрлэгчээс гаргасан техник үйлчилгээний зааврын дагуу хий суларсан дугуйг солих шаардлагатай байдаг тул Улаанбаатар хотоос нөөц дугуйг гуравдугаар сарын 25-ны өдөр Аэрофлот компанийн СУ 331 дугаарын нислэгээр тээвэрлүүлсэн боловч ОХУ-ын гаалийн  дүрэм, үйл ажиллагаанаас шалтгаалан уг дугуйг гаалийн агуулахаас авч чадаагүй. Үүнээс болж дугуй солих үйл явц удаашрах нь тодорхой болсон тул  “Шереметьево”  олон улсын нисэх буудалд байгаа зорчигчдыг МИАТ ХК-ийн удирдлагын  шийдвэрээр гуравдугаар  сарын 26-ны 19:30 цагт Улаанбаатараас тусгай нислэг гарган, өнөөдөр 10:30 цагт Улаанбаатарт авчирлаа. Москва хот дахь МИАТ компанийн төлөөлөгчийн газар уг нислэгийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагаа, зорчигчдын тав тухыг хангахын тулд зохих дүрэм журмын дагуу шаардлагатай бүх арга хэмжээг авч байсны дээр зорчигчдод нислэгийн саатлын нөхөн төлбөрийг бэлнээр олгосон. Цаашид ч нислэгийн сааталтай холбоотойгоор зорчигчдын гомдлыг хүлээн авч, түргэн шуурхай барагдуулах  болно” гэжээ.

Д.ЦЭЭНЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж