Зээлийн 60 хүртэлх хувьд батлан даалт гаргана

Хуучирсан мэдээ: 2013.03.27-нд нийтлэгдсэн

Зээлийн 60 хүртэлх хувьд батлан даалт гаргана

Зээлийн батлан даалтын сан өнгөрсөн оны сүүлчээр байгуулагдсан. Тус сан Төрийн банктай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зураад хэдхэн хонож байна. Ийн сан болон банк хамтарснаар жижиг дунд үйлдвэрлэгч нарт олон сайхан боломж нээгдэж байгаа. Гэвч зарим хүмүүс огт барьцаагүйгээр зээл авах нь хэмээн буруу ташаа ойлгосон нь бий. Тиймээс бид Зээлийн батлан даалтын сангийн гүйцэтгэх захирал Ш.Алтанхуягаас зарим зүйлийг тодрууллаа.

-Зээлийн батлан даалтын сан гэхээр хүмүүс бизэест тулгардаг бүхий л эрсдлийг даах юм шиг ойлгож байна. Тэгэхээр та сангийнхаа тухай танилцуулна уу?

-Манай сан бол Монгол улсын “Зээлийн батлан даалтын сангийн тухай” хуулийн дагуу 2012 оны арваннэгдүгээр сарын 06-ны өдөр үүсгэн байгуулагдсан. Сангийн үүсгэн байгуулагч нь Монгол Улсын Засгийн газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо юм. Зээлийн батлан даалтын сан нь банк, санхүүгийн байгууллагаас зээл авахыг хүссэн боловч зээлийн барьцаа хөрөнгө нь дутагдалтай байгаа жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд зээлийн батлан даалт гаргах үйл ажиллагааг эрхэлнэ.

-Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг л дэмжих бодлого барина гэсэн үг үү?

-Тийм. Манай сан нь шуурхай, ил тод, найдвартай үйлчилгээгээр Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, улмаар Монгол улсын эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулах зорилготой ажилладаг байгууллага. “Жижиг, дунд үйлдвэрийн тухай” хуулинд жижиг, дунд үйлдвэр эрхлэгч гэсэн тодорхойлолтод хамрагдаж байгаа бол манай сангаас зээлийн батлан даалт гаргуулж болно.

-Зээл авах хүсэлтэй хүмүүс танай Санд хүсэлтээ яаж гаргах вэ?

-Зээлийн батлан даалтын сан нь зээл олгодоггүй. Тиймээс үйлдвэрлэл эрхлэгчид сантай гэрээ байгуулсан арилжааны банкинд хандан зээл авах хүсэлтээ гаргана. Тухайн банкны тавьж буй шаардлагыг хангасан атлаа барьцаа хөрөнгө дутагдалтай бол батлан даалтанд хамрагдах нөхцлийг хүлээн зөвшөөрч хүсэлтээ гаргаснаар хамрагдаж болно.

-Орон нутгийн жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид батлан даалтын үйлчилгээг хэрхэн авах вэ?

-Орон нутгийн жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид өөрийн бизнес эрхэлж байгаа орон нутагт байгаа Сантай гэрээ байгуулсан банкны салбарт хандан хүсэлтээ гаргана.

-Сангаас батлан даалт гаргуулах жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид ямар шалгуур хангасан байх вэ?

-Сангийн батлан даалттайгаар банкнаас зээл авахыг хүссэн жижиг, дунд үйлдвэр эрхлэгч нь арилжааны банкны зээл олгох нөхцөл, шалгуурыг хангасан, хүссэн зээлийнхээ 40 хувиас багагүй хэмжээний барьцаа хөрөнгөтэй, батлан даалт гаргуулах хүсэлт гаргасан байна.

-Батлан даалтын дээд, доод хэмжээ хэд байх вэ, ямар төрлийн зээлд батлан даалт гаргах?

-Сангаас гаргах нэг удаагийн батлан даалтын дээд хэмжээ нь тухайн зээлийн 60 хүртэл хувь байх ба 250 сая төгрөгнөөс хэтрэхгүй байна. Батлан даалт гаргах доод хэмжээнд хязгаарлалт заагаагүй. Батлан даалт нь эргэлтийн хөрөнгийн, хөрөнгө оруулалтын, бичил зээлийн гэсэн төрөлтэй байна.

-Танай сан хичнээн банк, санхүүгийн байгууллагатай хамтран ажиллаж байгаа вэ?

-Одоогоор Төрийн банк”-тай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурж, хамтын ажиллагааг эхлүүлээд байна. Дараагийн хамтран ажиллах санал ирүүлсэн банкнуудаас сонгох судалгааны ажил хийгдэж байна.

-Зээлийн батлан даалт гаргасны төлөө жижиг дунд үйлдвэр эрхлэгчээс ямар нэгэн төлбөр авах уу, хувь хэмжээ нь ямар байх вэ?

-Зээлийн батлан даалтын сан нь үйлчилгээ үзүүлсний хураамж, гаргасан батлан даалтын шимтгэл авна. Үйлчилгээний хураамж нь 10.000 /арван мянга/ төгрөг байна. Үйлчилгээний хураамжийг батлан даалт гаргуулахыг хүссэн жижиг дунд үйлдвэр эрхлэгч нь арилжааны банкинд батлан даалт гаргуулах хүсэлт гаргахдаа нэг удаа төлнө. Батлан даалтын шимтгэл нь гаргуулж буй батлан даалтын хугацаанаас хамаарч батлан даалтын хэмжээнээс шалтгаалан 1-3 хувиар тооцож төлнө. Батлан даалтын шимтгэлийг батлан даалт гаргуулахыг хүссэн жижиг, дунд үйлдвэр эрхлэгч нь Сангаар батлан даалт гаргуулахдаа олгох зээлээс суутгуулна. Эдгээр нөхцлийг батлан даалт хүсэгч зөвшөөрсөн байх учиртай.

-Хураамж, шимтгэл авна гэхээр ашгийн төлөө байгууллага гэсэн үг үү?

-Батлан даалтын сан нь “Зээлийн Батлан Даалтын Сангийн тухай” хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа ашгийн төлөө бус байгууллага юм. Дээрх хураамж, шимтгэл нь үйлчилгээ үзүүлсний л төлбөр бөгөөд энэ санг тогтвортой, удаан хугацаанд ажиллуулах эх үүсвэр юм.

-Танай сангийн мэдээллийг хаанаас авч болох вэ?

-Манай батлан даалтын сан  Чингэлтэй дүүргийн тавдугаар хороонд байрлах “Оранж плаза”-гийн  305, 306 тоотод байрлаж байна. Мөн  7011-0057, 7011-0058 тоот утсаар холбоо барьж болно.

Д.ЦЭЭНЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж